Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг:
Ерөнхий сайдын аливаа асуудлыг цогцоор нь шийдье гэдэгтэй санал нийлж байна.
Жишээ нь, өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байна, буулгахын тулд гаднын банк оруулж ирье гэж байна.
Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой. Үүний тулд минийхээр банк, санхүүгийн салбарт маш олон талын ажил хийх ёстой гэвэл тэдгээрийн зөвхөн нэг арга зам нь гаднын банк оруулж ирэх.
Бид асуудлаа цогцоор нь авч үзэхгүйгээр ганцхан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэвэл санасан үр дүнд хүрэхгүйн дээр эдийн засагтаа эргээд томоохон хохирол авчирч болзошгүй.
Бизнесийнхэн энэ мэтээр саналаа хэлж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашдаа тодорхой нэг асуудлаар, эсвэл нэг төслөөр дагнасан уулзалт хийж үр дүнг нь үзэж байхаар тохирлоо. Мөн Ерөнхий сайдын дэргэд бизнес, хувийн хэвшлийнхэн оролцсон байнгын ажиллагаатай бүтэц байгуулах талаар ч санал солилцов.
Энэ удаагийн уулзалтаар бизнесийнхний танилцуулсан Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах талаар дахин ярилцах, холбогдох судалгааг нь хийх, Засгийн газрын төвшинд хийж байгаа бодлого, судалгаатай уялдуулахаар болов.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах, ингэснээр Улаанбаатар хот бүс нутгийнхаа хөгжлийн төв болох боломжтой талаар бизнесийнхэн төсөл боловсруулж ирсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
зээлийн хүү бууруулаач ээ ард түмэн чинь туйлдлаа ерөнхий сайдаа