...
...

Өөрчлөгдсөн 40 жилийг Өвөрмонголоос сурвалжиллаа

  Б.СОЛОНГО

Хун цагаан галуу шувуу нь хө

Хулстай  нуурандаа шумбан сууна даа хө

Холын ахан дүү нар хүрээд ирэв үү дээ

Хонуут өнжүүтээр найрлан сууя даа хө…

ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Урадын дунд хошууны “Хун галуу” хэмээх монгол түмний энэхүү дуу нь айлчлан ирсэн ахан дүүс, зочин гийчиндээ зориулан дуулдаг аялгуут хадаг билээ. Дуугаа дуулж, хадгаа дэлгэн угтах өвөрмонгол ахан дүүстэйгээ бидний хэдэн сэтгүүлч учран золгоод ирэв. “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн 40 жилд бий болсон бүтээн бай­гуулалт, хөгжлийн явц­тай танилцах, сур­­валж­лах аяллыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан юм. Өвөрмонголын эдийн засаг, аялал жуулчлалын хөгжил, бүтээн байгуулалт, технологийн дэвшил, арга туршлагыг судлан олон сэдвээр, өргөн хүрээнд хийсэн сурвалжлагаа “Зууны мэдээ” сонин ийнхүү цувралаар хүргэх гэж байна. Юуны өмнө бидэнд энэхүү аяллын хөтөч болж, тусалж дэмжсэн Баясгалан даргатай “Талын дуу хоолой” радиогийн хамт олонд болон нэг багт хамтран ажилласан сэтгүүлч нөхөддөө талархсанаа илэрхийлье.

ХӨХ ӨНГӨТЭЙ “СҮҮН ХОТ”Даланхар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд сүндэрлэн орших Хөх хотын бүтээн байгуулалттай эхлээд танилцав. Тус хот нь Өвөрмонголын улс төр, нийгэм, эдийн засаг, банк санхүү, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны төв юм. Хөх хот гурван сая хүн амтай бөгөөд үүний 267 мянга нь монгол үндэстэн аж. БНХАУ, Зүүн өмнөд Азийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг томоохон үйлдвэрүүд энэ хотод байдаг. Тиймээс Хөх хотыг “Сүүний хот” гэхээс гадна аз жаргалтай 10 хотын нэгээр нэрлэжээ.

Өндөр шилэн барилгууд, зам, гүүр, цэвэр цэмцгэр гудамж талбай, ногоон байгууламж зэрэг нь орчин үеийн хот суурингийн шинжийг бүрэн илтгэнэ. Газар нутаг, хүн амынхаа тоогоор Улаанбаатар хотоос хоёр дахин их тус хот нь авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдол гээд олон асуудлыг тойрч биш дайрч ирсэн. Харин одоо их хотын асуудлуудаа хэрхэн шийдвэрлэсэн арга туршлагаа бусдадаа хуваалцах хэмжээнд хэдийнэ хүрчээ.

ИРЭХ ОНД МЕТРОТОЙ БОЛНОХөх хотын замын түгжрэл нь төвөгтэй асуудлуудын нэг байжээ. Автозамын бүтээн байгуулалтад чамгүй анхаарсны хүчинд энэ асуудлаа бараг шийдээд байгаа ч ажил цуглах, тарах цагаар багагүй хугацааг машиндаа өнгөрүүлж байв. Харин ирэх онд тэд метротой болно. Хөх хотын зам тээврийн бүтээн байгуулалтын төслийн хүрээнд нийт таван чиглэлд 43 зорчигч тээврийн төвтэй, гол, туслах бүх зам нь нийлээд 154.9 км урт шугамын нэгдүгээр ээлж нь ирэх онд нээлтээ хийх гэж байна. Бид газраас доош 19-23 метрийн гүнд баригдаж байгаа метроны замын үйл явцтай танилцсан бөгөөд дээр байгаа барилга байшин, зам, ногоон байгууламж, оршин суугчдад ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр энэ том хотыг доогуур нь бүхэлд нь хэрсэн зам тавигдаж байгааг харсан юм. Метро явах шугам хоолойг автомат систем бүхий төхөөрөмжөөр ухах, шороог нь гаргах зэрэг бүхий л үйл ажиллагааг огт хүний оролцоогүйгээр гүйцэтгэж байв. Өдөрт 15 метрээр ажил урагшилж байна гэж инженерүүд нь ярьж байв. 2016 оны дөрөвдүгээр сард энэ ажил эхэлсэн бөгөөд ердөө гуравхан жилийн дотор хийчихэж байгаа нь энэ. Гол зам болох нэг, хоёрдугаар чиглэлийн 50 км шугамын нийт төсөв нь 38 тэрбум юань болжээ. Энэ бүтээн байгуулалттай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд танилцаж яваатай бид таарсан юм. Магадгүй, Улаанбаатарт энэ бүх туршлага хэрэгжинэ гэсэн сайхан төсөөллийг бид тээсээр цааш хөдөллөө.

 БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ ӨРТӨӨ БОЛТОЛ НЬ ХӨГЖҮҮЛЖЭЭСүүлийн үед их сонсогдох болсон “Жорлонгоо өөрчилье” гэсэн уриалга тэнд утгаараа хэрэгжжээ. Хөх хотод 2017 оноос эхлэн бие засах газрын хувьсгалыг хийснээр 500 метр тутамд олон нийтийн бие засах газрыг байгуулж, өнөөдрийн байдлаар тоо нь 3087-д хүрсэн байна. Тэдгээрийг бидний нэрлэж заншсанаар “00, жорлон, бие засах газар” гэхгүй, өртөө гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хүн биологийн хэрэгцээгээ хангахаас гадна бусад төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой өртөө болгон тохижуулжээ. Тухайлбал, бие засах газар, номын сан, фото зургийн үзэсгэлэн, эрүүл мэндийн үйлчилгээ, түргэн хоол, супермаркет, ресторан, ногоон байгууламж бүхий цэцэрлэг гэх мэт цогцоор нь байгуулсан байх юм. Ийнхүү бие засах газрын хувьсгал нь Хөх хотын соёл, аялал жуулчлалын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Зөвхөн хот гэлтгүй хөдөө орон нутагт ч энэ асуудлыг онцгой анхаарч байгаа тул Хятад улсад нийт 60.8 мянган нийтийн бие засах газрыг шинээр барьсан байна. Харин манайд Сэлэнгэ явах зам дагуу “Торгоны зам-Авто 92 өртөө” гэсэн нэртэй газар  байгуулагдсан. Бие засах газар нь төлбөргүй, олон суултууртай, маш цэвэрхэн. Хуучин үеийн автомашинуудыг үзмэр болгон байршуулсан нь зорчигчдын сонирхлыг татаж, зураг авахуулахаас эхлээд  ресторан, түргэн хоолны газар, супермаркет зэрэг үйлчилгээ нэг дор байрласан зэрэг нь бидний Хөх хотод үзсэн өртөөтэй тун төстэй байв.

140 ГА БҮХИЙ 9 ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ШИНЭЭР БАЙГУУЛЖЭЭӨМӨЗО-ы төв болсон Хөх хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээнгүүдийн талаар бичихгүй орхих боломжгүй. Гадны жуулчдын Хөх хотын түүх, соёлтой танилцах төв болсон “Тал нутгийн Торгоны зам” соёлын хүрээлэнг бид сонирхсон юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн урт нь дөрвөн км, өргөн нь 340 метр хэмжээтэй  сунаж тогтсон хэлбэртэй. Түүхийн улбааг харуулсан баримал сийлбэр, хананы зураг алхам тутамд тааралдах бөгөөд төв хэсэгт нь “Монгол наадам” сэдэвт бүтээн байгуулалтууд байрлана. Энэ хүрээлэнг нэг жилийн дотор байгуулж дууссан бөгөөд 400 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс гадна Хөх хотод 2016-2017 онд 160 сая юаниар 140 га бүхий есөн цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулжээ. Өвөрмонголд хийсэн аяллын зурган сур­­валжлагыг www.polit.mn сайтаас дэлгэрэнгүй унших боломжтой бөгөөд Хятад улсыг сүүн бүтээгдэхүүнээр хангадаг “И Ли” сүүний үйлдвэр, хөрс ашиглахгүйгээр ургамал ургуулж буй хөдөө аж ахуйн хүрээлэнгийн талаар дараагийн нийтлэлээс уншаарай.

Үргэлжлэл бий

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Манайд цэцэрлэгжилт хийж үүн шиг харагдуулья гэвэл нэг настай ургамалд хэд тэрбумыг зараад идчихлээ. Цэцэг тарьснаас өөр юм хийхгүй тоосондоо дарагдаад бсан дээр гээд л элдвээр харааж өгнө биз

Онцлох мэдээ