...
...

Трамп, Ким Жон Ун нарын уулзах газраар Сингапурыг сонгожээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзах газраар Сингапурыг сонгосон тухай Цагаан ордны төлөөлөгч мэдээлсэн байна. Тус улс төвийг сахисан, аюулгүй гэсэн үүднээс сонгогдсон аж.

Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт “сунгагдах боломжтой нэг өдөр” хугацаанд үргэлжлэх юм байна.

Цагаан ордны хэвлэлийн дэд дарга Раж Шахын мэдээлснээр, Дональд Трамп, Ким Жон Ун нар хэлэлцээрээ зөвхөн өөрсдөө нүүр тулж, эсвэл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэжээ. Дээд хэмжээний уулзалтын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж хараахан эцэслээгүй байгаа бололтой.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хоёр ч удаа Хойд Солонгосыг зорин, Ким Жон Унтай уулзсан аж. Ингээд Пхеньянд хийгдсэн хэлцлүүдийн үр дүнд Хойд Солонгост бараг хоёр жил хоригдоод байсан солонгос гаралтай АНУ-ын гурван иргэнийг сулласан байна. Тэд төрийн нарийн бичгийн даргын хамтаар Америк руу эргэн иржээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 10-нд буюу өчигдөр өөрийн твиттер хуудаснаа Ким Жон Унтай хийх уулзалт нь ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт болно хэмээн бичсэн байна.

Үүнээс өмнөхөн буюу энэ сарын 22-нд Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ийг Вашингтонд хүлээн авч уулзана.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ