АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп шилжилтийн үед сайн ажиллаж байна гэж тус улсын иргэдийн олонх нь үзэж байгааг телевизийн CNN сувгийн захиалгаар явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгад оролцогчдын 55% нь шилжилтийн үед Трампын явуулж буй бодлогыг сайшаасан байна. Ингэхдээ 54% нь түүнийг Цагаан ордонд эргэж очсоныхоо дараа төрийн тэргүүний үүргийг сайн гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Санал асуулгад оролцогчдоос АНУ-ын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгааг асуухад 61% нь ажил төрөл сайнгүй явж байна хэмээн үзэж байгаа бол 38% нь нөхцөл байдал сайн байна гэж дүгнэсэн байна. Энэ санал асуулгыг арванхоёрдугаар сарын 5-8-нд явуулсан бөгөөд түүнд улс орон даяар нэг мянга гаруй хүн оролцжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250