Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 08-р сарын үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
8 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 9.2%-иар буурчээ. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлжээ.
Тухайлбал, энэ сард шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.7 хувиар буурчээ. Харин оны эхэн үетэй харьцуулахад 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс -7.1 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Шинэ орон сууцны үнэ
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 8 дугаар сарын байдлаар 2,030,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар тус тус буурсан байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин орон сууцны үнэ
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 2016 оны 8 дугаар сарын байдлаар 77,016,000 төгрөг болж өмнөх сараас 0.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.8 хувиар тус тус буурсан байна.
Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Б.Алтжин
Эх сурвалж: энхлэг Зууч ХХК, Судалгааны алба.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250