“Нөхөд өө, Төгрөг байхгүй бол Монгол байхгүй ш дээ” гэж нэгэн эдийн засагч анхааруулж билээ. Ямар учраас ийн анхааруулсан, яагаад ингэж хэлэхэд хүрсэн нь мэдээж ойлгомжтой. Он гарсаар огт буугаагүй ам.долларын төгрөгтэй харьцах ханш өдгөө 2400 төгрөгт хүрээд байна. Гадаад улсын ганцхан ам.доллар манай улсын 2000 гаруй төгрөгтэй тэнцэж байна гэдэг монгол мөнгө дэндүү үнэгүйдсэнийг гэрчлэх. Мөнгө үнэгүйдсэнээс үүсэх маш олон сөрөг дагавар бий болох нь ойлгомжтой.
Угаасаа мөнгөний гол шинж чанар нийгмийн харилцаа болдогт оршдог гэж К.Маркс нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ утгаар нь аваад үзвэл монгол мөнгө хэдий үнэгүйднэ манай улс төдий чинээ үнэ цэнээ алдаж байна гэсэн үг.
Тиймээс долларын өсөлтийг тоохгүй байж хэрхэвч болохгүй. Өсөх тусам нь үүний эсрэг арга хэмжээг Монгол банк авах ёстой. Харамсалтай нь өнөөдөр долларын өсөлтөд хаалт хийх нь бүү хэл хазааргүй морь шиг тавиад тууж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар долларын өсөлтийг дуртай үедээ хянах боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ л төрийн бодлого, Монгол банкны зохицуулалт байх ёстой юу гэвэл байх ёстой. Ингээд цаашид ам.доллар хэрхэх талаар эдийн засагчдаас тодруулснаа хүргэе.
Эдийн засагч, доктор, профессор Л.Оюун:
Долларын ханшийн өсөлт эрэлт нийлүүлэлтээс шалтгаалдаг. Ер нь энэ жилийн хувьд долларын ханш буураад шалихгүй. Учир нь манайд орж ирж буй мөнгөн урсгал татарсан.
Эдийн засагч Н.Болд
Эдийн засгийн өнөөгийн байдлаас харахад долларын ханш бараг буурахгүй байх хандлага ажиглагдаж байна. Нэгдүгээрт, манай улсын валютын нөөц багассан, хоёрдугаарт, Монгол Улсын экспортын орлого хэмжээ буурсан. Гуравдугаарт гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан болохоор харин ч улам өсөх чиг хандлага ажиглагдаж байна.
Эдийн засагчдын тайлбараар бол ам.долларын өсөлт буурахгүй. Харин ч бага зэрэг өсөх чиг хандагатай байгааг учирлаж байна. Гэхдээ л долларын өсөлтийг тоохгүй өнгөрч болохгүйг төгсгөлд нь дахин тэмдэглэх хэрэгтэй.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250