Манай улсын Засгийн газрын жил орчмын хугацаанд хөөцөлдсөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т /EFF/ хамрагдах хүсэл биелэлээ олоод байна.
Өөрөөр хэлбэл ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т /EFF/ хамруулах шийдвэр гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ талаар Монгол Улсын Сангийн яам болон ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер зэрэг албаны хүмүүс хамтран өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тус хөтөлбөр манай улсад гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, Солонгос, БНХАУ-ын тусламжаар нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэж байгаа юм.
Хэвлэлийн бага хурлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер нарын хийсэн мэдэгдлийг хүргэе.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улсын эдийн засагт НОГООН ГЭРЭЛ аслаа
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэнэ.
Зөвхөн ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй орж ирнэ.
Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэснээс зээлжих зэрэглэл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг.
Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж ажиллана. Эгзэгтэй үед биднийг дэмжсэн ОУ-ын түншүүддээ талархаж байгааг хүлээн авна уу.
Мөн уужуу ухаан холч бодолтой, энэ хүнд үед Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй ард иргэддээ талархал илэрхийлье гэв.
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер: Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно
Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч, мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр шийдэлд хүрлээ. Хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын хувьд тулгарсан хүнд нөхцөлд туслалцаа үзүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд хамтран ажиллахаар шийдсэн.
Олон улсын хамтын нийгэмлэгийн нэг төлөөлөл нь ОУВС юм. Монгол Улс ОУВС-нд 1991 онд элссэн. ОУВС-нд нийт 181 гишүүн орон байдаг. Сангийн сайдын хэлсэнчлэн ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад Монгол Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхтээ холбоотойгоор ОУ-ын түнш байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк санал нэгдэн орж байгаад баяртай байна.
Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл нийт 6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт орно.
ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байна.
Мөн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой 8 хувиар өсөх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсад ийм өсөлтийг хангах нөөц, бололцоо бий.
Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байгаа. Ойрын хэдэн жилдээ төсвийн алдагдал бууруулах зорилт биелнэ. Төсвийн алдагдлыг бууруулж байж өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ.
Тэгэхээр шат шатандаа шаардлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Нэн ялангуяа төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ОУВС-гийн хөтөлбөрийг аваад эдийн засаг нь сэргээгүй улсууд байдаг гэх мэдээлэл бий. Ямар улсууд байдаг вэ. Яагаад эдийн засаг нь сэргэж чадаагүй вэ?
Нэйл Сакер: Юуны түрүүнд хэлэхэд улс орон бүр өөрийн гэсэн нөхцөл байдалд хөтөлбөр хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засагтай холбоотой бүх асуудлуудыг нарийн тусгадаг. Түүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байнгын үнэлгээ хийдэг. Монгол Улсын эдийн засагт улирал тутамд үнэлгээ хийнэ.
Үнэлгээ хийх явцдаа холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн бол ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн туршлагаас харахад Засгийн газрууд анх тохирсноороо хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа.
Түрүүн хэлсэнчлэн бид маш том зорилтыг дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны зүгээс хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай хүнд боловч зоригтой шийдвэрүүдийг гаргаад явна гэдэгт итгэлтэй байна.
-Хөтөлбөрийн эхний санхүүжилт 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?
Нэйл Сакер: Энэ хөтөлбөрийн мөнгө төсвийн алдагдалд шууд ордоггүй. Төлбөрийн тэнцэлд зориулагддаг. Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгох санхүүжилт Монголбанкны дансанд байршина. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ. Нөөц нэмэгдвэл эдийн засгийн итгэл сэргэж, зэрэглэл тогтоох байгууллагууд зэрэглэлээ нэмэгдүүлнэ.
-Сангийн сайд эдийн засагт ногоон гэрэл аслаа гэж дүгнэлээ. Яг ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа вэ?
Б.Чойжилсүрэн: Хоёрдугаар сарын 16-ны өдөр энэ зааланд бид хөтөлбөр тохирсон тухай мэдээлэл хийсэн. Түүний дараа бид ОУ-ын санхүүгийн зах зээл дээр гарч Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор сольсон.
Хоёрдугаарт, Канадын Торонто хотод Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдын итгэл огцом сэргэсэн байсан. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг төлөөлүүлж хэлсэн юм.
-Банкуудад активын үнэлгээ хийнэ гэсэн. Хяналт, шалгалт явагдсан уу?
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: 14 арилжааны банканд үнэлгээ хийх компанийн тендер явагдаж байна. Зургаадугаар сарын дундуур сонголтын процессоо дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр ажиллана. Үнэлгээний үр дүнг 2017 оны аравдугаар сарын сүүлээр гаргана. Банкны системийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байхаас 18 хувь байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой. Одоо 40 хувь байгаа. Ерөнхийдөө систем эрүүл байна гэж хэлнэ.
Б.Баргужин
www.breakingnews.mn