Хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд 10 дугаар сард бууралттай байснаас гадна нийт хувьцааны арилжаа энэ оны хамгийн бага хэмжээнд хүрснийг шинжээчид хэлж байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 329.23 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 58.46 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурсан дүн юм. Үнэлгээний бууралтад компаниудын хувьцааны ханшийн уналтаас гадна "Багануур"-ын нэмж гаргасан хувьцааг бүртгэлээс хассан нь нөлөөлсөн байна. Үнэт цаасны арилжааг харвал 940.1 мянган ширхэг үнэт цаас арилжиж 38.8 тэрбум төгрөгийн дүнд хүрсэн хэдий ч үүний 99.4 хувийг Засгийн газрын бондын арилжаа, үлдсэн 0.6 хувийг хувьцааны арилжаа бүрдүүлжээ. Тайлант хугацаанд ердөө 240.7 сая төгрөгийн хувьцаа арилжсан нь оны хамгийн бага дүн юм. Мөн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэгч "Топ-20" индекс энэ оны зургадугаар сараас хойш анх удаа 10 мянган нэгжийн түвшин рүү буурчээ. Сарын дүнгээр индекс гурван сар дараалан буурч байна. Индексийн сагсанд байгаа 20 хувьцаанаас 14-ийнх нь ханш унасан. Үүнээс "Шарын гол" компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 20.59 хувиар буурсан бол "Мерекс"- 13.3 хувь, "Талх чихэр"-12.76 хувь, "Ремикон"-10.54 хувиар буурсан байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250