...
...

Хямрал болоход том гүрнүүд ХОЖИЖ, ядуу улс ХОХИРДОГ

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ, ХБНГУ, Англи, Франц улсууд гурван жилийн өмнө “Дэлхийн эрсдлүүд” хэмээх илтгэл гаргаж, түүндээ “Баялгийн тэгш бус хуваарилалт нь хүн төрөлхтний гол асуудал болжээ” гэсэн дүгнэлттэй санал нийлэх болсон билээ. Баялгийн ихэнхийг авдаг мөртлөө ингэж мэдэгдсэн нь дунд, жижиг улсуудад тун цочир сонин сонсогдсон юм.

Гэвч хуваарилалтыг тэгш болгох энэ санааг “жинхэнэ” биш гэж хардах хүмүүс ч олон байна. Хөрөнгөтөн орнууд харин ч баялаг тэгш хуваарилагдаж байгаа явдалд санаа зовж байгаа гэж тэд үзэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, баялгийн хуваарилалт өнгөрсөн жилүүдэд тэгш биш байснаа тэгш болж өөрчлөгдөж байгаад хэргийн учир оршиж байгаа юм байна.

Дэлхийн эдийн засагт шинэ доргилт мэдрэгдэн, хүчний харьцаа өөрчлөгдөж, санхүүгийн төвүүд буурь сэлгэх магадлалтай болсон гэдгийг Олон улсын валютын сан ба Дэлхийн банк өнгөрсөн наймдугаар сард болсон жил тутмын уулзалт-хуралдаан нотолсон. Дээр өгүүлсэн “Дэлхийн эрсдэлүүд” илтгэлд “Улсыг өрийн дарамтад оруулдаг тэтгэвэр авагчдын тоо өссөнөөс залуучуудын ирээдүй бүрхэг болж, энэ нь баян, ядуугийн ялгааг богино хугацаанд ихэсгэж, улмаар бухимдал газар авах тул даяаршлын бүх амжилт аюулд учирч болзошгүй”, “ХХ зуунд байгуулагдсан улс төр, хэм хэмжээ, институтууд илүү нарийн бөгөөд бие даасан ертөнцөд биднийг цаашид хамгаалж чадахгүй“ гэсэн байна.

Тэгвэл үүнийг илүү томоор сэтгэх гээд үзье. Дэлхийн баялгийн ихэнхийг эзэмшдэг байсан ч эдийн засгийн хөгжил нь удааширч аажимдаа байр сууриа алдах нь тодорхой болоод байгаа барууны орнууд нэг талаас, эдийн засгийн өсөлт нь жилээс жилд эрчимжиж, дэлхийн бодлогод шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ирээдүй нь гэрэлтэж байгаа БРИК, Зүүн өмнөд Азийн орнууд нөгөө талаас “цусгүй дайн” өрнүүлж байна.

Баян ядуугийн ялгаа ихсэх тусам ядуучуудын зүгээс тэмцэл үүсгэдэг нь ёс.

Тэгвэл хүчний харьцаа тэнцвэржих тусам баячуудын зүгээс тэмцэл өрнүүлэх магадлал өндөрсдөг байна. Тиймээс геолполитикчдын хувьд барууны ертөнцийн энэ уриалгахан найрсаг байдлыг их тэсрэлтийн өмнөх түр зуурын үзэгдэл гэж харж байгаа юм. Тэд дэлхий нийтэд хандан их хямралд бэлэн байхыг сануулсаар байна.  Баялаг нэгээс нөгөөд шилжинэ үү гэхээс бүрмөсөн устаж алга болдоггүй. 2008 оны хямралын үед ямар улс хожиж, ямар улс алдсаныг эргэн харахыг эдийн засагчид сануулж байна. 

 

С.Алдар

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ