Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд тогтоож чадахгүй учраас Ойрх Дорнодын энэ улсад нийгмийн эмх замбараагүй байдал удаан хугацаанд үргэлжилнэ гэж Хятадын улс төр судлаачид үзэж байна.
Маш нарийн төвөгтэй Сирийн асуудалд тус бүс нутгийн янз бүрийн зэвсэгт бүлэглэлүүд өөр өөр зорилго болон шаардлага тавьж байгаа болохоор эмх замбараагүй байдал удаан үргэлжлэх магадлалтай ажээ. Сирийн засгийн газрын эсрэг бүлэглэлүүд зарим улсын дэмжлэгтэйгээр Башар Асадын дэглэмийн хүчийг сулруулахыг удаан хугацаанд оролдож ирснээс гадна АНУ-ын цэрэг тус улсын газрын тосны хэд хэдэн орд газар, тээврийн гол замуудыг урьдын адил хянаж байгаа нь энэ улсын эдийн засагт ноцтой хохирол учруулж байгаа болохыг Хятадын судлаачид тэмдэглэсэн байна.
Тэдний үзэж байгаагаар, Сирийн сөрөг хүчин Палестин-Израилын болон Орос-Украины мөргөлдөөнүүдийн улмаас үүссэн нөхцөл байдлыг овжин ашиглаж чадсан байна. Ийм нөхцөл байдалд Сирийн засгийн газар холбоотнуудаасаа хангалттай дэмжлэг авч чадаагүй ажээ. Сирийн тогтвортой байдал алдагдахад ардын аж ахуйн тогтолцоонд үүссэн бэрхшээлүүд нь голлох нөлөө үзүүлжээ. Урьд нь энэ улс нөхцөл байдлыг хянах чадвартай найдвартай зэвсэгт хүчинтэй байсан хэдий ч эдийн засгийн хүндрэлүүд цэргийн хүчээ бэхжүүлэхэд нь саад учруулсан тул засгийн газрын цэрэг амархан бууж өгсөн хэмээн Хятадын судлаачид дүгнэсэн байна.
Энх тайван тогтоохын тулд үндэсний хэмжээнд ч, олон улсын тавцан дээр ч санал нэгтэй байдал Сири улсад туйлын хэрэгтэй байгаа юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250