...
...

Б.Батбаяр: Хэвийн явж байгаа дөрвөн зээлийн нэг нь” Монполимет”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эл тогтоолыг хэлэлцэх шатанд Хөгжлийн банкны өглөг, авлагын балансыг цэгцлэх санал гарсныг илүү тодорхой болгож найруулах шаардлага байгааг гишүүд хөндлөө.

Мөн Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас материал нууцын зэрэглэлээс хараахан гаргаагүй байхад чуулганы танхимд цацаж, зарим компанийн талаар буруу мэдээлэл өгснийг гишүүд шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Цэрэнбат: З.Нарантуяа гишүүн өнгөрсөн долоо хоногт зээлдэгчийн талаар буруу мэдээлэл өгсөн. Хөгжлийн банкнаас олгосон 17 төсөл дээр асуудалтай байгаа, төрийн өмчит компанид олгосон зээл 4.2 их наяд буюу 70 хувь нь тухайн үеийн эрх баригчдын олгосон зээл. Харин нийт зээлийн 30 хувь нь хувийн хэвшлийн авсан зээл.

Ийм байтал 70 хувийн алдааг хувийн хэвшил рүү чихэж болохгүй. Хувийн хэвшлийн зээл хаагдах юм уу, хаагдахгүй юм уу. Энд тодорхой хариулт өгөөч.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Тогтоолын төслөөр улсын төсөв, Хөгжлийн банк хоорон дахь тооцоог цэгцэлнэ. Нийт 16 төсөлд олгосон зээлийг эргэн төлүүлэх ажлыг үргэлжлүүлж хийнэ. Хувийн хэвшилд өгсөн зээл байгаа, хаахгүй.  Төсөл болгон дээр шинжилгээ хийнэ, зээлийг эргэж төлүүлнэ гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: З.Нарантуяа гишүүн овлигогүй загнасан, судалгааны явцын материалыг УИХ-ын гишүүн судалж үзэж байж зарлах хэрэгтэй. Энэ хэдэн өдөр маш их шуугиан тарьж, гүтгэлэг доромжлол явлаа. Хөгжлийн банкнаас олгосон 4.2 их наядын 53.8 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл юм. Ихэнх нь зам, гудамж нэртэй төсөл. Харин хувийн хэвшлийн бүтээн байгууллатын зээл 5-6 хувь. Үүнээс “Монполимет”-ын авсан зээл нь бүтээн байгуулалтын хамгийн сайн судалгаатай зээл. Та нэгэнтээ улс орон даяар зарласан учраас тодорхой мэдээлэл өгье.  Монполимет хоёр том үйлдэврээ барьсан, Хөгжлийн банкнаас авсан 22.3 тэрбумыг нэг ч минут, нэг ч өдөр хойшлуулагүй төлсөн. Зээл төлөх хугацаагаа хоёр удаа сунгасан гэж та хэлсэн, хоёр удаа зээлээ төлжээ. УИХ-ын танхимд буруу ташаа мэдээлэл хийгээд байгаад харамсаж байна.

Энэ зээлийг авахын тулд 1.2 жил хөөцөлдөж байж 65 сая ам.долларыг хоёр үе шаттай авсан. Эргэн төлөлт нь 22.3 тэрбум. Цаг хугацаандаа төлсөн.  Европын хөнжлийн банкны зээлийн судалгаатай, эрсдлийн сан байгуулсан зээл. Ийм зээлийг та бүхэн хариуцлагагүй зээл гэж нэрлэсэн учраас залруулахаас өөр арга алга.

Юм л бол “Монполимет”, МАК гэж орилдогоо болимоор байна. Ажлын байр бий болгогчиддоо хүндэтгэлтэй хандмаар байна. Хөгжлийн төлөө зүтгэж байгааг нь дэмжмээр байна.

З.Нарантуяа гишүүн шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 хуудас материалыг харж ярьсан гэж хэлсэн. Энэ 200 хуудас материалыг ажлын хэсэг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд өгснөөс МАН-ын бүлгийнхэнд өгөөгүй. Тус материалд юу гэж байгааг мэдэхгүй байна. Тийм учраас ажлын хэсэг “Монполимет”-ын зээлийн талаар мэдээлэл өгнө үү. 

Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр: 16 том зээлээс үнэ цэнийн бууралтгүй хэвийн явж байгаа дөрвөн зээлийн нэг нь” Монполимет”. Сайн явж байгаа зээлийн ангилалд хамаарч байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Хөгжлийн банкнаас Засгийн газарт өгөх авлагыг хааж байгаа юм бол эцэслэн шийдэж байгаа биш шилжлүүлж авч байгаа. Энэ асуудлыг маш тодорхой зааж, найруулах ёстой. Битүү хатуу утгатай байхаар  эзэнгүйдээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлж болзошгүй гэсэн юм.

Эцэст нь энэхүү саналыг найруулж, томёололд багтаан дэмжиж, Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ