...
...

Нийслэл Улаанбаатар хотоос 21 аймгууд хэдэн км-ийн зайд оршдог вэ

Нийслэл Улаанбаатар хотоос хорин нэгэн аймаг хэдэн км-ийн зайд оршдог гэдгийг та мэдэхүү? Хэрвээ та мэдэдгүй бол дараах мэдээллийг уншихад л хангалттай. 

Архангай 465 км

Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг. Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно.Ойн хүрэн хөрстэй

Баянхонгор 640км

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм.

Баян-Өлгий 1760км

Баян-Өлгий аймаг нь баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. 

Булган 330км

 

Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.

Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна.

Говь-Алтай 1005км

Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь кайнозойн хурдас тархсан бөгөөд уулархаг нь кембрийн ба кембрийн өмнөх суурь чулуулагтай юм. Чулуун нуүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий.

Говь-Сүмбэр 230км

Монгол улсын аймаг юм. 1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай. 

Дундговь 260км

Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.

Дархан 219км

Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 707м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.

Дорноговь 456км

Аймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд,урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин сууж байна.

Дорнод 655км

Дорнод аймаг Монгол орны хамгийн зүүн талд оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.

Завхан 984км

Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км2 нутаг дэвсгэртэй байдаг Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нуруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршидог Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрласан.

Орхон 371км

Орхон аймаг нь анх Булган аймгийн нутагт Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан. 1994 онд Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант сумдтайгаар өөрчлөн байгуулсан.

Өвөрхангай 430км

Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь тус аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай. Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог.

Өмнөговь 553км

Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.

Сүхбаатар 560км

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа.

Сэлэнгэ 335км

Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Их Алтат, Бугант, Бороо, Заамар, Ноён уул, Толгойт) болон барилгын материалын баялаг бий.

Төв 45км

Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.

Увс 1336км

1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.

Ховд 1580км

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.

Хөвсгөл 671км

Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэх ба 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улс, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилвал 126 багийг агуулан байгаа.

Хэнтий 330км

Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална. Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ