...
...

МОНГОЛ БАНК: Нээлттэй захидал

Ардчилсан намаас Монголбанкны үйл ажиллагаа, банк санхүүгийн салбарын үзүүлэлтүүдтэй холбоотой буруу ташаа, илт гуйвуулсан мэдэгдэл гаргажээ. Иймд банк, санхүүгийн үзүүлэлтүүдтэй холбоотой холбогдох бодит мэдээллийг энэхүү нээлттэй захидалаар хүргэж байна.

Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтын эрсдэлээс зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгоход чиглэсэн бодлого, арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж, үр дүнд хүрч ирлээ. Эдгээрээс тус намын мэдэгдэлтэй холбоотой  дараах 5 бодит баримтыг энд товч дурдъя.

Нэг. Инфляци зорилтот түвшний орчим тогтвортой байж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй тогтож ирлээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулах хэмээн баталж, үүний дагуу Монголбанкны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж ирэв. Монголбанк нийт эдийн засагт чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг тул улсын инфляцийг зорилтот түвшиндээ байлгахыг зорьж ажилладаг. Монголбанк сүүлийн 3 жилд инфляцийн зорилтыг бүрэн биелүүлж ирлээ (Зураг 1). 

Зураг 1. Жилийн инфляци (Улс)

Зураг 2. УБ хотын жилийн инфляци

Инфляци 2016 оноос хойш алгуур өссөн нь эдийн засгийн сэргэлтээр тайлбарлагдана. Хэт бага инфляци, дефляци нь эдийн засгийн уналт, идэвхигүй байдлыг илэрхийлдэг бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор 2016 онд инфляци 1.6 хувьтай байв. Инфляци нь тодорхой эерэг түвшинд байснаар үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч нар үйлдвэрлэл, бизнесээ өргөжүүлэх боломж, сэдэлийг бий болгож байдаг. Энэ утгаараа инфляцийг зорилтот түвшний орчим тогтвортой байлгах нь эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтөд эерэгээр нөлөөлдөг. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд эдийн засагт сэргэлт гарч, 2019 оны эхний улирлын байдлаар өсөлт 8.6 хувьтай гарч, ажилгүйдлийн түвшин буурч, инфляци зорилтот түвшний орчим тогтвортой байна. Үүнд төсөв, мөнгөний бодлогын цаг тухай бүрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэж ирэв.

Инфляци 2019 оны 4 дүгээр сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.8 хувьтай буюу зорилтот түвшинд хадгалагдаж байна. Улаанбаатар хотын жилийн инфляци зөвхөн 2018 оны 12 дугаар сард 9.7 хувьд хүрч урьдчилан төсөөлсөний дагуу эргэн буураад байна. Энэхүү инфляцийн 5.4 нэгж хувь нь шатахуун, хатуу түлш болон махны үнийн өсөлт буюу нийлүүлэлтийн шинж чанартай үнийн өсөлт голлон тайлбарлаж байв (Зураг 2). Мөнгөний бодлогоор нийлүүлэлтийн шалтгаантай түр зуурын инфляцид хариу арга хэмжээ авах нь ажил эрхлэлт, үйлдвэрлэл буурахад сөргөөр нөлөөтэй. Монголбанкны төсөөлөлтэй нийцтэйгээр Улаанбаатар хотын инфляци эргэн буурч, одоо зорилтот түвшний орчим байна.

2016 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларсаны 23 нэгж хувийн сулралт нь 2016 оны сүүлийн 5 сард бий болжээ. 2016 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш хүчтэй сулрахад өмнөх бодлогын үр дагавар, тухайн үеийн эдийн засгийн хүндрэл гол нөлөө үзүүлэв (Зураг 3). Тухайлбал, 2016 оны эхний 3 улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх оны мөн үеэс -1.6 хувийн уналттай, -0.6 хувийн дефляцитай, ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, улсын төсөв өндөр алдагдалтай (1.7 их наяд төгрөг), зээлийн өсөлт зогсонги байдалд орсон, банкны салбарын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлийн 15.4 хувьд хүрсэн,  зээлийн хүү өсч 20.6 хувьд хүрч өсөн, гадаад валютын цэвэр нөөц Монголбанкны тодорхойлолтоор -402.5 сая ам.доллар, ОУВС-гийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.долларт хүрээд байв. Энэ нөхцөл байдал 2015 оноос хойш үргэлжилж, банк санхүүгийн байгууллагуудын алдагдал нэмэгдэж, өөрийн хөрөнгө буураад байсан буюу эдийн засгийн хүндрэл нь санхүүгийн салбарт шилжээд байв.

 

  Зураг 3. Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн савлагаа (стандарт хазайлт)

2016 оны 7 дугаар сард гадаад валютын албан нөөц 1.2 тэрбум ам.доллар, ХАБ-тай байгуулсан төгрөг, юаны своп хэлцлийн хүрээнд Монголбанк авч ашигласан дүн 1.6 тэрбум ам.доллар, харин дотоодын банкуудтай хийсэн своп хэлцлийн цэвэр дүн 1.4 тэрбум ам.доллар байж, гадаад валютын цэвэр нөөц -2.75 тэрбум ам.долларт хүрсэн байв. Гадаад валютын нөөц ийнхүү буурч, цэвэр дүнгээр сөрөг өндөр түвшинд хүрсэн, 2016 оны 6 дугаар сарын 28-нд их хэмжээ (400 орчим сая ам.доллар)-ний гадаад валют дотоод зах зээлээс гарсан, төсвийн болон төлбөрийн тэнцлийн олон жилийн алдагдал гүнзгийрсэн, нөгөө талдаа өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүд (Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, ХАБ-тай байгуулсан хэлцлээр авч ашигласан 12 тэрбум юань, Чингис бондын 500 сая ам.доллар, Димсам бондын 1 тэрбум юань) хүлээгдэж байсан нь валютын захад оролцогчдын хүлээлтэд нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2016 оны сүүлийн 4 сард сулрахад нөлөөлөв. Гадаад валютын нөөц ийнхүү бага түвшинд хүрч, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүгд эдийн засгийн хүндрэлийн нөхцөл байдлыг илтгэж байсан тул Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016 оны 7 дугаар сараас мөн оны 11 дүгээр сарын хооронд маш хурдацтай буурсан юм. Тухайлбал, Moody’s агентлаг зээлжих зэрэглэлийг 2 шатлалаар бууруулж Caa1 ангилалд оруулсан билээ. Ийнхүү зээлжих зэрэглэл буурсан нь Улсын эрсдэлийг өсгөж, гадаад зах зээл дээр гаргасан бондууын үнэ хурдтай унаж, хүү (Хөгжлийн банкны бондын үнэ унаж, хоёрдагч зах зээл дээрх хүү нь 38 хувьд хүрсэн) нь өсч байв.

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд суларсан орчинд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт өндөр байсны дээр 2016 оны сүүлийн 4 сард төгрөгийн дараах валюттай харьцах ханш сулрахад дараах хүчин зүйлс нэмэлт дарамтыг бий болгов. Нэгд, Засгийн газар, хөгжлийн банкны санхүүжилт болон Монголбанкны төсвийн шинж чанартай арга хэмжээний хүрээнд эдийн засаг дах төгрөгийн нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдээд байв. Хоёрт, 2016 оны эхний хагаст Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг Монголбанкнаас санхүүжүүлээд байв. Энэ нь мөн эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах урьдач нөхцөлийг бүрдүүлсэн байв. Гурав, 2016 оны  6 дугаар сарын сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор дотоодын банкнаас их хэмжээний валют (нийт гадаад валютын нөөцийн 30 хувьтай тэнцэх хэмжээний) гадаад төлбөрт шилжүүлсэн нь сүүлд тодорхой болов. Өөрөөр хэлбэл, төгрөгийн их хэмжээний нийлүүлэлт хийгдсэн үед дотоодын банкнаас том дүнтэй валют бөөн дүнгээр гадагшилсан нь гадаад валютын хомсдолыг бий болгож, төгрөгийн ханш богино хугацаанд хүчтэй сулрахад нөлөөлсөн анхны суурь том шалтгаан байв.

Зах зээлд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүд улс төр, нийгэм, эдийн засагт үүсч буй нөхцөл байдлыг ажиглах, нээлттэй байгаа статистик мэдээллийг олж авах, түүнд дүн шинжилгээ хийх чадвартай билээ. Нөгөө талдаа, төв банк өөрийн гаргадаг статистик мэдээллийг нийтэд үнэн бодитоор цаг тухайд нь хүргэх үүрэгтэй. Бодит нөхцөл байдал, статистик мэдээлэл нийтэд ил болох үед гадаад валют худалдан авахын төлөөх түр зуурын “сандрал” бий болсны дээр банкууд зарах валютын хэмжээндээ хязгаарлалт тогтоож байв. Гадаад валютын өндөр дүнтэй цэвэр гадагшлах урсгалтай, валютын нөөц нь 1 тэрбум байгаа нөхцөл байдалд Монголбанк валютын захад үргэлжлүүлэн идэвхтэй интервенци хийх боломжийг хязгаарлагдаад байв. Валютын тодорхой томоохон дүнтэй орох урсгал тодорхой болоогүй үед төв банкнаас том дүнтэй интервенци хийж, гадаад валютын бага хэмжээний нөөцийг үргэлжлүүлэн бууруулах тохиолдолд ханшийн хямралд хөтлөх үр дагавартай байв.

Гэхдээ Монголбанкнаас долларжилтын идэвхжилийг бууруулах, төгрөгийн ханшийн сулрах дарамтыг багасгахад шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэв. Тухайлбал, 2016 оны 8 дугаар сард бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэр гаргав. Энэхүү арга хэмжээ нь тодорхой хугацаанд үр дүнгээ өгч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамтыг бууруулж, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээх, валютын томоохон орох урсгалыг бий болгох хугацааг олгосон юм. Төгрөгийн үнэ цэнийг хамгаалах тус арга хэмжээ нь үндэсний мөнгөн тэмдэгт богино хугацаанд хүчтэй суларч, урт хугацааны тэнцвэрт түвшнээсээ хэт хазайх үед төв банкнаас хэрэгжүүлдэг стандарт арга хэмжээ билээ.   

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд гадаад болон дотоод эдийн засгийн суурь хүчин зүйлс төгрөгийн ханшийг сулруулах дарамттай үед Монголбанкнаас ханшийг тогтмол барих нь гадаад валютын нөөцийг бууруулж, УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хүрээнд Монголбанкны хүлээсэн үүргийг зөрчихөөр байв. Тухайлбал, ӨСХ-ийн хүрээнд хүлээсэн нэг амлалт нь Монголбанкны гадаад цэвэр актив буюу валютын цэвэр албан нөөцийг тохиролцсон дүнгээр шат дараатай нэмэгдүүлэх явдал юм. Урсгал тэнцлийн өндөр алдагдалтай орчинд энэхүү үүргийг биелүүлэх явдал туйлын хүнд байсан тул валютын зах дээрх оролцоог зарим үед хязгаарлах нөхцөл байдал ч үүсч байв. Хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн энэхүү тоон зорилтыг бүрэн биелүүлэхгүй тохиолдолд Монгол Улс хөтөлбөрөөс гарахад хүрэх ноцтой үр дагавартай тул Монголбанк энэхүү тоон зорилтод хүрэх, ханшийн тогтвортой байдлыг хангах гэсэн хүнд сорилтыг нэгэн зэрэг хангах шаардлатай тулгарч байв. Өөрөөр хэлбэл, нэг талдаа эдийн засгийн дархлааг хангах, эмзэг байдлыг бууруулах, нөгөө талдаа ханшийн хэт өндөр хэлбэлзэлийг бий болгохгүй байх энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанкны бодлого чиглэж ирлээ. Олон улсыг санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг баримталж ирсэний үр дүнд ГВАН 3.8 тэрбум ам.долларт хүрээд байна.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ) хэрэгжиж эхэлсэн 2017 онд төгрөгийн ханш оны турш тогтвортой байв. Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2018 онд 8.9 хувиар суларсан нь импорт, гадаад өр төлбөр болон гадаад зах зээлд гарсан томоохон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор валютын захад илүүдэл эрэлт байж, сулрах хүлээлт давамгайлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт өндөр байсны үр дагавар юм. Тухайлбал, 2018 онд валютын ханшид нөлөөтэй дараах гол өөрчлөлтүүд гарав:

  • АНУ-ын Холбооны Нөөцийн Банк 2018 онд бодлогын хүүгээ нийт 4 удаа, өсгөж 2.50%-д хүргэв. Ингэснээр гадаад зах зээлээс санхүүжилт бүрдүүлэх өртөг нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар дамжин Монгол Улсад орох валютын урсгал хязгаарлагдмал болов.
  • Монгол Улсын эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор 2018 оны эхний 12 сарын байдлаар зээл олголт өмнөх оны мөн үеэс 24%, импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 36%-иар өссөн нь валютын эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болов.
  • Экспортын орлого 13%-иар өсч, цэвэр дүнгээр гадаад валютын эрэлт, нийлүүлэлтээсээ хурдтай өсөв. Түүнчлэн нүүрсний экспортын 50 орчим хувийг бүрдүүлдэг Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа 2018 он дуустал доголдсоноос шалтгаалан экспортын орлого тасалдаж, нүүрсний экспорт Монголбанкны төсөөллөөс 250 сая ам.доллараар бага гүйцэтгэлтэй гарлаа.
  • Мөн ӨСХ-ийн хүрээнд 2018 олгохоор тохирсон гадаад санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар бага байв.

Хоёр. Монголбанк сүүлийн 2 жилд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн бодлогын үр дүнтэй арга хэмжээнүүдийг хослуулан хэрэгжүүлж байна. 

Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх хүрээнд 2018 онд гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларыг валютын захад нийлүүлэв. Дотоодын валютын зах зээл дээрх төв банкны оролцоо нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл бий болгохгүй байхад чиглэсэн буюу зах дээр эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг нөхөх зорилготой байв. Өөрөөр хэлбэл, төв банкны оролцоог энэ хэмжээнээс хязгаарласан тохиолдолд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт илүү өндөр байхаар байв.

Гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ болон хугацаа харилцан адилгүй байдаг манай орны хувьд валютын эрэлтийг тогтвортой хангах, эрэлт, нийлүүлэлтийн түр зуурын шинжтэй зөрүү гаргахгүй байх үүднээс экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдээс гадаад валютыг худалдан авч, уг валютыг захад ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүйгээр нийлүүлэх туршлагыг нэвтрүүлэв. Үүний зэрэгцээ 2018 оны 9, 11 дүгээр сард хуралдсан Мөнгөний бодлогын хорооны хурлаар гадаад валютын эрэлтийг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах шийдвэрүүдийг гаргав. Тухайлбал бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэх, гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлдэг хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар хязгаарлах, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиас хэтрүүлэхгүй байх, ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 30 пунктээр нэмэгдүүлж 150 хувьд хүргэх макро зохистой бодлогын арга хэмжээг авав. Түүнчлэн 28 долоо хоногтой ТБҮЦ-ыг шинээр гаргахаар шийдвэрлэсэн нь төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж, зэх зээл дэх илүүдэл төгрөгийн эх үүсвэрийг урт хугацаагаар татах замаар валютын эрэлтийг бууруулж, улмаар эрчимтэй суларч байсан төгрөгийн ханшийн сулрах дарамтыг бууруулав.

Гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр 2018 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт харьцангуй өндөр байсан хэдий ч Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын нөлөөгөөр бусад орнуудтай харьцуулахад төгрөгийн ханшийн сулралт харьцангуй бага байв. Тодруулбал 2018 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оноос 8.9 хувиар, голлох 22 улсын валютын сагстай харьцах төгрөгийн ханш оны эхний 12 сарын байдлаар 2.8%-иар суларсан байна. Гэхдээ 8.9 хувийн сулралт нь түүхий эд экспортлогч бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт бөгөөд Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажилласаныг илтгэнэ. Тухайлбал, ОХУ-ын рубль 21 хувиар, Казахстаны тэнгэ 14.4 хувиар, Австралийн доллар 10.8 хувиар суларчээ (Зураг 4).

Зураг 4. Голлох валютуудын эсрэг ам.долларын ханшийн өөрчлөлт

Дэлхий дахинд ам.долларын ханш чангарч буй нөхцөлд Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг хүчээр тогтоон барих нь Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, гадаад худалдааны ашгийг бууруулж, улмаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг огцом сулруулах эрсдэлтэй.

Монголбанк 2019 оны эхний 4 сарын байдлаар валютын дуудлага худалдаагаар 804 сая ам.доллар нийлүүлээд байгаа бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш тогтвортой байна.

Гурав. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4 дахин нэмэгдэж, 3.8 тэрбум ам.долларт хүрэхэд Монголбанк чухал үүрэг гүйцэтгэв.

Гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг хослуулан үр дүнтэй хэрэгжүүлсэнээр гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сүүлийн 2 жилд 3.8 дахин өсгөн импортын 9 орчим сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүллээ. Монголбанк энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.  Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.долларыг бүрдүүллээ. 2019 онд 20 орчим тонн алт худалдан авах хүлээлттэй ажиллаж байна.

Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав. Тухайлбал, 2018 онд Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 225 сая ам.доллар, Эрдэнэс тавантолгой ХК-иас 207 сая ам.доллар буюу нийт 714 сая ам.долларыг худалдсан авсан бол 2019 оны 4 дүгээр сарын 18-ны  байдлаар Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 150 сая ам.доллар, Эрдэнэс тавантолгой ХК-иас 200 сая ам.доллар, бусад аж ахуйн нэгжүүдээс 34 сая ам.доллар буюу нийт 666 сая ам.долларыг худалдан аваад байна. Үүний зэрэгцээ дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэн үзүүлэн ажиллаж байна. 

Хугацаа нь тулж ирээд байсан улсын секторын гадаад өр төлбөрийн хугацааг сунгаж, дахин санхүүжүүлэхэд Монголбанк бүх талаар дэмжин хамтран ажиллаж ирлээ. Энэ нь богино хугацааны гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах замаар ГВАН хуримтлахад нөлөө үзүүлэв. Үүний зэрэгцээ хэт хурдан өсч буй импортыг хязгаарлахад чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн нь төлбөрийн тэнцлийн алдагдал буурахад нөлөөлж, улмаар ГВАН нэмэгдэхэд эерэгээр нөлөөллөө.

ГВАН нэмэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлсийн нэг байв. Тухайлбал, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд нэмэгдүүлж, Fitch болон S&P агентлагууд 2016 оны хүндрэлийн өмнөх түвшинд хүргэн сайжрууллаа. Монголбанк нь Засгийн газартай хамтран зэрэглэл тогтоогч байгууллагуудад эдийн засаг, гадаад валютын нөөц, санхүүгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүд, тэдгээрийн суурь шалтгааныг тухай тайлбарлаж, зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлд нягт хамтран ажиллаж ирлээ.

Ийнхүү макро эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлт хангагдаж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Засгийн газар, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци болон бусад хувийн секторын гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх хүү бага байх, валютын дотогшлох урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэв. Ийнхүү валютын дотогшлох урсгал нэмэгдэх нь эргээд ГВАН нэмэгдэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад ч эерэгээр нөлөөлж байна.

Гэхдээ ГВАН-ийн хүрсэн түвшинг том дүнтэй интервенци хийх замаар эргүүлээд үрэн таран хийх нь эдийн засгийн дунд хугацааны төлөвт эргээд маш ноцтой эрсдэлүүдийг бий болгоно гэж Монголбанк үзэж байна. Ялангуяа, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын ханш сулрах зах зээлийн нөхцөл бүрдсэн, сөрөг нөлөө нь харьцангуй удаан үргэлжлэхээр байгаа нөхцөлд интервенциэр ханшийг хүчээр барих оролдлого нь ГВАН-ийг шавхах л үр дагаварт хүргэхээр байна. Харин богино хугацааны хэт огцом хэлбэлзэлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгах чиглэлд Монголбанк валютын захад оролцож ирлээ.

Дөрөв. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, мөнгөний нийлүүлэлтийг зохистой удирдах зорилгоор төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ыг бодлогын хэрэгсэл болгон ашиглаж байна.

Банкуудын төгрөгийн илүүдэл нөөц өндөр түвшинд хадгалагдах нь гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлэх, валютын ханш огцом сулрах дарамтыг өсгөх, мөн зээлийн өсөлт богино хугацаанд эрчимжиж, эдийн засагт хэт халалт үүсгэх эрсдэлтэй байдаг. Иймд Төв банкнаас банк хоорондын захын хүүг бодлогын хүүтэй ойролцоо түвшинд хадгалах зорилгоор нээлттэй захын үйл ажиллагаа явуулж, ТБҮЦ-ыг арилжаалан банкуудын илүүдэл нөөцийг татсанаар инфляцийг зорилтод түвшний орчимд тогтворжуулах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байлгах бодлогыг хэрэгжүүлдэг.

ТБҮЦ-ны үлдэгдэл 2019 оны 5 дугаар сарын 21-ны байдлаар 5.3 их наяд төгрөг байна. Энэ нь 2016 оны эцсээс 4.7 орчим их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. ТБҮЦ ийнхүү нэмэгдсэн нь дараах хүчин зүйлсээс голлон шалтгаалав. Үүнд:

  • Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны хэмжээ буурсан явдал. Засгийн газар 2017 оны 11 дүгээр сараас хойш дотоодын зах зээлд ЗГҮЦ гаргахаа зогсоож, хуримтлагдаад байсан өрийн дарамтыг шат дараатайгаар бууруулахын тулд ЗГҮЦ-ыг хуваарийн дагуу төлж барагдуулав. Улмаар банкны систем дэх төгрөгийн илүүдэл нөөц нэмэгдсэн тул дээр дурдсан зорилгоор ТБҮЦ гаргаж илүүдэл нөөцийг бууруулах шаардлага бий болов. Засгийн газар үнэт цаас гаргахаа 2017 оноос зогсоосон болон бусад шалтгаанаар ТБҮЦ-ны эрэлт өсөөд байна (Зураг 12).
  • Гадаад хөрөнгийн өсөлт. Экспортын орлого нэмэгдэж, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болон ӨСХ-ийн  хүрээнд олон улсын байгууллагууд, донор орнуудын санхүүжилттэй холбоотойгоор валютын орох урсгал нэмэгдэв. Энэ үед Төв банк ГВУН-ийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад санхүүжилтийн эх үүсвэр болон алт худалдан авч, төгрөгийн эх үүсвэрийг зах зээлд нийлүүлэв. Энэхүү төгрөгийн нийлүүлэлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор интервенци-стерлизацийн бодлого хэрэгжүүлдэг буюу ТБҮЦ-ны хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий болдог.
  • Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуурыг хангах. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдлийг бууруулах буюу харилцагчийн төлбөрийн шаардлагыг хангахын тулд зохистой харьцааны тусгай шаардлагын дагуу банкууд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 25 хувиас багагүй хэсгийг хөрвөх чадвартай активд байршуулдаг. Энэхүү зохицуулалтыг  хангахын тулд банк эх үүсвэрийнхээ тодорхой хувийг ТБҮЦ болон ЗГҮЦ-д байршуулах шаардлага үүсдэг.

Эдгээр стерлизаци, нээлттэй захын үйл ажиллагаа болон банкуудын хөрвөх чадварыг хангах зорилгоос гадна мөнгө, зээлийн нийлүүлэлтийг хянах зорилгоор ТБҮЦ-ыг мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болгон ашигладаг. ТБҮЦ, түүний хүү нь банк хоорондын захын илүүдэл нөөц, мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хүүнд нөлөөлж, мөнгөний бодлогын зорилтыг хангахад ашиглагддаг үндсэн хэрэгслүүдийн нэг юм.

 

Зураг 12. Төв банкны үнэт цаас, ЗГ-ын үнэт цаас

        Монголбанк ТБҮЦ-ны хэмжээг хязгаарлах арга хэмжээ авах нь илүү том эрсдэлийг хуримтлуулах тул хэмжээг хязгаарлах бус, харин хүүг нь эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй боломжит бага түвшинд байлгах бодлого баримталж байна. Банкны салбарт илүүдэл нөөц их хэмжээгээр бий болох үед ТБҮЦ-ыг хязгаарлах бодлого нь банкуудын гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлэх, валютын ханшийн сулрах дарамтыг нэмэгдүүлэх, банкууд ашигт ажиллагааг хангахын тулд ирээдүйд эрсдэл дагуулах, судалгаа муутай зээлийн хэт өндөр өсөлтийг бий болгохоор байв. Иймд санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд ТБҮЦ-ны хэмжээг хязгаарлахгүй байх бодлого нь банкууд зохистой харьцааны үзүүлэлтээ хэвийн хангах, зээлийн өсөлт огцом бус алгуур байх, гадаад валютын нөөцийг ханшийн харьцангуй бага дарамттайгаар хуримтлуулах бололцоог олгож байна.

Нэгтгэн хэлэхэд, ЗГҮЦ-ны хэмжээ буурч, ТБҮЦ-ны хэмжээ нэмэгдсэн нь эдийн засагт сөрөг нөлөө бий болгоогүй бөгөөд төсвийн бодлогод зайлшгүй хийгдэх шаардлагатай тохируулга, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага болон эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг нэгэн зэрэг хангах хүрээнд бодлогын хувьд нийцтэй хэрэгжсэн хослол юм. Ялангуяа, ӨСХ-ийн хүрээнд Монгол Улсын хүлээж буй зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд энэ сонголт зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тав. Монголбанк банкны салбарыг эрүүлжүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Зохистой засаглал, бодлогын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлсэнээр дунд болон урт хугацаанд тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх боломж нээгдэж, эдийн засгийн болон санхүүгийн хямралд өртөхгүй байх хөшүүрэг бүрдэнэ.

Монголбанк “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарт шинэчлэл хийн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллаж байна. Тухайлбал, арилжааны банкуудыг төлбөрийн чадварыг бодитойгоор тодорхойлох зорилгоор олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар активын чанарын үнэлгээ /AQR/-г бүх банкуудад амжилттай хийлээ. Энэ үнэлгээг Монгол Улс Ази тивийн орнуудаас анх удаа Европын холбооны төв банкны аргачлалын дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн нь Монголын банкны салбарт болон төв банкны хяналт шалгалтын тогтолцоонд томоохон дэвшил болов. Банкны систем ийнхүү олон улсын стандартын дагуу эрүүл мэндийн үзлэгт орсноор гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, хамтын ажиллагаат орнуудын итгэлийг хадгалахад чухал. Мөн банкны секторын үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, улмаар эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарч цаашид тогвтортой санхүүгийн зуучлалыг хадгалж эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах банкны тогтолцоог хөгжүүлэхэд томоохон алхам болов.

Активын чанарын үнэлгээний үр дүнд Монголын банкны салбар, систем тогтвортой байна гэсэн дүгнэлт гарлаа. Энэ нь банкны салбарт системийн хэмжээний том доргилт бий болохгүй, тус салбар үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхийг илтгэнэ. Харин 1-2 банк дээр асуудал, хүндрэл үүсээд байсныг нийтэд нээлттэй мэдээлсэн билээ. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, активын чанарын үнэлгээний үр дүнг банкуудын тайланд тусгах, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай буюу дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлууд хийж байна. Эрүүл банкны салбартай байх нь эрүүл санхүүгийн салбар бий болгож, улмаар эдийн засгийн эрүүл суурь бүрдүүлэх тул банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар эрчимтэй ажиллаж байна.

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай эхлүүллээ. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Үүний зэрэгцээ Активын удирдлагын компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдтэй хамтран боловсруулав. 1997 оны Азийн санхүүгийн хямралын дараагаас Актив удирдлагын компани нь чанаргүй активыг шийдвэрлэх сайн туршлагуудын нэг хэмээн олон улсад ашиглагдаж байна.

Банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандарт болон шилдэг туршлагад нийцүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор төсөв болон төрд ирж болзошгүй санхүүгийн зардлыг бууруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг хууль эрх зүйн актад тусгалаа. Эдгээр хуулиудыг шинэчлэн батлуулсанаар дэлхийн шилдэг жишиг, төв банкны сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болсон нь санхүүгийн салбарт болсон чухал үйл явдал байлаа.

Монголбанк өмнөх жилүүдэд хуримтлагдсан чанаргүй зээлийг зохистой арга замаар шийдвэрлэх зорилгоор “Чанаргүй зээлийг шийдвэрлэх стратеги”-ийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр хэлэлцүүлэн 2018 оны 6 дугаар сард батлуулав. Уг стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэхүү стратегийг хэрэгжүүлэх хүрээнд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Дампуурлын тухай хууль, Арилжааны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр Монголбанк эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Монголбанкнаас банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэх журмыг боловсруулах, чанаргүй зээлийн хоёрдагч зах зээлийг хөгжүүлэх ажлууд хийгдэж байна.

Банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдэл 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 1.9 их наяд төгрөг буюу нийт зээлийн багцын 11.1 хувь, хугацаа хэтэрсэн зээл 1 орчим их наяд төгрөг буюу нийт зээлийн 5.6 хувьтай тэнцэж байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн дийлэнхийг уул уурхай, барилга, боловсруулах салбарын зээл эзэлж байна. Банкны системд хуримтлагдаад байгаа чанаргүй зээл нь 2014 оноос гүнзгийрсэн эдийн засгийн хүндрэлийн үр дагавар юм. Өөрөөр хэлбэл, 2012 оны сүүлээс дэлхийн зах зээл дээрх экспортын бүтээгдэхүүний үнэ унаж уул уурхайн салбар хүндэрч, уул уурхайгаас хамаарал бүхий бусад салбарын өсөлт саарахын зэрэгцээ барилгын салбарын борлуулалт огцом буурсан зэрэг хүчин зүйлсийн тусгал нь банкны системийн зээл чанаргүйдэх хэлбэрээр илэрсэн. ӨСХ-ийн хүрээнд Монгол улсын банкны системд активын чанарын үнэлгээ 2017 онд хийгдсэн юм. Үнэлгээний үр дүнг 2018 онд банкны системийн балансад тусгасантай холбоотойгоор чанаргүй зээлийн дүн 2017 оноос хойш нэмэгдээд байна.

Манай орны хувьд чанаргүй зээлийн харьцаа 11 орчим хувь, системийн ач холбогдолтой банкуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Монголын банкны салбар, систем цаашид ч тогтвортой хэвээр байна. Харин банкны салбарыг эрүүлжүүлэх, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, ирээдүйн тогтвортой, өндөр өсөлтийг бий болгоход санхүүгийн зуучлалыг үр ашигтай хүргэх чиглэлд хийгдэж буй банкны салбарын шинэчлэлийг үргэлжүүлэн хийх нь чухал юм. Түүнчлэн “Чанаргүй зээлийг шийдвэрлэх стратеги”-д туссан эрх зүйн шинэчлэл болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд төрийн эрх бүхий байгууллагууд хамтран ажиллах шаардлага хэвээр байна.

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, дархлааг сайжруулах зорилгоор Монголбанкнаас авч буй арга хэмжээ, хүрсэн нааштай үр дүнг зориудаар мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, банкны салбарт системийн хямрал бий болсон мэт нийгэмд сөрөг үр дагавартай хариуцлагагүй мэдэгдэл хийж, төв банк үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад тотгор үүсгэж байгаад туйлаас харамсаж байна. Монголбанк үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах болно.

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг уламж бэхжиж, эрдэнэсийн сан цаашид улам өргөжин баяжиж, банкны салбар хүчирхэгжин хөгжих болтугай!

Эх сурвалж: МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ