(Хэл, бичгийн ухааны доктор, дэд профессор)
Дунгар чи хорьдоо орох газаргүй болохдоо ирсэн. Харин бид тэр мангадуудыг чинь хүлээгээгүй, чиний зүүдлээ ч үгүй байхад халх монголд ирсэн. Чи дуулж байна уу. Бид монгол хошуунд орно. Чи муу Дунгар манай Агын хөлийн улыг долоож суух ёстой...” гэх мэтээр агсамнан хэлж буй үгэнд буриадын овог, эцгийн харилцаа, ахуй байдал зэргийг шингээхийг зорьсон нь харагдаж байнам. Туужид гарах, хойшид зохиолчийн уран сайхны сэтгэлгээний бас нэгэн улаан шугам болсон сонирхолтой зүйл бол шашны асуудал юм. Анх л Дунгарыг дагаж гарсан, хөл үймээнээс дайжиж, амар тайван амьдрал хөөхийн цаана, бурхны орон, Бэрээвэн, Богдын хүрээ, Гандан, их хутагт Богдод мөргөх, гагцхүү сүсэг бишрэлийн ганц л зорилго өвөрлөсөн Цэрэнбадам ламын дүр бий. Бэрээвэн хийдэд даатгал мөргөлөөр очоод, өөрийн итгэл үнэмшлээ даган, мөргөлийн мөр хөөсөн Цэрэнбадам эцэстээ “... Богд Жавзандамба гэгч амьд бурхны барааг харсандаа насныхаа хэргийг бүтээсэн мэт баярлаж билээ. Ингээд хэд хоног үүрээс үдэш хүртэл мөргөн хүрээний бараг бүх хүрдийг эргүүлж, сүм суварга бүгдийг тойрчээ.
Сүүлдээ ухаан элий балай болж дандаа бурхад догшдын дүрээр элдэв хий юмс нүдэндээ үзэж... ” явсаар сүүлдээ ухаан солиорч байна. Ганц Цэрэнбадам ч биш, Жонон ван сохор Богдын өвөрт хүүхэн шургуулсан, ингэж түүний таалал хүртдэг тухай бодол зэрэг нь туужид барьж буй шашны байр суурь, нэг ёсны бурхангүйн үзэл нэвт илэрдэг. Ингээд зогсоогүй, цаашид зохиолоос зохиолд шашны үзэл нөгөөх үндсэн чиг шугамтай зэрэгцэн сонирхолтойгоор үргэлжилдэг.
Буриадын нүүдэл, түүний аян шалтаг, улмаар угсаа гарал нэгт монголчуудтайгаа зэрэгцэн сууж, хэрхэн шинэ цагийн амьдралд орж Ононгийн хөвөөнд төвхнөж байгааг цаг хугацааны хувьд үргэлжлүүлэхдээ “...зохиолын үндсэн шугамаас гажуудалгүй өнгөрөөсөн ба харин үүнийгээ зохиолч С.Эрдэнэ “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг дараагийн бүтээлүүддээ өгүүлэмжийн өөр шугаман дээр дэлгэрэнгүй тавьж гаргасан байдаг. Дунгар гулбаагийн царайлаг төрсөн Балжид хэд хэдэн эртэй учирсан боловч нөхөр сүүдэргүй үлдэж байгаа, Сэмжидийн хайрт залуу Очирбатыг урьдын өш хонзонгоор Сангирал буудан хороож бэлэвсэн хүүхнүүд хоцорч байгаа зэргийг зохиолч ухамсартайгаар зориудаар дүрслэн гаргасан гэх үндэслэлтэй бөгөөд дараа дараагийн зохиолууддаа үүнийгээ тодруулан нөхөн бичсэн...” байгаа нь харагддаг. С.Эрдэнийн туурвилзүйн нэг онцлог тал бол барьж авсан сэдэв санаа, дүрслэгдэхүүнийг нэгэн удаад хөндөөд орхилгүй, түүнээ олон талаас нь, өнцөг булан бүрийг нь онгичиж, эерэг эсрэг аль аль байр сууринаас нь дэлгэн харж, өнөө сайн гэсэн зүйлээ маргааш муу талаас нь илчилж, муугийн цаана сайн далдлагдаж, сайны дотор муу оршиж байдаг тухай, зүйл бүрээр төнхөж, мэрж байдаг шинж гэж болно. Асуудалд олон өнгөөс нь хандах, хаанаас харахаасаа болоод утга чанар нь хувирч болдог тухай, амьдралд туйлын үнэн байдаггүй тухай, юуг ч болов нэг л утганд уядаггүй ажээ. Өөрийн хамгийн сайн мэддэг, оюун санааны нь нэгэн том орон зай болсон буриадын түүхийн нэгэн зуунд тохиосон онцгой тэр үйл явцуудаар дамжуулан, үлдээсэн сургамж, гашуун үнэн, хувь заяаны ээдрээ ончроог нэг харахад олон талаас мэт боловч, тодорхой хэдэн гол өгүүлэмжид тулгуурлан, зохиолоос зохиолд ургуулан гүнзгийрүүлсэн нь, нөгөө харахад буриад зоны түүхэн зүйгээр дамжуулан хүний мөн чанар, монголын түүхийн нэгэн үе, түүхийн ямар ч үед өөрийнхөөрөө оршин байдаг амьдралын алив нэгэн зүй тогтлыг бидний өмнө дэлгэжээ.
Монголын шинэ цагийн тууж бичлэгт “холбоо гурван тууж” гэсэн хэллэг бий болгож, тэр нь зохиолчийн туурвилзүйн онцлог буюу алив нэг сэдэл санаа, агуулгыг цааш үргэлжлүүлэх, үүнээ хэлбэржүүлэхдээ нийгмийн амьдралын түүхэн цуваа цагт цааш хэрхэн өрнөх, дараагийн шалгуур, болж өнгөрсөн хэрэг явдал ямраар эргэх тухай нэг талаас түүхэн хэв байдалд нь, нөгөө талаас дүрийн сэтгэл бодол, хувь заяаны орчинд шатлан салаалуулдаг тийм чанарын тодорхой нэгэн илрэл болсон. Онон мөрний сав нутагт хөл тавьж, хамгийн хар бор ажилд зүтгэж явсан Сэмжид басган, хувьсгал, шинэ цагийн эгэл ард бүсгүйн нэгэн хэв шинж болон өсч, хэдийгээр амьдрал эхэлж хайр сэтгэлтэйгээ учирсан ч, түүний нь шинэ цагийн хөгжилд тохиолдох саад бэрхшээл, хуучны үзэл бодол тэврэн хоцорсон. Хувьсгалын дараах шинэ цагийн амьдралд буриадын охид хөвүүд хэрхэн байр сууриа олж, өөрийн амьдралыг бүтээж, зорьсон зорилготой хүссэн мөрөөдөлтэй болж, нийгмийнхээ нэгэн эд эс нь болж явааг дүрслэхдээ, Хөх хулгана жил нүүн ирэгсдээс чухам Сэмжидийг сонгон, татан авчирч гаргах нь “Хүүхнүүдийн зун” хэмээх туужийн хувьд, өнөөх аварга том царс модны нэгэн салаа мөчир болгон ургуулах зорилго нь оршиж байгаа юм. Сургуулиа дүүргэлээ, намын түр сургууль хаалаа, албан ажил хийлээ, Зөвлөлтөд боловсролоо дээшлүүллээ, Раднаев, Элдэв-Очир нарын зөвлөгөө сургамжийг хүлээлээ, нэг ёсондоо тэр цагийн итгэл үнэмшил, ирээдүйн хүсэл тэмүүлэл боллоо. Чухам ийм хэв шинжийн гараар хөрөнгө хураах зэрэг засгийн ажлыг гардан гүйцэтгүүлж, жирийн хүмүүсийн амьдралд шинэ цагийн ээдрээ төвөгтэй үйл явц хэрхэн бууж, төр засгийн бодлого үйл ажил ямаршуу үр дүн дагуулж, хөрөнгөлөг хэдийн нь хоорондын атаа жөтөө, биеэ хорсон тэмцэж буй “өчүүхэн” үйл явдалд үүрүүлээд орхиж байна. “Холбоо гурван тууж нь өгүүлэмж, үйл явдлын хүрээнд хоорондоо нягт холбоо сүлжээтэй, ээдрээтэй, адармаатай, сонирхолтой болсны нэг жишээ бол Сэмжидийн хайрт хүн Очирбатыг буудан хороосон Сангирал хэмээх цагаантны үлдэгдэл оргодлын төрсөн ах Мөнхөө буюу Цеденов нь хувьсгалын үед хувь заяаны эрхээр үзэл бодол үйл хэргээрээ улаантны талд орж яван явсаар Сэмжидтэй ойртон танилцаж, Сэмжид түүнийг Сангиралын төрсөн ах гэдгийг мэдэн сэтгэл санааны хүнд цохилтод орж байгаа хэсэг юм. Хүний хувь заяа үйлийн үр гэдэг энэ мөн бололтой.” Ерөөс нэгэн зууны эхэн хагасын монголын түүхийн эргүүлэг, нийгэм, соёл иргэншлийн өөрчлөлт, түүний хар цагаан талыг илтгэх үндсэн чиглэл барьсан, түүнийг харин буриад зоны нүдээр харж, амьдралаар оролцож, сэтгэлгээгээр нээж, бусдын адил унаж босож, хувьсгалын хөл үймээнээс дайжиж, нүүдлийн их аяныг хөдөлгөж, шинэ цагийн сэхээтнийг ч хуучин феодал хувьсгалын эсэргүүг ч төрүүлж, хөрөнгөө ч хураалгаж, хайр сэтгэлээ ч алуулж, хүчирхийлүүлж ирсэн тэр бүх л түүх эрээнтэй бараантайгаа, хартай цагаантайгаа багталцах нүцгэн үнэн, хууль юм. Ийм л зовлон туулж, үхэж үрэгдэж, баярлахдаа баярлаж, гунихдаа гуньж явсан буриад зон олон одоо л нэг ураг төрөл нэгтэнтэйгээ нийлэн сууж, Онон мөрний хөвүүд басгад болж, дээрээ төртэй, дэргэдээ засагтай болж, амар тайван энгийнээр аж төрөх цаг болов. Гэтэл бас тийм биш байлаа.
Буриад зоны амьдрал, түүхэнд тохиосон эмгэнэлт тавилан, оюун санааных нь туйлын эмзэг цэг бол 1937 он. Үүнийг өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч, амьдралаараа туулж, сэтгэл санааны эмзэглэл тээж явсан хүний нэг бол Сэнгийн Эрдэнэ өөрөө. Аль ч талаас нь бодоход С.Эрдэнийн хувьд энэ бол уран бүтээлд нь, зохиол туурвилд нь, уран сайхны ертөнцөд нь хадагдаж үлдсэн, байх ёстой сэдэв. Гэхдээ яаж. 1970-аад оны сүүлээр бичсэн “Сэрүүн дуганы мөхөл” туужид анх түрүүн гол шугамаа болгон тавьсан байдаг. Энэ бол социализмын үзэл санаа амьд байсан, үзэл суртлын машин ажиллаж байсан үе юм шүү. Чухам л тиймээс шинэ цагийн сэхээтэн, цэвэр атейст үзэлтэй, сумын даргыг гол дүр-би баатраа болгон сонгожээ. Ийм л учраас төрсөн ахыг нь зүгээр ч үгүй лам болгон дүрслэв. Тэр байтугай бурхны ёсоо огоорч, винайн ёсоо алдан, эмэгтэй хүнтэй орооцолдсон, чухам баригдаж байвал “таарсан” лам. Тэгэх тэгэхдээ түүний хар багын сэтгэлдээ тээж явсан Дэжидмаа басган лам ахад нь сэтгэлээ өгчээ. Энэ үед хэлмэгдлийг ингэж ч бичихээс өөр яах билээ дээ. Өнөөх хэлмэгдлийнхээ овоо харааг буриадуудаас зайлуулахын тулд лам нарын ангид давхар тохож, улаан шарыг тунуулан орхимж нөмөргөв. Дээрээс нь хайр дурлалын гурвалжингаар далдаллаа. Дотоод сэтгэлийн эмзэглэл, барьсан гол шугамаа тээр цаана, үзэгдэхтэй үгүйтэй л оруулж дээ. Энэ эмзэглэлээ ч илэн далангүй уудлан илчилчихэж чаддаггүй, элдэв зүйлийн давхар хэрэг тулган буриадуудаа бас дахин нэг үзгээрээ “хэлмэгдүүлж”, ингэж бичсэндээ уран бүтээлээрээ өөрөө бас дахинтаа “хэлмэгджээ”. Гэхдээ “буриад”, “лам”, “эмэгтэй хүн” гэсэн энэ холион бантангийн “хэлмэгдүүлэл” дор өөр ч сонирхолтой нууцлаг юм бас бий, цэвэр уран сайхан талаасаа. Зүгээр ч нэг хэлмэгдлээс зугтах гээгүй, чухам ламыг сонгон онилсон нь санаандгүй зүйл биш байж таарсан. Туужийг эргэн нэг саная.
Дотоод яамны төлөөлөгчтэй хамт төрсөн ахыгаа баривчлан, тууж явтал, өөрийн нь унаган багын хайр сэтгэлээ өгсөн бүсгүй Дэжидмаа давхин ирж, Ямпил ахыг нь суллахыг гуйн, түүнийг аврахын тулд биеэ хүртэл түүнд тушаав. Хэлсэн ганц үг нь харин “Миний мэдэх юм алга. Ганц манайд биш улс гүрэн даяар ийм юм болж байна. Хувьсгалын эсэргүү лам нарын балаг энэ.” Харин лам ах нь баривчлагдаад явахдаа ингэж хэллээ. “...Хоёр өөр замаар явсан чи бид хоёр ингээд үүрд саллаа. За сайн сууж байгаарай гэв. Би нулимсаа барьж чадсангүй. Ямар ч гэсэн төрсөн ах минь юм даа. Үнэндээ ч бодь сэтгэлтэй, бурхны номд сүсэглэхээс өөрийг мэддэггүй хүн. Би түүнийг хамгаалах эрх ч байхгүй, хүсэл ч байсангүй. Ингээд бид саллаа.” Тухайн цагт нэг дор оршин байх үндэсгүй, биеэ хүлээн зөвшөөрөхгүй ангийн хурц зөрчил, төрсөн ах дүүсийг боловч салаа замаар одуулдаг байв даа. “Зөвхөн төрсөн үр нь биш насаараа шүтсэн шүтлэг нь бас баривчлагдсан хэрэг. Энэ шашин уу! Дэжидмаа хойд насандаа диваажинд төрж, Ямпилтай уулзана гэж итгэх юу ч биш. Үхэх төрөхийн хооронд хүмүүс бурханд шүтэж ухаан сэтгэлийнхээ хамаг нандин сайхныг хөдөлмөр хүч, эд хөрөнгөө зориулж, энэ насандаа зовж зүдэрсэн ч хойд насандаа жаргана гэсээр энэ болжээ...улсыг улс болгох ухаан чадалтай бум түмэн эрцүүл лам хувцас өмсөж, дуган сүмийн жавданд наалдатлаа суулаа...” Тийм л учраас тэдний тодорхой бие төлөөлөгч болсон Ямпил ах нь баривчлагдан одоход, төрсөн дүүд нь хамгаалах эрх байгаагүй, бас хүсэл ч байсангүй хэрэг аж. Харин түүний оронд зургаан жилийн өмнө нутаг нугаараа хөдлөн байж барьсан Сэрүүн дуганыг задлан сум руу зөөлгөх гэж иржээ. Сэрүүн дуганыг нурааж, модоор нь сумын сургуулийн байшин барих мэргэн арга олсон. Тэгээд ч хоосорсон дуган сүсэгтэн хүмүүст элдвийг бодуулж, санаа сэтгэлийг нь үймүүлэх магадгүй. Ингэж ухаарсан түүнд хамаг буруугийн эх ундарга өнөөх шашинд л чиглэжээ. Нийт олон түмнийг байтугай, гэм хоргүй төрсөн ахыг нь хүртэл шашны сүсэг бишрэл авч одсон. Сургуулийн байшин барих ёстой мод, чулууг ч шашин авч Сэрүүн дуганд аваачиж овоолсон. Тэр бүү хэл хайртай бүсгүй Дэжидмааг нь нэгмөсөн булаалаа. “Ноднингоос лам нарыг барьж эхлэхэд Ямпил ч баригдана гэдгээ мэдсэн юм. Тэгээд хөөрхий минь надтай нууц далдуур уулзах болгондоо бид хоёр энэ насандаа ханилж жаргах хувьгүй байж, хойд насанд маань уулзуулахыг бурханд залбиръя гэдэг сэн. Энэ насандаа жаргах хувьгүй маань хэлснээр нь боллоо. Бурханд шүтэх ариун бодь сэтгэлээс өөр хиргүй хүн юуны төлөө цаазанд орж зовох болов оо? Эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө гэсэн шашин бурхан хүн зонд ямар тотгор хийсэндээ ад үзэгдэх болов оо?” Ингэж асууж буй Дэжидмаа түүнд хайртай болох нь бүү хэл, эр хүний нь хувьд ч, хийж буй ажил үйлийг нь ч, үзэл бодлыг нь ч ойлгож ухаарахаас нэгэнт өнгөрчээ. Тийм л учир Дэжидмаа Ямпилтай хойд насандаа уулзахаар явж, Сэрүүн дуган зулын гол болох шахаж, байгаль дэлхий, ус шавар хүртэл сум руу явуулахгүй гэж байдгаараа зууран чангааж байсан юм. Ийм л учраас зохиолчийн насан туршийн эмзэглэл, санаандаа тээсэн гуниглал “Сэрүүн дуган мөхөхдөө ийнхүү их ажил, гашуудал зовлон авчирлаа.” гэсэн туужийн сүүлчийн үг, үсэгнээс нэн хурцаар үнэртсээр байна. Буриад зоны бие, сэтгэл, оюун дундуур туучин гарч, арилшгүй хөндүүр цэг нь болсон хэлмэгдлийн тэр он жилүүдийг Сэрүүн дуганы мөхөл дороос, бурхны шашны орхимжны цаанаас, хайр дурлалын төөрсөн манан дундаас арай ядан ялган олж үзэх нь гунигтай.
С.Эрдэнэ бурхны шашинд ингэж хандаж, атейст үзлийг тунхаглаж буй нь бүтээн туурвиж ахуй үеийнхээ цагийн өнгөнд дүйцүүлсэн нэгэн тал байх ч, ерөөс бурхан, ном, лам, ёсыг хэрхэн эргэцүүлэх, энэ талд өөрийн зүгээс тун буурьтайгаар тунгааж байсан нь харагддаг юм. 1960-аад оны дундуур “Ламбагуайн нулимс” өгүүллэгийн талаар томоохон маргаан дэгдэж, ламыг чухамдаа шоолох, өрөвдөх, хэрхэн ойлгох талаар олон санал, үзэл гарсан. Үүнд С.Эрдэнэ ч өөрийн бодлыг хэлж, “Утга зохиол, урлаг” сонины 1971 оны дугаар 11-т “Ламба гуайн нулимсны учир нэгэн бодол” өгүүлэл нийтлүүлжээ. Д.Нацагдоржийн зохиолыг шимтэж, түүнээс зохиолчийн хувьд хэн хэнээс илүүгээр суралцаж байсан тухай олонтаа өгүүлж, Д.Нацагдоржийн амьдрал, оюун сэтгэлд нэвтрэх, түүнийг нээх, тунгаан бясалгасан өнгө аястай “Цэнхэрлэн харагдах уул” тууж нь 1981 онд гарсан нь бий. Шашныг санамсаргүйгээр ч нэг хавчуулаагүй, төрсөн ахыг нь гэмгүй номхон хувраг болгосон нь зүгээр ч нэг цагийн аясад таацуулсан төдий биш, чухам хэлмэгдлийн сэдвийг хөндөхдөө заавал ч үгүй шашинтай холбон хавсайдсан нь тун аятайхан аян шалтаг болж, түүний цаана амьдралын эгэл жирийн нүцгэн үнэнийг олж харах, барин таних эрэл хайгуул явж байсныг хожим хожмын туурвилуудаар улам бүр ил болсон юм.
Өндөр гэгээний тухай “Занабазар” роман нь 1989 онд хэвлэгдэж, араасаа чамгүй маргаан, яриа хөөрөө дагуулсан. Ямар зарчим барьсан тухайгаа хэлэхдээ Өндөр гэгээнийг амьд бурхан, шүтээн гэхээс илүүтэй “...нэгэн суут уран бүтээлч, “зовлонт” хүн болгох буюу зүгээр л өөрийн Занабазарыг чадан ядан дүрслээд түүндээ итгэж, уншигчдад итгүүлэх гэсэн оролдлого... ” юм гэж тэмдэглэсэн байдаг. Сүүлд монголын бурхны шашны тухай ингэж хэлж байжээ. “Эх орны соёл нь бидний өвөг дээдсийн бидэндээ үлдээсэн их үнэт зүйл шүү дээ. 1937 онд оросууд манай сүм дуганыг устга гэж хэлээгүй л болов уу. Учир нь Оросууд өөрийнхөө сүм дуганд гар хүрээгүй. Харин бид чинь шашин лам нартай тэмц гэхээр л 700 сүм хийдээ нурааж бурхан тахилыг хэмх цохиод газар булсан, ном судраа шатааж салхинд хийсгэсэн шүү дээ.” 1990-ээд оны дундуур “Монголын соёлын сан” гэдгийг байгуулалцаж, Ганданд Мэгжид Жанрайсаг бурхныг сэргээн босгож залах ажилд сэтгэл, зүтгэл гарган явж байв. Өөрөөр хэлбэл бид С.Эрдэнэ зохиолчийн ертөнцийг үзэхүй ухаарал, бодлыг нэг зохиолын шугам, нэг баатрын үгээр ойлгох биш, нийт уран бүтээлийн, тэр тусмаа аварга царс болон сүндэрлэж буй холбоо хамааралтай олон олон мөчир, навч нахиа бүхий нэгэн том модны хувьд бол бүхэлд нь авч үзэх, мөнхүү цагийн салхийг бодолцох шаардлага бий гэсэн үг юм. Мэдээж үүнд баримт хэрэгтэй.
Цаг эргэлээ. 1990 он гарлаа. Бодож санаснаа, хэрэв байдаг бол сэтгэлийн мухартаа хадгалж, ил хэлж болохгүй байсан бүх л зүйлээ дэлгэж болох боллоо. С.Эрдэнэ шиг уран бүтээлчийн хувьд энэ бол жинхэнэ үнэн эрх чөлөөний агаар болсон юм. Бусад зүйлийг хэлдэггүй юм аа гэхэд, амьдралд нь биед нь тохиосон, сэтгэл санаа, үр хойчид нь мөнхөд хадагдан үлдсэн тэр орон зайгаа хаалт саадгүйгээр, дахин нэг хэлмэгдэнэ гэх болгоомжлолгүйгээр уудлан гаргах, ядаж хувь хүний хүсэл байсныг хэлэх юун. Ингээд гаргасаан. Олзуурхмаар нь “Хойт насандаа учирна” /1993/ нэрээр энэ насандаа гаргах хувьтай байжээ. “... үзэл суртлын хатуу дэглэлт, МАХН-ын дангаар ноёрхол хаанчилж байсан болохоор тэр хэцүү хүнд, эмгэнэлтэй цаг үеийг үнэнээр нь тодорхой бичих боломж хаалттай байсаар ерээд онтой золгов. Өмнө нь зохиолчийн “Хөх хулгана жил”, “Сэрүүн дуганы мөхөл,“Сэмжүүдэй” тууж бусад өгүүллэгт цухас цухас гарч байсан гучаад оны хэлмэгдүүлэлтийн эмгэнэлтэй түүх энэ романд сая өөрийн үнэн дүр төрх, мөн чанараараа бүрэн бүтэн гарч ирсэн юм. Зохиолчийн нүдэн дээр болж, түүний амьдралд хүнд ул мөрөө үлдээсэн тэр хэлмэгдүүлэлтийг бичиж үлдээх нь түүний хувьд зохиолчийн болоод иргэнийх нь үүрэг байсан хэрэг юм.” Романд дагалдуулсан шүүмждээ Баабар зохиолчийн гарцаагүй сонголтыг тодлон “Үүнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хүчилсэн юм. “Хрущевийн уярал” хэмээх хэдхэн жилийн үүлэн чөлөөний нарны туяанд үгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай байлаа. Эргээд энэ бүтээл нь хаагдсан боловч үзэл санаа галд шатдаггүй аж. Ерэн он харанхуй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр боломж олгодоггүй байсан сэдвээ дахин...” хөндсөнийг онцолсон. Золбин шар гөлөг загасны ясанд хоолойгоо тээглэн үхлээ эрж явахад нь Сонров таарч, ясыг нь авч хаян амийг нь аварсан бол, харж тачааж явсан хүүхнээ Сонровт алдаж, уурандаа багтарч явсан Яндаг талхины голд саван алж байна. Яндагийн хувьд дур хүсэл, хайр сэтгэл нь эрүүл ухааныг нь манангаар хучиж, өөрөө ч мэдэлгүйгээр хожмоо нийгэм даяар, монголын бүхий л айл өрхөд хүртэл нэвтрэн орсон их хэлмэгдүүлэлтийн очийг үлээн түймэрдсэн бол, Сонров мөн л хайр сэтгэлийнхээ үзүүрийг дагаж явсаар мөн өөрөө ч мэдэлгүйгээр эсэргүү бүлгийн толгойлогч боллоо. Хэн аль нь өөрийн мэдэлгүйгээр зөвхөн нэг хувь хүний хайр сэтгэл, дур хүслэн төдийгөөс болж, хэнээс нь ч үл хамаарах нэгэнт төлөвлөгдсөн байсан их хэргийн золиос, хэлмэгдэгч болж, төрийн тэргүүнийх нь эрх мэдлээс ч хамааралгүй болсон махны машины нэгэн эрэг шураг болсноо мэдсэнгүй.
Үргэлжлэл бий...