...
...

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр 20 аймагт ажиллав

 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр болон холбогдох баг бүрэлдэхүүний хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгуудад ажилласнаар нийт 20 аймгийн салбар зөвлөлтэйгөө уулзалт зохион байгуулаад байна. Булган аймаг нь шүлхийн хорио цээрийн дэглэмтэй байгаа тул хараахан тус аймагт ажиллаагүй бөгөөд хөл хориог цуцалсан дариуд ажиллахаар төлөвлөж буй. МСНЭ-ийн удирдлагууд салбар зөвлөлийн уран бүтээлчидтэй уулзалт хийж, шинэ бүтэц, зохион байгуулалт, бодлого, ажлын албаны тухай танилцуулж, хөдөө орон нутагт төдийгүй хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, чиглэл өгч ажиллалаа.

МСНЭ-ээс аймгуудын салбар зөвлөлүүдтэйгээ хамтран дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. МСНЭ-ийн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийх, цахимжуулах, сумдад гишүүдтэй болох, сумын нийгмийн ажилтан, мэргэжилтнийг сэтгүүлчийн ажилд сургах, дотоод болон гадаадад сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эвлүүлэгч, зураглаач, график дизайны сургалтуудыг орон нутгийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулна. 

Мөн Монгол Улсад сэтгүүл зүйн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийх ажлын талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдэд танилцуулга мэдээлэл хүргэсэн. Ойн хүрээнд "Бүтэн монгол бичиг” цахим хөдөлгөөнийг өрнүүлэх, Редакторуудын улсын зөвлөгөөнийг зохион байгуулах, Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг зохион байгуулах, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Чадварлаг сэтгүүл зүй” цуврал сургалт, төрөлжсөн хэлэлцүүлэг, хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Хараат бус сэтгүүл зүй – Үндэсний форум”, ЮНЕСКО-оос зарласан "Олон улсын мэдэх өдөр”-т зориулсан өдөрлөг, Орон нутгийн салбар зөвлөлүүдийг дэмжих, чадавхжуулах зэрэг ажлууд багтсан байна.

Мөн 16 давхар "Сэтгүүлч ордон” барих, сэтгүүлчдийн 1000 айлын орон сууц барих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон талаар орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. МСНЭ-ээс салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэтгүүлч уран бүтээлчдийн ажиллах нөхцөлийг хангах үүднээс 20 аймгийн салбар зөвлөлд тус бүрт нь компьютер, принтер гардуулж өгсөн төдийгүй бүх салбар зөвлөлүүдэд сандал, ширээ олгох юм.

Аймгуудын салбар зөвлөлүүдийг өдөр тутмын үйл ажиллагаа явуулах оффисын өрөөгөөр хангах ажлыг МСНЭ-ийн удирдлагууд газар дээр нь шийдвэрлэж, одоогийн байдлаар МСНЭ-ийн салбар зөвлөлүүдийн олонх нь өрөөтэй болжээ.

Дашрамд дуулгахад, МСНЭ-ээс энэ сарын 16 – 19-ний өдрүүдэд Эрдэнэт хотод "Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-ыг зохион байгуулна. 

 
МСНЭ-ийн Ажлын алба
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ