"Үдийн хоол"-ны чанар хүртээмжийг сайруулах, хоол тэжээлийг боловсрол олгох замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх боломж, шийдлийг гаргах, оролцогч талуудын хамтын ажиллагаа, зорилгыг нэгтгэх зорилгоор ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ хамтран ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр өнөөдөр /2023.06.06/ "ХҮҮХДИЙН ХООЛ" үндэсний чуулганыг зохион байгууллаа.
Үндэсний чуулганд хот хөдөөгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоолны асуудлыг ярилцлаа.
"Үдийн хоол" Үндэсний чуулганаар:
-ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны чанар, хүртээмж
-Үдийн хоолны зардлыг аав ээж, асран хамгаалагчтай хуваалцах боломж
-Дунд ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах боломж
-Эрүүл эко бүтээгдэхүүнийг үдийн хоолны цэсэнд багтаах
-Үдийн хоол сурлагын амжилтад нөлөөлөх нь зэрэг сэдвээр зөвлөлдлөө.
Манай улсын тухайд сургуулийн орчинд 2006 оноос эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан бол 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.
Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд 2475 төгрөг байна. Энэ зардлыг нэмэгдүүлэхийн тулд аав ээж асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан 27956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.
БШУ-ны сайдын хэлж буйгаар дээрх нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг 4500-6000 төгрөгт хүргэвэл хүүхэд хоол хүнснээс авах ёстой шим тэжээлээ авна гэсэн тооцоо гарчээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250