...
...

Д.Эрдэнэбилэг, Б.Чойжилсүрэн нарын хязгааргүй ЭРХ МЭДЭЛ, хазааргүй ШУНАЛ

Хорвоо дэлхийн бүх баялгийг зөвхөн өөрийнх гэж өмчилж, залгидаг ховдог, хомхой сэтгэлтний тухай түүхийг бид зөвхөн мангасын үлгэр л гэж гэнэнээр итгэдэг байлаа. Гэтэл өдгөө бүх баялгийг цөөхөн хүн тонон дээрэмдэж, эзэрхэн эзэмшиж болдог хүйтэн цуст капитализмын эрин зуунд бид аж төрж байна. 

Хэн зальтай, хүчтэй, ичгүүр сонжуургүй, түрэмгий нь бусдынхаа баялгийг булаан эзэмшиж, засаглан ноёлдог энэ тогтолцоо хүй нэгдэл, боолын нийгмээс ялгагдаад байх юмгүй аж. Харин ч илүү боловсон, илүү харгис, илүү зохион байгуулалттай болсноороо илүү бурангүй байж мэднэ.

Ийм нийгэмд илүү зальтай, хүчтэй, ичгүүр сонжуургүй, түрэмгийнүүд нь товойн ялгардаг бололтой юм. Тиймдээ ч тэднийг баруунд мафи гэж нэрлэдэг. Үгсэн хуйвалдан, сэмээр тохиролцсон, эрх ашгаар холбогдсон, баялгийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан бүлэглэл гэсэн үг л дээ. Шударга ариун хөдөлмөр, тэгш боломж, хуулийн засаглал бол тэдний бодож олсон гаргууд сайн заль мэх байхыг ч үгүйсгэхгүй ээ. Учир нь хүн төрөлхтөн саяхнаас л Ротшильд, Рокфеллер нарын жинхэнэ дүр төрх, мөн чанарыг ойлгож “Тэд агуу их эд баялгийг цуглуулж чадсан суутнууд мөн боловч энэ нь харгис түрэмгий, өршөөл энэрэлгүй, хүйтэн цэвдэг байсных нь шагнал байжээ” гэдгийг ухаарч байгаа билээ.

Тэд чухамдаа хэчнээн энгийн номхон ард иргэдийн нус нулимс, цусыг асгаруулан байж эд баялгийн цамхагаа босгосон бэ, тэд хэчнээн улс орон, уул нутгийг аймшигт савраараа хаман авч сүйрүүлсэн бэ гэдгийн төлөөсийг өнөөдөр хэн ч тооцож чадахгүй.

Тэгвэл Монгол орон өнөөдөр тэдний сүнс сүүдэр гэлтэй зэвхий цэвдэг сэтгэлтнүүдийн хөлд сүйдэж байна. Ингэхдээ Ротшильд, Рокфеллер нарыг баялаг бүтээгчид, дэлхийн эд баялгийг арвижуулагч хөрөнгөтнүүд хэмээн өргөмжилж байсны нэгэн адилаар өөрсдийгөө үндэсний хөрөнгөтнүүд гэж цоллох аж.

Гэвч тэдний үйл ажиллагаа, санаа бодол, шунал хүсэл зөвхөн Монголын баялгийг тонон дээрэмдэхэд чиглэж байгаа нь аймшигтай. Тэд алхам бүрдээ “Бид хууль зөрчөөгүй. Бүх юм хуулийн дагуу учраас хэн ч биднийг яаж ч чадахгүй” гэж бувтнаж байна. Аргагүй шүү дээ, тэд өөрсдөө хуулиа захиалсан учраас ийм бардам байх нь аргагүй юм. “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг” ийм л нийгэм хойно.

Монголд мафи байгаа, байхгүйн тухай одоо ярих нь хожимдсон хэрэг. Мафи гэхээр л буу шийдэм бариад, хар пальто, хүрээтэй малгай духдуулаад явдаг тухай ойлголт хоцрогдсон. Дэлхийн бүх мафи өдгөө хууль ёсны дагуу ажиллах болсон. Өөрөөр хэлбэл, дээрэм, хулгай, хүчин, аллага хийж болно. Гэхдээ энэ бүхнийгээ хууль зөрчөөгүй байхаар зохион байгуулах нь хамгийн чухал.

Үүний тулд яадаг вэ. Хариулт нь хуулийг өөрсдөдөө зориулан батлах. Өөрсдөө бүр баталдаг байвал улам сайн. Ингэж л Монголд мафи бий болсон. Харин тэд үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгааг хүн бүр өнөөдөр алган дээрээ тавьсан мэт харж сууна. Бүх зүйл нь ил тод. Эрээ цээргүй.

Бүгдээрээ харцгаая л даа. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нар яасан эрэмгий, түрэмгий байгааг харцгаая.

Д.Эрдэнэбилэг гэгч хэдхэн жилийн өмнө л “Женко” Х.Баттулгын жолооч байсан гэдэг билээ. Гэтэл М.Энхболд, Т.Бадамжунай гэх хоёр хүний улс төр, бизнесийн бүлэглэлд багтах болсноор асар хурдан баяжиж, Худалдаа хөгжлийн банкийг эзэмших болжээ. Энэ бүлэглэл Монголын хамаг л өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон эзэмшиж, өөрсдийн тугаа хатгаж, хором мөч бүрээр баялгийн уурхайгаа тэлж байсан нь анзаарагддаг. Улмаар МАНАН гэх улс төрийн бат хана хэрэм босгож аваад, засаглалаа тогтоон урт удаан хугацаанд Монголын ард түмэн, газрын доорх баялгийг өөрсдийнхөө эрх ашигт зарцална гэж мөрөөдөж байжээ. Үүний нотолгоо маш олон.

Энэ бүлэглэлд багтах “Хурд” группын Б.Чойжилсүрэн Тост, тосон бумбын орд газрыг, “МАК” группын Н.Номтойбаяр Цагаан суваргын ордыг, ХХБ-ны Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг гэх мэтээр хуваан авчээ. Тэдгээрийн өөрсдөдөө авсан арга хэлбэр нь аргагүй л цагаандаа гарсан, цайсан дээрэмчдийн үйлдэл байдаг.

Жишээ нь, Тост, Тосон бумбын нуруунд олборлолт явуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг үл хэрэгсэн, дархан цаазат газраар бүртгэсэн хилийн шугамыг зориудаар өөрчилж байгаад ухаж эхэлсэн байгаа юм. Ийм хууль бус олборлолт явуулж байгаа “Саус Гоби Коал Транс” компанийн 50 хувь нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралд байсан. Гэвч хэрэг явдал хэл ам татлаад эхлэнгүүт өөрийнхөө нэрийг хасуулж, өөр хүмүүст шилжүүлсэн ажээ.

Гэхдээ үүнээсээ өмнө Тост тосон бумбын нуруунд олборлолт явуулахын эсэргүүцэн тэмцэл өрнүүлж буй бүхнийг нухчин дарах, амыг нь таглахын тулд тагнуул, цагдаа, хууль шүүхийнхнийг дайчлан чамгүй хөдөлгөсөн байгаа юм. Энэ тал дээр хатуу тэмцэж буй сэтгүүлч Х.Мандахбаярыг “Тосон бумбын нулимс” нэвтрүүлэг хийснийх нь төлөө удаа дараа тагнуул, цагдаагийн байгууллагаас дуудаж, айлгахыг оролдсон гэдэг юм билээ.

Тэгвэл одоо тэрхүү “Саус Гоби Коал Транс” компанийн 50 хувийг Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг буюу тус банкны Гүйцэтгэх захирал Ч.Орхон эзэмших болжээ. Үүгээрээ тэд нэг түрийвчтэй гэдгээ нотолсон төдийгүй эрх ашгийн нэг хөнжилд багтдаг гэдэг нь хэнд ч илэрхий боллоо. Б.Чойжилсүрэн улс төрд хүчин зүтгэж, УИХ-ын гишүүний албан тушаалтай байгаа тул хууль бус олборлолт хийж буй компанийн хувьцааг эзэмшээд байж таарахгүй нь хэр мэдээж. Д.Эрдэнэбилэг нь харин улс төрийн албан тушаал, сонирхол ч байхгүйн дээр нэр төрийн ямар ч дайралт ирсэн тоогоод, ажраад байхааргүй “гүрийгээд, гүлдийгээд” гарч чадах “цайчихсан” хүн.

Тост, тосон бумбын нурууны ойр орчимд олборлолт явуулж, нүүрс зөөж байгааг яагаад цагаандаа гарсан дээрэм гэж нэрлээд буй учир шалтгаанаа одоо тайлбарлая.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авч, хилийн хязгаарыг тогтоохдоо “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй 150 орчим мянган га газрыг хамгаалалтаас гаргаж үлдээсэн. Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтад байх газар нутгийн хэмжээ өмнө тогтоосноосоо багассан гэх энэ шийдвэрийг дээр дурьдсан МАНАН гэх бүлэглэлийн гишүүн гэгдэх Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар гаргасан нь бас нэгийг хэлнэ ээ.

Бас нэг ноцтой баримт нь “Сауд гоби коал транс” компани 2017 оны гуравдугаар сарын 9-ний өдөр буюу тусгай хамгаалалттай газрын хилийг тогтоох Засгийн газрын 91 дүгээр тогтоол гараагүй байхад уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Ингэхдээ Гурвантэс сумын 3, 4 дүгээр багийн нутаг Хөвд, Хуршуутын голын дунд уурхайн тосгоноо байгуулж, Хуршуутын голын баруун захад хоёр өрөм тавьж, замаа хусжээ.

Ингэж говийн ганц баянбүрдийн дунд уул уурхайн нүсэр техникүүд холхиж, газрын эд баялагыг урагшаа зөөж эхэлснээр Тостын нуруунд орогнож буй дэлхийд нэн ховордсон зэрлэг ан амьтад харангадаж, 2000 гаруй малчин уух усгүй, мал идэш тэжээлгүй, бэлчээрийн газаргүй болж буй юм.

Тост, Тосон бумбын нуруу бол нутгийн иргэд үе дамжин тахиж, шүтэж ирсэн, улаан номонд бүртгэгдсэн  15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг. Энэ нуруу бол дэлхийд ховордож  улаан номонд орсон цоохор ирвэсийн амьдрах сүүлчийн орчин гэнэ лээ. Тийм ч учраас “Де Нэйчэ Консерванси” олон улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийж хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд оруулсан байдаг.

Тэгвэл  эргэж хэзээ ч нөхөн төлжиж, сэргээгдэхгүй ийм нутгийг Б.Чойжилсүрэн, Д.Эрдэнэбилэг нарын хазааргүй шуналын аманд хаяж өгч, золигт гаргаснаараа Монгол Улс юу хожиж байгаа юм бэ. Нөхөн төлбөрт олгох цөөн төгрөгөөс өөр үлдэц, үр хүүхэддээ үлдээх юу ч үгүй л хоцорно.

Оронд нь ховдог, хомхой нь дэндүү хоёр хүний цулайсан тулмыг л улам цулайлгана. “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн нар яасан ханаж цаддаггүй шуналтай хүмүүс вэ.

Д.Эрдэнэбилэг гэгч олигархид одоо Улаанбаатар хотын төв талбайг барьцаалан их хэмжээний зээл авсан хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хэрэг гээд энэ хүний шуналаас үүдэлтэй хэргүүд дээр нь нэмээд, ийнхүү Тост, Тосон бумбын нурууг ухсан нүгэл нэмэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ч компанийнхаа эзэмшлийг шилжүүлснээр Тост, Тосон бумбын нурууг хувьдаа өмчилж, ухаж тоносон гэм, нүглээс нэр цайрна гэж байхгүй. Нүглийн нүдийг гурилаар хуурах, эсвэл үнэний нүдийг мөнгөөр таглах гэсэн иймэрхүү бусармаг, булхайтай үйлдэл нь хэрээс хэтэрч, тэдний шуналыг Монголын баялгаар дүүргэх ийм л гунигтай тавилантай нүүр тулж байна.

МОНГОЛЫН БҮХ ХУДГИЙГ ШИРГЭТЭЛ ЮҮЛЭЭД Ч ТЭДНИЙ ШУНАЛЫН ХОВОО ДҮҮРЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО! 

Нийтлэлч: Д.Дамдинжав

Эх сурвалж: Толь сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ