Сирийн шилжилтийн засгийн газрын тэргүүн Мухаммед аль-Башир, Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асадын дэглэмийг унагасан ард түмэн тогтвортой, амар тайван байдлыг эдлэх цаг нь ирсэн хэмээн мэдэгджээ.
Сирийн Идлиб мужид босогчдын засаг захиргааг тэргүүлж асан аль-Баширт “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэл болон холбоотнууд нь 2025 оны гуравдугаар сар хүртэл шилжилтийн засгийн газрыг тэргүүлэх эрх олгосон байна. Мягмар гарагт Дамаск хотноо түр засгийн газар болон Асадын үеийн танхимын гишүүд хуралдан, эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Мухаммед аль-Башир нь инженер мэргэжилтэй бөгөөд иргэний дайнаас өмнө байгалийн хий боловсруулах үйлдвэрт ажилладаг байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Сирийн баруун хойд бүс нутагт босогчдын байгуулсан Сирийг аврах засгийн газрын тэргүүнээр томилогдож байжээ. Сирийг аврах засгийн газар дөрвөн сая хүн амтай бүс нутгийг удирдаж байсан бөгөөд яам, агентлаг, шүүх, хүчний байгууллагууд болон шашны зөвлөлтэй байв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250