А.Мөнх-Оргил (Хэл, бичгийн ухааны доктор, дэд профессор)
-Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 90 жилийн ойд зориулав-
Алив зохиолыг авч үзэх, түүнд нэвтрэх олон түлхүүр байдаг хийгээд, энэ түлхүүр тухайн зохиол хийгээд түүнийг бүтээгч, бий болсон түүхэн нөхцөл, цаг хугацаа, орон зай зэрэг олон олон хүчин зүйлийн холбоо хамаарал, сэжим учгаар дамжин тэрхүү уран сайхны ертөнцийн хаалгыг уншигчийн өмнө нээдэг. Ялгаатай нь бүх хаалганд таарах түлхүүр гэж үгүй. Цоожны нүх, цүү цуурга бүхэн олон төрөл, янз маягийн араа шүд, зай завсартай, гагцхүү түүнд нь түлхүүр тааруулахын тулд утга зохиолын судлал хэмээх ухаан, түүний салбар ухаанууд үүсэн бий болж, үндсэн зорилго, зорилт нь чиглэж ирсэн гэхнээ болох юм.
XX зууны эхэн үеэс өөрөөс үл хамааран өрнөсөн дэлхий нийтийн улс төрийн эргүүлэг, хувьсгал, дайн, түүний хөл үймээнээс дайжин, ингэхдээ өөрсдийн угсаа гарал нэгтнээ зорин тэмцсэн буриадын зон олны нүүдлийн шууд үр угсаа, бодит гэрч нь болсон нь Сэнгийн Эрдэнэ зохиолчийн уран сайхны ертөнцөд нэвтрэх цүү цуургын эхний нэгэн сэжим мөн. 1960 хэдэн оны шинэ соёл иргэншлийн эхний эгнээнд явж, шинээр төрөн гарч буй сэхээтний давхарга, уран зохиолын нэгэн үеийг бүтээгчдийн нэгэн болж, амьдарч бүтээж ирсэн зам мөр нь мөн зохиолчийн уран сайхныг нээх бас нэгэн сэжим болдог. Төрсөн эцгээ хэлмэгдлийн илдэнд цаазлуулж, хөрөнгөө хураалгаж, нийгмийн айдас хүйдсийн мананг бага ч атугай мэдэрсэн нь хувь бодгалийн ертөнцийг бүтээлцсэний хувьдаа тэрхүү цоожны нэгэн араа шүд болсон нь ч зүй юм. 1960-аад оноос сонин хэвлэлийн хуудсаар илтгэсэн нийгмийн олон талт үзэл бодол, санал сэдэл, “Хар хун шувуу” /1997/, “Халхын заяат харгуй минь” /1999/ дурсамж туужис, “Зохиолчийн хөдөлмөрийн тухай эргэцүүлэл” /2013/ зэрэг уран зохиол, түүнийг бүтээх үйл ажлын тухайд дотоод ертөнцийн эргэн тойрноосоо хуваалцсан нь байна. Ийм ийм хүчин зүйлүүд Сэнгийн Эрдэнэ хэмээх уран сайхны ертөнцийг олж харах хаалга цонхыг нээх тэрхүү түлхүүрийг та бидэнд атгуулах учиртай.
“... зохиолчоос түүхэн баримтад хандах хандлага, түүхэн үйл явдлыг зөвөөр дүгнэх улс төрийн хараа, бичиж байгаа зохиолынхоо агуулга, чухам юуг тэргүүн зэрэгт тавьж үзүүлэх гэсэн зорилго, гол шугамаа алдахгүй байх явдал чухал юм. Түүхэн баримт сэлтэд хүлэгдэн зохиолынхоо уран сайхны чадлыг хохируулах эсвэл уран сайхны талыг бодов гээд түүхэн баримт, түүхэн үнэнийг гуйвуулах аль аль нь байж болохгүй билээ.” Зохиолчийн уран бүтээлдээ хандах хандлага, баримтлах зарчим энд тод харагдах хийгээд, болж өнгөрсөн түүхийг хэрхэн авч үзэх, тухайн түүхийн үйл явдлыг уран сайхнаар илэрхийлэхдээ тэдгээрийн харьцааг хэрхэн туйлшруулахгүй байх, мөн нэг гол анхаарал татах зүйл бол тухайн зохиолд хэдийгээр амьдрал, түүх, нийгмийн олон асуудал тусч болох авч зохиолч өөрөө тэнд баримтлах гол шугам гээч зүйл байдаг, байхаар барахгүй түүнийг ямар нэг байдлаар алдагдуулахгүй байх нь чухал тухай хэлжээ. С.Эрдэнэ тэгвэл түүхийн сэдэв, түүний тодорхой нэгэн тал агуулга, барьсан шугам зэргийг ямар байдлаар гарган тавьж, цааш үргэлжлүүлэн нарийсган тусгасан, түүгээр дамжуулан үзэгдэл, юмсын мөн чанарыг танин нээж ирсэн уран сайхны боловсруулалтыг өчүүхэн ч болох нь ээ нээх түлхүүр тааруулж болох юм.
1969 онд “Цасан дорх ногоо” хэмээх тууж бичсэн. Байгаль нуурын биеэр нутаглагч эртний ойн иргэд буюу буриад угсааны зон олны түүх XX зуунд урьд өмнө байгаагүй их хөдөлгөөн, нүүдэл, тархалт, хувь заяаны эргүүлгийг туулж өнгөрүүлэх жамтай байжээ. Энэ их эргүүлгийн хамгийн эхний шалтаг, сэдэл нь Орост өрнөсөн хувьсгал, иргэний дайн болсон байна. Хэчнээн ч он онд юм хязгаар нутагтаа өөрсдийн тааваар амьдран суусан Цөх голын хөвөөний Мөөрөөч тосгоныхныг дэлхийн газрын зургийг өөрчилсөн их эргүүлэг өөртөө хаман авах нь тэр. Энэ их хуй эргүүлгийг Петербургт цэргийн сургуульд явсан, арьсны заводын эзний дүү Елизар тээж ирлээ. “Агуу их эзэн хааны сүнс, зовсон орос орны дээгүүр эргэлдэж байна. Улаантнаас өшөөгөө авах цаг заавал ирнэ. Атаман Семёновын их цэрэг Байгалийн энтээх бүх нутагт эзэн болсон. Япон эзэн хааны цэрэг бидэнд туслахаар газар дэлхийг бүрхэн ирж байна. Байгал далайгаас гадаад их далай хүртэл эрх чөлөөт шинэ улсыг тогтооно!” хэмээн тунхаглаж, түүнийхээ баталгаа, хүрэх арга зам болгон хоёр улаан цэргийг нутгийн олны нүдэн дээр буудан алснаар тосгоны тайван нойрмог байдал хэдэн арван жилээр алдагдаж, цаашлаад энэ нэгэн угсаатны ирээдүй хойчийн тавилан тааварлахын аргагүйгээр зурагдах учиртай байв. Чухам энэ л түүхэн үйл хэрэг Сэнгийн Эрдэнийн төдийгүй Монголын шинэ утга зохиолын түүхэнд үзэл бодол, уран сайхны сэтгэлгээний онцгой нэгэн улаан шугамыг татаж, жилээс жилд, зохиолоос зохиолд салаалан мөчирлөж, урган нахиалсаар газарт хавсан нэгэн бат бөх үндэс бүхий, аварга том царс мод болон уран зохиолын цэцэрлэгийг чимэн сүглийх болсон юм. “Сибирийн гүнд буриадуудын бяцхан тосгонд улаан цагаан хоёрын эсрэг тэсрэг үзэл зөрчилдөж нэг тосгоныхныг хувааж орхив. Гомбо хувьсгалчийн охин Оксанатай үерхэн нөхөрлөж хорвоогийн эрээн барааны учрыг өөрийн хэрээр ойлгохыг хичээнэ. Гэвч тэрхүү улаан цагаантны үзэл гэгч бяцхан хүүг ч өөрийн эргүүлэгтээ татан оруулж, аргагүй винтов буу шагайн хүн буудахад хүргэв.” Улаан цагаан байтугай, урдах хойтохынхоо ч учрыг ялгах тэнхэлгүй Гомбо хүүгийн гох дарсан буун дууны нүргээн өнөө ч замхраагүй байна.
Туужийн хамгийн гол ололтыг түүний хөндсөн агуулга, хожим тодоор зурайх улаан шугам байжээ гэж ойлгох нь зөв. Нэгдүгээрт хувь зохиолчийн уран сайхны ертөнцийн нэгэн том орон зайг эзэлсэн дээрх сэтгэлгээний уг үндэс, шалтгаан нөхцөлийг анх хөндсөн, дэлгэн тавьсан хэрэг юм. Мэдээж түүнийг боловсруулах, зохиомжлох, дүрийн сонголт, хэлбэр хийцийг С.Эрдэнэ гэхээсээ 1960-аад оны үеийн уран сайхны орчин, түүний заавар горим, үзэл суртлын хэм хэмжээ тогтоож өгсөн гэж ухаарах нь илүүтэй зүйд нийцэх буюу. Хоёрдугаарт энэ чиглэл тасралтгүйгээр, хамрах олон янз агуулгыг өөр утга болгон гүнзгийрүүлэх замаар салаалан хөвөрсөн нь, үлгэрлэвээс нийгмийн болон хувь бодгалийн сэтгэлзүйн өргөн хүрээний утга агуулгын торлог хэлхээний чухам холбоос эд, сайн ажиглавал цаана нь тогтоон барьж буй тэр л улаан шугамын эхлэл цэг болсон хэрэг мөн. Энэ улаан шугам 1970 онд бичсэн “Хөх хулгана жил” туужаар үргэлжилсэн. Оросын хувьсгал, Японтой хийсэн дайн, иргэний дайны хөлд нэрвэгдсэн эгэл жирийн буриадууд нэгдүгээрт амар тайван амьдрал эрэн хайж, нөгөө талаар үндэс угсаа нэгт, язгуур монгол туургатан, түүний гол цөм болсон, хамгийн гол нь туурга тусгаарлаж, ямар боловч эрх чөлөөт бүрэн эрхт Монгол орноо зорин тэмцсэн нь энгийн нэг дүрвэлтээс олон зүйлээр ялгардаг. Үүнийг тодруулахад тухайн цаг үеийн түүхэн баримт хэрэгтэй. “... XIX зуунд буриадын нутагт орос тариачдыг нүүлгэн шилжүүлж, газрыг эзэмших, байгалийн баялгийг нь аж ахуйн эргэлтэд ашиглах нь ихсэв. Орос улс 1900 оны зургаадугаар сарын 5-нд Газар зохион байгуулалтын хууль гаргаж, газар эзэмшлийн нэгдсэн норм, нэгдсэн төлбөр тогтоосноор, 1917 он гэхэд Эрхүүгийн буриадууд газрынхаа 53.3 хувь, хорийн буриадууд 49 хувийг алдаж бэлчээрээр хавчигдан, мал сүрэг нь хорогдож байв.” Үүнтэй зэрэгцэн үнэн алдартны шашин дэлгэрүүлэх, тухайн шашинд оруулах зэрэг үйл ажиллагаа урьд байгаагүйгээр эрчимжсэн. “Хаант Орос улс 1901 оны дөрөвдүгээр сарын 23-нд шинэ үндсэн хууль гаргаж, буриадуудын овог, аймгийн удирдах засаглалыг устгаад, Оросын өөрийн захиргааны нэгжүүдийг буриадад байгуулж, төр засгийн бүхий л үйл ажиллагааг оросчлон явуулах болов. Энэ үед татвар ч нэмэгдэв.” Амьдарч байсан суугуул нутаг орон нь ийм мэтээр хувьсан өөрчлөгдөж ирсэн бол, чухам зорин нүүх, тэмцэн зүтгэх тэр газар нь бас л тохиолдол биш байсан юм. Түүхчдийн өгүүлдгээр энд шийдвэрлэх нөлөө өгсөн хүчин зүйлийг 1911 оны Хаант улсаа зарлан тунхагласантай холбон авч үзэхээс өөр аргагүй. Пан монголизмын үзэл энэ үед маш өргөнөөр дэвшүүлэгдэж, тоглогч гүрнүүдийн өөр бусад эрх ашиг үүнд өөрт ашигтай янз бүрийн бодлого баримталж ирснийг бид мартаагүй. “Халх монгол угсаатнуудын нэгдэх хөдөлгөөний төв болж Барга, Өвөр монгол, Буриадаас дэвшилт олон хүмүүс халхад ирж, нэгдэх хөдөлгөөнд идэвхтэй оролцон, нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө хүчин зүтгэсэн билээ. үндэсний нэгдэх хөдөлгөөний удирдагчдын залгамж халаа төрөн гарч, үүнд С.Данзан, Ж.Цэвээн, Э.Ринчино нар орсон. 1920-иод онд том гүрнүүд Нармай монголын үзэл буюу Монголын нэгдэх хөдөлгөөнийг өөрийн зорилгодоо ашиглахыг хичээж байв. Өвөр монгол, Барга, Буриадын төлөөлөгчид Нармай монголыг байгуулах асуудлыг хэлэлцэн, Нэйс гэгээнээр толгойлуулсан Түр засгийн газрыг байгуулан, Парисын бага хуралд төлөөлөгчөө илгээхээр шийдэж, өөрийн армиа зохион байгуулахаар шийджээ. Монголын нэгдэх хөдөлгөөний зүтгэлтнүүд Туваг монголд нэгтгэх, Оросын харьяат буриадуудыг монголд чөлөөтэй ирж суурьших нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг Оросын талд удаа дараа тавьсны дүнд тохиролцоонд хүрч, олон мянган буриадууд монголд ирж суурьшжээ.” Монгол угсаатны нэгдэх үзэл санааны онолын эцэг нь Ж.Цэвээн байсан, олонтаа эшлэгддэг Швейцарь лугаа улс болох буюу төвийг сахисан Төв азийн Холбооны улс байгуулах үзлийг баримталж, сурталчилж ирсэн, Хаант улсын болон Ардын Засгийн үеийн төрийн тэргүүн, голлох улс төрчдийн дунд энэ үзэл санаа хүчтэй байсаар байсан, Х.Чойбалсан үхэн үхтлээ монголчуудыг нэгтгэх чин хүсэл өвөрлөж явсан зэрэгтэй холбоотой олон баримт тоочиж болох юм.
Ийм ийм хүчин зүйл, эдгээр түүхэн тохиол, 1923 оны хавар хорь буриадын язгууртан Дунгар гулбаагийн тэргүүлсэн бүлэг айл өрх Онон голын сав газрыг зориход хүргэсэн бөгөөд, нийт буриад зоны олон арван нүүдлийн нэг нь л энэ аж. Туужийн үндсэн улаан шугам мөнөөхөн буриадын түүхэнд гарсан нүүдэл, өнөөдрийн суугуул нутагт ирж суурьшсан түүх, Онон мөрний хөвөөнд нутагшсан үйл явдал байсан гэж болно. Зохиолчоос үүнийг дүрслэхдээ үзэл суртлын ч тэр, цаг үеийн ч тэр уран сайхны зарчим болон түүхийн цаг хугацааны хувьд ч Монголд өрнөсөн хувьсгал, Ардын засаг тогтож буй үеийн өөрчлөлт, бидний томьёолдог Түүх-хувьсгалын сэдвийг дэвсгэр болгосон нь аль ч талаас зайлшгүй сонголт байж таарна. Нөгөө талаас түүх-хувьсгал, ардын хувьсгалын сэдэв бол тухайн үеийн урлагийн үндсэн тусагдахуун байсан, харин түүнээ илтгэхдээ монголын аль нэг хязгаар нутаг, Хөвчийн Жонон вангийн хошуу, Онон голын савд нүүн ирж суурьшсан буриад нарын амьдрал ахуй, хувь заяанд хэрхэн туссан уран сайхны үнэнийг харуулахыг зорьсон болж байгаа юм. Тийм ч учир туужийн гол чигийг “... хэсэг буриад айл өрх монгол нутагт шилжин ирж суурьшиж байгаа болон орон нутагт ардын хувьсгал, ардын засгийн нөлөө хүчтэй болж, хуучныг зоримог халан шинэтгэж байгаа үйл явц, мөн өдрөөс өдөрт эрч хүч авч байгаа ардын нам засгийн хувьсгалт арга хэмжээ ноёд дээдсийн эрх хэмжээг хязгаарлан хөдөлмөрчин түмний эрх ухамсрыг сэргээсэн хувьсгалт өөрчлөлтөд хорссон монгол буриадын ихэс дээдсийн явцгүй дайсагнасан оролдлого хуйвалдаан...” байсан гэх мэтээр дүгнэж ирсэн хэрэг. Харин туужид гарсан бусад олон зуун түүх-хувьсгалын сэдвээс ялгарах гол онцлог бол “... Монгол улс эрх чөлөөгөө олж тусгаар тогтносон улс гэрээ төвхнүүлэхэд Монгол туургатан буриадууд эзэн Чингисийнхээ голомтыг тэмцэн монгол орондоо нүүдэллэн ирж байгаа түүхэн үнэний дэвсгэр дээр хорь гучаад оны монгол хүмүүсийн амьдралын тухай бодол, хүсэл тэмүүллийн ертөнцийг ихээхэн амьд урнаар... ” үзүүлэхэд чиглэсэн байгаагаар авч үзэх нь, нэг талаар цаг үеийн шаардлагаас ангижрах, нөгөө талаас зохиолчийн ч, утга зохиолын түүхийн судлагдахууны өнцгөөс ч тэр илүү голчтой баримжаа өгөх юм. Давтан өгүүлэхэд өмнөх судалгаа, үнэлгээ дүгнэлтийг тэр тусмаа түүхийг ямар нэг байдлаар шүүн хэлэх санаа байхгүй, гагцхүү С.Эрдэнийн барьсан улаан шугам яаж үргэлжилж вэ гэдэгт л голлон чиглэж буй хэрэг. Харин үүнийхээ харагдах өнгийг бүдгэрүүлж, хувьсгал, шинэ хуучны зөрчлийг илүүтэй товойлгон тавьсан нь зүйн доторх явдал. Ардын засгийн төлөөний түшмэл Очирбат, эрх тушаалаа өгч байгаа Жонон ван нарын эхний уулзалтыг “-Ван таныг хүлээж энд гурав өнжлөө. Таны биеийн чилээрхсэнийг дуулсаан гэхэд ван сахлаа имрэн ширвэлзэж, -Хэмжээт эрхт хаан төр, хэмжээгүй эрхт ардын засгаар сонин юу байна даа, тэгээд? гэж илэрхий өдөх байдалтай хэлэв.” гэж дүрсэлжээ. Шинээр тогтож буй ардын засаг төр, түүнд угаас таагүй хандаж байгаа хуучны засаг хоёрын нэг нь биеэ барин тэвчингүй хандаж буй болон, нөгөө нь хэдийгээр байраа тавьж байгаа ч дургүйгээ үл нуух хандлага тун тод харагдаж байна. Мэдээж Жонон вангийн хамсаатан, буриадын хувилбар нь Дунгар гулбаа, хувьсгалын эсэргүү, цагаантны холбоотон, буриадын хувилбар нь Сангарил, харин Очирбатын буриад хувилбар бол угсаа гарал, амьдрал ахуйн хувьд ч ялгарах юмгүй Чойнхор, эмэгтэй нь харин мөн тийм хэв шинж бүхий Сэмжид бүсгүй бөгөөд, эдний хооронд шинэ хуучны зөрчил, хувьсгалын төлөвшил, бэрхшээл, ялан дийлж буй үзэл санаа эргэлддэг. Гэхдээ энд зохиолч өнөөх улаан шугамаа янз бүрийн байдлаар хадгалсаар байсан. Нэг ёсондоо нутаг гуйн, нүүж дүрвэж ирсэн Дунгар гулбаа шинээр тогтож буй Ардын засгийн бүрэн эрхт төлөөлөгчтэй анх учрахдаа, өөрсдийн байдлыг чухам тод гарган хэлдэг. “-Буриадын ард бид болбоос хувьсхаалын улаан тугийн доор мөнөөдөр, энэ 1923 оны намрын сайхан өдөр сууж байна. Монголын ардын засаг их өршөөл ивгээлээ соёрхож, төөрч тэнэсэн ах дүү биднийгээ халх монголын гэр бүлд багтаан авах болсон байна. Төөрсөөр төөрсөөр төрлөө олно гэдэг энэ биз. Бид хэчнээн их зовлон эдлэвч ингэж ариун цагаан буяны харгуйг олох хувьтай байжээ. Энэ бол эх монгол нутгаа гэж залбирч явсан эцэг өвгөдийн маань буяны хариу ирж байна. Энүүнээс илүү аз жаргал бидэнд үгүй.” Ардын засаг, хувьсгалын улаан тугийн намираан дор, буриадын үнэн өчил, эцэг өвгөөс хүсэн хүлээсэн, зорьсон тэмүүлсэн нэгдэл, халх монголын гэр бүлдээ багтах дуу хоолой ямар ч атугай сонсогдож байна. Хариу хэлэх Очирбатын үгэнд шинэ засгийн бодлого, буриадуудад хандах нийт халх монголын санаа сэтгэл ч байна гэхнээ болно. “-Бид буриад ах дүү та нарыг өөрийн мах цусны тасархай гэж үздэг. Манай ардын хувьсгалын зорилго бол олон үндэстэн ястанг эвлэрүүлэн нэгтгэж эв найрамдалтай нэг гэрийн хүн шиг болгох явдал юм. Бүх дэлхийн хувьсгал зайлшгүй учраас хэзээ ч хувьсгалын улаан тугийн дор бид бүхэн нэгдэх ёстой. Зарим хэрцгий хүмүүс та бүхнийг цагааны оргодол гэх мэтээр доромжилж магадгүй. Тэгвэл бид хувьсгалт монголын бүрэн эрхт ард гэж хэлэх хэрэгтэй...” Энэ бол түүхэн үнэн зүйл юм. Шинээр байгуулсан засаг төрийг эмхлэн байгуулахдаа янз бүрийн цагт нүүн ирсэн буриад нарын асуудлыг, ялангуяа 1921 оны сүүл үеэс Оросын төлөөний түшмэлтэй тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэж ирсэн. Засгийн газрын шийдвэр болон, Ж.Цэвээн, Ю.Дорж, Эрдэнэбатхаан, Цогт Бадамжав нарын сэхээтнүүдийн идэвх зүтгэлийн дүнд 1922 оны эхээр “Буриад-монголын хэргийг түр эрхлэх тусгай комисс” байгуулагдаж, монголд дагаар орох буриадуудын асуудлыг хэлэлцэх “Орос, Монголын хамтарсан комисс” мөн байгуулж, буриадын хэрэг эрхлэх түр комиссын хурлаас тэдний засаг захиргаа, цаашид улсын бүтцэд орж зохион байгуулагдах, ардын засгийг дэмжих хүрээнд газар нутаг заах, тамга тэмдэг олгох, хүн малын тоо толгойг тогтоох зэрэг шийдвэрийн дагуу, анхны буриадын хүн амын тооллого нас хүйс, мэргэшил, малын тоо, дотоод овгийн бүртгэл зэрэг нэлээд нарийвчилсан хэлбэрээр явагдсан байдаг. Өөрсдийн нь саналыг үндэслэн Монголын засгийн газар, Оросын талтай хамтран шийдвэрлэснээр “Буриад монголын хурлын газар”-ыг 1922 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор байгуулж, анхны даргаар Д.Цэдэн-Иш, 1923 оноос “Улаан толгой” хочит Б.Дугаржав нар ажиллаж байсан баримт байна. Ардын засгийн үйл хэргийг дүрсэлж ирсэн тэр л ерөнхий загвар мэдээж бий боловч, түүнээ буриадын зон олны дотоод зөрчил, анги бүлэг, тэр бүү хэл овог удам, эцгийн ялгаа, харилцааг оруулсан нь барьсан улаан шугамаа аль болох алдалгүй байсантай ч холбогдоно. Дунгар ардын засагт үгээ хэлж байх тэр мөчид хэсэг морьтон шуугин ирж “-Дунгар чи дуулж бай! Бидний толгой дээр дахиад гарлаа гэж их амьтан сууж байна уу чи. Хорийн гулбаад Агын зон захирагдахгүй. Ага найман эцгийн хөвүүд холхиндог хорийн дор орох болоогүй.
Үргэлжлэл бий...