...
...

Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёсыг улам бататгах санаа зорилгыг тууштай баримтлах нь бидний үүрэг юм

Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эхийг баригч - Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүндэт зочид, илтгэгчид,

Хатагтай, ноёд оо 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Бяраагийн Чимидийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр бид Бяраагийн Чимидийн Монголын үндсэн хуульт ёс, хууль зүйн боловсрол, шинжлэх ухаанд оруулсан онцгой хувь нэмэр, амьдралын замнал, бүтээлийг хүндэтгэн тэмдэглэхээр хуран цуглараад байна. Энэ танхимд суугаа Та бүхний ачит багш, анд нөхөр, хамтран зүтгэгч, шимтэн уншдаг бүтээл туурвигч, түүнчлэн эрхэм хань, эцэг хүмүүн байсан нь гарцаагүй тул Та бүхэн их хүмүүний талаар хүндэтгэл, дурсамж, сургамж дүүрэн илтгэл хэлэлцүүлж, яриа өрнүүлнэ гэж итгэж байна. Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 10 жилийн ойн босгон дээр буюу 1934 онд Монгол нутагт малчин Бяраагийн гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь хожмоо анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад гол ачааг үүрэх хувь заяатай Ач хариад овгийн Бяраагийн Чимид байжээ. Тэрээр хөдөлмөрийн гараагаа малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар эхэлж, улмаар идэр залуу 30 гаруй насандаа МУИС-д хууль зүйн боловсрол эзэмшснээр хуульчийн замнал нь эхэлж, багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрч зэрэг салбарт ажиллаж байсан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Бяраагийн Чимидийн амьдралын замналд хууль тогтоох ажил багагүй хугацааг эзэлжээ. Тэрээр 1978 оноос эхлэн нийт 5 удаа дараалан депутат, гишүүнээр сонгогдож, хууль тогтоох ажиллагаанд гар бие оролцохдоо 1991 оноос Улсын Бага Хурлын арын албыг хариуцаж Тамгын газрыг тэргүүлэн ажилласан. Энэ нь “хүнээ таньж, нүдээ олсон” явдал байсныг онцлон дурдъя. Өнөөдрөөс ялгаатай нь, тэр үед Тамгын газрын даргын үүргийг Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын гишүүн-Нарийн бичгийн дарга гүйцэтгэдэг байсан. Тиймээс Б.Чимид хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүний хувиар оролцохын зэрэгцээ хууль хэлэлцэх, батлахад Нарийн бичгийн даргын хувьд хууль зүйн техник, найруулгыг жигдрүүлэх, үг хэллэгийг сайжруулах, зөвлөж чиглүүлэх давхар алба үүрч байжээ. Бяраагийн Чимидийн оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдээс харахад төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанар түүнээс харагддаг. Түүнчлэн Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг зүгээр нэг механикаар нэгтгэх биш, харин олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, гарсан саналуудын уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг судлан дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлаж өгөх чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглүүштэй. Эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн Бяраагийн Чимид агсны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд гүн талархлаа илэрхийлж буйг Та бүхэн хүлээн авна уу.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ