Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл өнөөдөр эрдмийн баяраа хийж, нэгдүгээр ангидаа зургаан настай 60 найзын хамт "Глобал" олон улсын дунд сургуульд элсэн орлоо. Тэрбээр өөрийн сургуулийн найзууддаа зориулж "Хаан заяат орчлон" дуугаа дуулсан юм. Түүнийг цайндаа орж байх үед цөөн хором ярилцаж сэтгэгдлийг нь сонслоо.
2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 73.545 зургаан настан нэгдүгээр ангид орлоо.
Бат-Энэрэлдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. Сурагч болсон сэтгэгдэл ямар байна?
- Гоё байна. Өнөөдөр надтай хамт элсэн орж эрдмийн их өргөөндөө хүрэлцэн ирсэн бүх найзууддаа баярын мэнд хүргье. Бүгдээрээ чадна аа. Сайн сурч чадна шүү. Би хичээлээ яг дуу сурч байгаа юм шиг сайн сурна. Хүүхдүүд ч мөн адил сайн сурах байх.
Бат-Энэрэл олон найзуудтай болсон харагдаж байна?
- Тийм ээ. Би өнөөдөр 600 гаруй найзуудтай болсон.
Чамтай ижил сурагч болж буй хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?
- Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. Бүх хүүхдүүд улс эх орондоо хэрэгтэй, боловсролтой, мундаг сайн эрдэм номтой хүн болно шүү. Бид бол ирээдүйн шинэ Монголчууд шүү. Бид нар чадна аа.
Эмээ, ээж нь чамд юу гэж захиж байна?
- Хичээлдээ онц сураарай гэж захисан.
Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач. Хамгийн сүүлд ямар дуу сурсан бэ?
- Ер нь нам тайван байна доо. Хамгийн сүүлд "Ээжийгээ дурсаж шүлэг бичлээ" гэдэг дуу биш шүлэг сурсан.
Шүлгийг хэн зохиосон бэ?
- Ц.Цолмон гэдэг хүн зохиосон юм. Би энэ шүлгээр "Хөх" хотод яруу найргийн том наадамд оролцсон.
Одоо уншиж өгч болох уу?
- Болохгүй. Арай л болохгүй.
Яагаад?
- Зүгээр л намайг цаанаас хүн удирдаад байдаг юм. Яг одоо хэрэггүй ээ гэж байна.
Ойлголоо.
- Одоо нэг шинэ клип гарах гэж байгаа. "Өөртэйгөө ярилцахуй" гэдэг нэртэй. Клипэнд үхэр тэрэг , морин тэрэг, тэргэн гэр гардаг.
Багштайгаа хамт дуулсан уу?
- Тэгсэн, тэгсэн. За баярлалаа. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Одоо ангидаа орлоо.
Бэлтгэсэн: А.Хишигдэлгэр