Алдарт найруулагч Жэймс Фрэнсис Кэмерон 1954 оны 8-р сарын 16-нд Канадын Онтарио мужийн Капускасинг хотод цахилгааны инженер Филип Камерон, зураач, сувилагч Ширли нарын гэр бүлд ууган хүү нь болон мэндэлжээ.
Түүний элэнц өвөө 1825 онд Шотландаас цагаачлан Канадад суурьшсан нэгэн байсан бөгөөд Жеймс зуны амралтаараа өвөөгийнхөө ферм дээр очиж цагийг өнгөрөөдөг байв. Түүнийг 17 хүрдэг жил түүний гэр бүлийнхэн АНУ-ын Калифорния мужийн Бреа хэмээх газар руу нүүж, тэндээ суурьшжээ.
Жеймс Кэмеронтой хамт сурдаг байсан хүүхдүүд түүнийг спорт сонирхохын оронд гүн ухаан эсвэл хийсвэр ертөнцөд сонирхолтой нэгэн байсан хэмээн дурсан ярьсан байдаг.
1973 онд физикийн чиглэлээр коллежид суралцаж эхэлсэн тэрээр жилийн дараа коллежоо орхижээ. Сургуулиасаа гарсан тэрээр ачааны машины жолооч, ахлах сургуулийн жижүүр зэрэг хачирхалтай ажил хийхийн зэрэгцээ шар айраг ууж, каннабис татаж, LSD хэрэглэдэг байсан ч уншиж, бичих дуртай нэгэн байв. Хэдийгээр сургуулиасаа гарсан ч USC номын санд бусад оюутнуудын хамтаар суун оптик хэвлэлт, нүүрэн талын дэлгэцийн проекц зэрэг киноны технологитой холбоотой ном зэргийг уншдаг байсан тэрээр киноны тусгай эффектийн талаар тодорхой ойлголттой болсон байв.
1977 онд “Оддын дайн” киног үзсэнийхээ дараа тэрээр ачааны машины жолоочийн ажлаа орхин кино урлагт хөл тавьсан байна. Түүний карьер 1978 онд эхэлсэн. Шүдний эмч нарын консорциумаас мөнгө зээлж, найзынхаа хамтаар анхны дэлгэцийн бүтээл болох “Xenogenesis”-ээ толилуулсан тэрээр энэхүү богино хэмжээний киноныхоо зохиолыг бичиж, найруулж, продюсерээр нь ажиллажээ.
1979 онд “Rock 'n' Roll High School” кинонд туслахаар ажиллаж байх үедээ Рожер Корманы студид туслах зураачаар ажилд оржээ. 1980 онд “Battle Beyond the Stars” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт киноны уран сайхны найруулагчаар ажилласан тэрээр 1981 онд “Escape from New York” киноны тусгай эффектийг хийжээ. Мөн тухайн жилдээ “Galaxy of Terror” кинонд продюсер, 1982 онд “Android” киноны уран сайхны найруулагчаар ажиллажээ.
1982 онд тэрээр 1978 онд дэлгэцнээ гарсан “Piranha” киноны үргэлжлэл болох “Piranha 2: The Spawning” кинонд тусгай эффектийн найруулагчаар ажиллахаар болжээ. Тус киног найруулж байсан Миллер Дрэйк болон продюсер Овидио Ассонитис нарын дунд маргаан үүссэнээс болж Миллер Дрэйк уг киног найруулахаас татгалзсан бөгөөд Жеймс Кэмерон түүний ажлыг хүлээн авсан байна. Уг кино түүний анхны найруулсан томоохон хэмжээний кино болжээ. Гэсэн ч продюсер Овидио Ассонитистэй санал зөрөлдсний улмаас энэхүү киног өөрийн анхны бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөхөд тун ч эргэлзээтэй байдаг хэмээн хожмоо дурсан ярьсан байдаг.
1984 онд Жеймс дэлхий нийтийг байлдан дагуулсан “The Terminator” киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү киноныхоо зохиолыг тэрээр 1978 онд гарсан “Halloween” хэмээх аймшгийн кино болон өөрийг нь авахаар ирсэн дийлдэшгүй хүчит роботын тухай хар дарсан зүүднээсээ сэдэвлэн бичжээ. Гэсэн ч энэхүү зохиолоо кино болгохын тулд түүнд кино компани хэрэгтэй байв. Кино студиудэд зохиолоо санал болгоход түүний зохиол сонирхолтой санагдсан ч танил бус найруулагчид итгэн кино төсөл хариуцуулна гэдэг тэдний хувьд том эрсдэл гэдгийг хэлж байв. Харин "Pacific Western Productions"-ийг үүсгэн байгуулагч Гейл Энн Хурд түүний зохиолыг 1 доллараар худалдан авч, найруулагчаар нь ажиллахыг зөвшөөрсөн байна.