Богд хаант Монгол улсын ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид 1913 оны эцсээр хаант Орос улсад айлчилсан бөгөөд 3 сая рублийн зээл авсан байдаг. Тэд энэ айлчлалынхаа үеэр телефон холбоотой танилцаж суурин тэжээл бүхий (МБ) телефон станцийн тоног төхөөрөмж авчирчээ. 1914 оны сүүлчээр уг станцаа хүрээн дэх Оросын худалдааны байгуулагуудын тусламжтайгаар угсран 24 хэрэглэгчийн багтаамжтай анхны телефон станцыг ашиглалтанд оруулсан байна. Анхны телефон аппаратыг Богд хаан, Гадаад Хэргийн сайд Чин ван М.Ханддорж нарт суурилуулж өгөв. Уг телефон станцыг ашиглах тухай Монгол улсын засгийн газраас “Засгийн газрын телефоны сүлжээг Өргөө хотод хэрэглэх дүрэм”-ийг монгол, орос хэл дээр боловсруулж олноо өргөгдсөний 4 дүгээр оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр ерөнхий сайд Т.Намнансүрэн соёрхон баталжээ. Уг дүрэм нь арван зүйлтэй байсан ба телефон хэрэглэх найман зүйлийн заавар, хэрэглэгчдийн лавлахтай байв.
Уг дүрмийн
Нэгдүгээр зүйлд: Телефоныг тавиулах хүсэлтэй яам, хүмүүс ерөнхийлөх хүнд бичгээр мэдүүлж, нэг жилийн татварыг төлж тавиулах.
Хоёрдугаар зүйлд: Телефоныг тавихад бэлтгэн байгуулж өгнө.
Гуравдугаар зүйлд: Телефоныг тавиулах хүн өөрийн хүсэлтэй орон байр, тохиромжтой байрлуулах тухай.
Дөрөвдүгээр зүйлд: Телефон хэрэглэгч хүн өөр хүнд дамжуулж болохгүй.
Тавдугаар зүйлд: Телефоноор олонд харштай, зүй бусын үг ярьж болно гэж заалтуудтай байв.
Олноо өргөгдсөний 5 (1915) онд цахилгаан мэдээ, телефоны ашиг нэг бум хоёр түм найман мянган цаас, зарлага нь зургаан түмэн цаас байсан байна.
Богд хаант Монгол улсад цаашдаа өөрийн харилцаа холбооны асуудлыг эрхлэх нэгдсэн удирдлага шаардлагатай болсон тул олноо өргөгдсөний 6 (1916) оны сүүлчээр “Цахилгаан Мэдээний Ерөнхий Хороо”-г байгуулж, цахилгаан мэдээний дүрмийг шинэчлэн баталжээ. Уг хороог Гадаад Хэргийг Захиран Шийтгэгч Яаманд харьяалуулав. Энэ онд хүрээний станцын багтаамжийг 60 болгосон ба уг хорооны ерөнхийлөн шийтгэх түшмэлд гүнгийн зэрэгтэй туслагч тайж Бизьяа, туслах шийтгэх түшмэлд Полонский нарыг мөн оны 12 сарын 16-нд тохоон томилов. Гүн Бизьяа Богд хаант Монгол улсын “Цахилгаан Мэдээний Ерөнхий Хороо”-ны захирагчаар 1921 оны 2 дугаар сар хүртэл ажиллажээ.
Ийнхүү түүхийн баримтаас үзэхэд Монгол улс өөрийн цахилгаан холбооны салбарыг 100 гаруй жилийн өмнө байгуулсан байна. Харамсалтай нь МАН-ын хатуу коммунистууд ардын хувьсгалаас өмнөх түүх рүүгээ нулимадаг заншлаараа түүхийн үнэнийг үл ойшоон тус улсад цахилгаан холбоог 1921 онд үүссэн гэж гөрдсөөр ирсэн билээ.
Зураг дээр Сайн хоён хан Т.Намнансүрэн, Утсан холбооны анхны дүрэм
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250