Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр бол зөвхөн Оросын ард түмний төдийгүй, даян дэлхийн хүмүүн төрөлхтөний агуу их баярын өдөр гэхэд хилсдэхгүй. Фашистын Герман болон түүний холбоотнуудын эсрэг 1941-1945 оны хооронд хийсэн Зөвлөлтийн ард түмний баатарлаг тэмцэл тэдний ялалтаар төгссөн билээ.
Агуу их Эх орны дайн 1941 оны зургадугаар сарын 22-ны үүрээр эхэлж, фашистын Герман 1939 онд байгуулсан гэрээгээ зөрчин ЗХУ руу довтолсон бөгөөд түүний талд Румын, Итали, Словак, Финлянд, Унгар, Норвеги улсууд хамтран оржээ.
Дайн дөрвөн жилийн турш үргэлжилж, хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том гамшигт тулаан болж үлдсэн юм. Баренцевын тэнгисээс Хар далай хүртэлх өргөн фронт дээр хоёр талаас 8-12 сая хүн оролцсон тулаан өрнөж, 5,7-20 мянган танк, техник, 84-163 мянган их буу, миномет, 6,5-18,8 мянган байлдааны онгоцууд тулалдаж байжээ.
1941 оны Октябрийн баяр гэхэд, ЗХУ-ыг бүрэн эзэлж, Москвагийн Улаан талбай дээр ялалтын парадаа хийнэ хэмээн тооцоолж байсан фашистын Германы “Цахилгаан дайны төлөвлөгөө” гэгч удалгүй нуран сүйрч, Москвад 22 км тулж ирсэн тэднийг Зөвлөлтийн баатарлаг ард түмэн зогсоож, хөөж чадсан билээ.
Зөвлөлтийн дайчид Москва, Сталинград /одоогийн Волгоград/, Ленинград /одоогийн Санкт-Петербург/ хотуудын дэргэд болон Кавказ, Курскийн цүлхэн, Украин, Белорусс гээд олон фронт дээр фашистын Германыг бут ниргэсэн юм.
Дайн үргэлжилсэн дөрвөн жилийн хугацаанд ЗХУ-ын Зэвсэгт хүчин фашистын 607 дивизийг устгаж, Дорнод фронт дээр Германы дайчид болон түүний холбоотнууд 8,6 сая хүнээ алдаж, бүхий л зэвсэг техникийнхээ 75 хувийг устгуулж олзлуулсан байна.
Зөвлөлтийн бүх гэр бүлд ямар нэгэн хэмжээгээр гамшиг эмгэнэл авчирсан дайн ЗХУ-ын ялалтаар өндөрлөж, фашистын Герман 1945 оны тавдугаар сарын 8-нд Берлиний дэргэд үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурсан юм. Харин энэ өдөр Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний өдөр байсан учраас Европ, Орост хоёр өөр өдөр Ялалтын баярыг тэмдэглэдэг аж.
Тавдугаар сарын 9-ний тэмдэглэлт өдрөөр Оросын олон хотуудад цэргийн жагсаал явагддаг бөгөөд Москвагийн Улаан талбай дээр болдог сүрт жагсаалыг дэлхий дахинаа сонирхон үзэж, оросын баатарлаг ард түмнийг бахдан хүндэтгэдэг юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn