Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн тэрбээр хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү юм. Удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү Э.Дашнямтай ярилцлаа.
Зургаадугаар сарын 23-нд “The Voice of Mongolia” шоуны тусгай дугаар гарах юм байна. Энэ дугаараар Ука шүүгчийн аавдаа зориулж зохиосон цоо шинэ дууг тэр дуулах аж. Э.Дашням “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шилдэг дөрвөн оролцогчийн нэгээр шалгарсан билээ.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана төрж, өссөн бэ?
-Би Төв аймгийн Алтанбулаг суманд төрж, өссөн. Хөдөө ээж, аав, өвөө, эмээтэй, дүүтэйгээ мал дээр өссөн. СУИС-ийг 2015 онд И.Дашцэрмаа багшийн удирдлага дор, уртын дуучин мэргэжлээр төгссөн.
-Гэрийнхэн нь Төв аймагт байдаг уу. Хотод хэнтэй амьдарч байна?
-Манай гэрийнхэн хөдөө, Төв аймгийн Баяндэлгэр суманд отроор явж байгаа. Малчин хүмүүс чинь малаа таргалуулахын тулд хаана өвс ногоо байна тэнд явдаг хүмүүс шүү дээ. Хотод дүүтэйгээ амьдардаг. Дүү маань ажил хийдэг.
-Аав, ээж нь хүүгээ телевизээр хараад, дэлхийн хэмжээний том шоунд оролцохыг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Хүүгээ хараад их баярлаж, бахархах сэтгэл төрсөн гэсэн. Ээж, аав маань надтай утсаар ярихдаа “Хүүгээрээ бахархаж байна” гээд уйлсан.
-Танай гэр бүлд өвөөгөөс нь өөр урлагийн хүн бий юу. Өвөөгөөс нь урлагийн мэдрэмж, дуулах авьяас өвлөгдөж үлдсэн гэж хэлж болох уу?
-Тийм ээ. Том хүний ген, мэдрэмж, авьяас нь өвлөгдөж ирсэн байх. Түүнээс гадна аав, ээж хоёрын удамд хувилгаан лам, уртын дуучид байсан. Энэ бүх ген өвлөгдөж ирсэн болов уу.
-Өвөөгийн тань "Хэнтийн өндөр уул" гэдэг уран бүтээлээс сэдэвлэсэн "Уул" гэж бүтээлийг та шүүгч Укатай хамтарч дуулсан. Тэр үед өвөөгөө илүүтэй бодож дуулсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Өвөөгөөрөө их бахархсан. Маш гоё мэдрэмж авсан. Монголын орчин цагийн өнгө төрхийг харуулж яваа гайхалтай дуучинтай дэлхийн тайзан дээр хамт дуулсандаа баяртай байна. Ука шүүгч өмнө нь "Хэнтийн өндөр уул" уран бүтээлээс сэдэвлээд "Уул" дуугаа хийсэн юм байна лээ. Ука шүүгч надад хэлэхдээ “Ерөөл тавилангаар учирсан хоёр юм шиг санагдаж байна. Б.Дамдинсүрэн гуайн зээ хүүтэй нэг багт ороод, энэ дууг дуулна гэж бодсонгүй” гэж ярьж байсан. Энэ мундаг дуучин, шүүгчтэй гурван уран бүтээл дээр хамтарч ажилласандаа баяртай.
-Ука шүүгч шүүрэхээс өмнө тоологдсон 10 хором ямар байсан бэ. Дотроо юу гэж залбирч байсан бэ?
-“The Voice of Mongolia” шоуны шат болгонд би заавал түрүүлнэ, ялна гэж бодож ороогүй ээ. Зүгээр л гоё сайхан эгшиг аялгууг хүмүүст хүргэе гэж бодсон. Гэхдээ тухайн үед “Намайг шүүрээсэй, дараагийн шатанд тэнцэх юмсан” гэсэн бодол төрж байсан. Би “Хурд” хамтлагийг сонсох дуртай. Тэр утгаараа “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууг дуулж оролцсон. Тухайн үед Отгонбаяр ах ганцаараа эргэж хараад, намайг багтаа багтаасан. Хэрэв Отгонбаяр шүүгч эргэж хараагүй бол би өнөөдөр ингээд сууж байхгүй. Battle-ийн шатанд сонгодог урлаг, уртын дууг хослуулсан Отгонбаяр шүүгчийн мэдрэмж, алсын хараа нь маш их таалагдсан. Нөгөө талаас “Өмнө мөнх эх орон” дууг Дашчанаравтай хамтарч дуулсныгаа би өрсөлдөөн гэж бодогдоогүй. Бид хоёр бие биенээ дэмжиж, тэр дууг амилуулахын төлөө хичээсэн. Энэ дууны дараа сонголт хийхэд Отгонбаяр шүүгчид хэцүү байсан байх. Дашчанаравыг сонгосны дараа би тайзан дээр уртын дуугаа дуулсан. Надад олдсон 10 хоромыг би маш сайн ашиглаж чадсан гэж боддог. Тухайн үед “Тэмцээнээс хасагдлаа” гэж айж сандраагүй учраас сурсан зүйлээ харуулж, Ука шүүгчид шүүрүүлсэн.
“The Voice of Mongolia” шоуны төгсгөлийн шат цацагдах цаг үетэй давхцаж Ука шүүгчийн аав нь өөд болсон байна. Гэсэн ч тэрбээр үзэгчдийг, оролцогчдоо хүндэлж шоугаа амжилттай өндөрлүүлжээ.
-Тайзан дээр сандрахгүй байх, өөрийнхөө сурсан зүйлийг бүрэн харуулах нь тухайн хүний хамгийн том давуу тал шүү дээ. Дашням тайзан дээр сандрахгүй байхын тулд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Би их бясалгал үйлддэг. Бас дуу сонсоод сандарлаа дардаг. Олон хүний өмнө гарч дуулахын тулд сандрал, хүлээлт хүн болгонд байдаг учраас өөрийгөө бэлдэж гардаг. Яагаад гэвэл намайг сонсож байгаа олон хүнд зүрх сэтгэлийн аялгуугаар хайр эгшиг түгээхийн төлөө тайзан дээр гардаг. Тайзан дээр гараад сандрахгүй байхын тулд маш их төвлөрдөг.
-“The Voice of Mongolia” шоуны дараа танд хандах хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Дэлхийн том шоуг Монголдоо оруулж ирээд, олон сайхан залуусыг таниулахад тусалсан "Монгол HD" телевизийн хамт олонд талархаж байгаа. Олон сайхан залуусын мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болж, монгол түмнийг эгшиг аялгуугаар цэнгүүлж, жаргааж байгаад туйлын их баярладаг. Энэ шоу орж ирээгүй бол юу ч болох байсан юм билээ гэсэн бодол төрдөг. "Хурд" хамтлагийн "Бүсгүй" гэдэг дуу бол далайцтай том дуу. Энэ дууг ямар тайзан дээр дуулсан бэ гэдгээс хамаарч олон түмэнд хүрсэн гэж бодож байна.
-Шоуны маргаашаас амьдралд тань хэр өөрчлөлт гарсан бэ?
-Миний амьдралд их том өөрчлөлт гарсан. Гудамжаар явахад хүмүүс “Дашням явж байна. Хөөе, сайн уу” гээд л мэндэлдэг. Их сайхан байна.
-Дуулж байгаа өнгө аяс тань намуухан, “Voice”-ийн тайзнаа бүрдүүлсэн стиль имиж тань ч төлөв төвшин харагдсан учраас таныг их даруухан залуу юм гэж дүгнэх олон хүн бий. Тэгвэл Дашнямын ойр дотныхон таныг даруухан гэж дүгнэдэг үү?
-Би хөдөө өссөн. Өвөө, эмээ дээрээ гол төлөв байдаг байсан. Манай уртын дуу, ардын урлаг өөрөө их сайхан шүү дээ. Дуулж байгаа дуу, төрж өссөн орчин ч их нөлөөлсөн байх. Би дуундаа уяраад л, дуулж явах дуртай.
-Ганц бие гэж сонссон. Шоунд орсноос хойш бүсгүйчүүдийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ. Чат мессеж ирж байна уу?
-Чат мессеж зөндөө ирдэг. Тэр болгонд хариулж амжихгүй юм.
-Voice шоунд оролцох санаа хэрхэн төрсөн бэ? Өөрөө бүртгүүлсэн үү, эсвэл найз нөхөд нь зөвлөсөн үү?
-Өмнө нь гарсан “The Voice of Mongolia” шоуг үзээд “Би энэ гайхалтай шоунд орох байжээ” гэж их харамссан. Яагаад гэвэл дэлхийн шоу, дэлхийн тайз учраас маш том боломж юм. Бид өөрсдийнхөө уран бүтээлийг ард түмэнд хүргэх, өөрийн гэсэн юмтай үлдэхийн төлөө ажилладаг. Цаг хугацаа нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрдөг. Урлагийн бидэнд хамгийн том боломжийг нээж өгч байгаа нь “The Voice of Mongolia” шоу юм.
-Цаашид ямар төрлийн уран бүтээл хийнэ гэж бодож байна вэ?
-Миний үндсэн мэргэжил бол уртын дуучин юм. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн яруу тансаг аялгууг улам цааш нь цуурайтуулж, олон хүний сонор мэлмийг мялаахыг хүсч байна. Энэ аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулж, дэлгэрүүлэхийг хүсэж байна.
-Чөлөөт цагаараа юу хийх сонирхолтой вэ?
-Дуулах, хуур тоглох сонирхолтой.
- Уран бүтээлийн санал ирж байна уу?
-Уран бүтээлийн санал ирж байгаа ч хараахан хүлээж авахгүй байна. Учир нь Ука шүүгчтэй хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөсөн байгаа.
-Олон хүнд хүрээгүй ч хэд хэдэн уран бүтээл хийгээд амжсан байсан. Уран бүтээлүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Би 2012 онд оюутан байхаасаа уран бүтээл хийж эхэлсэн. Клип хийлгэнэ гэдэг нэлээд өндөр өртөгтэй. Сүүлд гаргасан “Туурайн чимээтэй Монгол” гэдэг дууг Солонгост ажиллаад, олсон мөнгөөрөө хийж байсан.
-Шоуны төгсгөлд “All of me” дууг дуулсны дараа үзэгчид маш их шүүмжилсэн. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Оролцогчид долоохон хоногийн хугацаанд дуугаа бэлдэж байсан. Богино хугацаанд нэгэн шинэ уран бүтээл гаргана гэдэг англи хэлний мэдлэг дутмаг хүнд бол хэцүү байсан. Дуугаа сонгохын тулд нэг хоёр өдрийг зарцуулж байсан. Гэхдээ хагас шигшээ тоглолтод багаа төлөөлөөд хоёрхон хүн үлдсэн тул “би чадахгүй” гээд хойш сууж болохгүй. Гэсэн ч намайг хайрлаад, дэмжээд саналаа өгөөд явж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Дэлхийн хэмжээний том шоуг Монголдоо оруулж ирсэн "Монгол HD" телевизийн хамт олонд талархах нь зүйтэй байх тийм үү?
-“The Voice of Mongolia” шоуг зохион байгуулснаараа Монгол хүмүүсийн чадвар ямар байна вэ гэдэг нь харагддаг. Монголчууд дэлхийн хөгжлөөс хоцроогүй, хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед телевизийн томоохон хэмжээний шоу хийнэ гэдэг амаргүй мэт харагдсан. Дуучид, шүүгчид үзэгчтэй байж эмоцтой байдаг. Гэтэл дөрвөн шүүгч, онлайн үзэгчтэй танхимд дуулна гэдэг бол сэтгэлзүйн том бэлтгэл байсан. Нөгөө талаас заал дүүрэн хүмүүсийн өмнө дуулж байгаа мэт байхыг шүүгч нар шаардаж байсан. Ямар ч орчин нөхцөлд өөрийнхөө ертөнцийг бүрдүүлээд дуулахын тулд ээж аавдаа очиж байгаа мэт, морин дэл дээр дуулж байгаа мэт өөртөө төсөөлж дуулдаг байсан.
Залууст чиглэсэн, улс төрийн бус гэгээлэг сайхан контент бэлтгэсэн "Монгол HD" телевизийн ах эгч нартаа баярлаж байна.