...
...

Засаг даргыг томилох НИТХ-ын хуралдааныг лхагва гарагт товлов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн (2018.01.11-ний өдөр) хуралдаанаар  Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай,  Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.

 

Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг олгохыг Тэргүүлэгчдээр дэмжүүлэх саналтай холбогдуулан танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн албаны  Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцууллаа.  Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт барихаар төлөвлөснийг дурьдаад “Нийслэл хэмжээнд жилд 27.000-54.000 тонн аюултай хог хаягдал гардаг. Хог хаягдлын тухай хуульд зааснаар ийм үйлдвэр барихад  суурьшлын бүсээс тодорхой хэмжээний зайд байх ёстой гэсэн шаардлага байдаг. Эдгээр шаардлагыг хангаж байгаа тул Цагаан даваа орчимд тус байгууламжийг барих газрыг олгож өгөхийг хүслээ” гэсэн юм. Өмнө нь Багахангай, Багануурт дүүрэгт ийм байгууламж барихаар төлөвлөсөн боловч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, малын бэлчээрт сөрөг нөлөө үзүүлэх магадлалын улмаас нийслэл дэх хогийн цэг орчимд барихаар төлөвлөжээ.

 

НИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.  

 

 

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Ийм чухал асуудлыг Тэргүүлэгчийн хурлаар хэлэлцүүлж байхад асуудал хариуцсан Захирагчийн ажлын албаны дарга өөрөө байдаггүй, асуудлаа ч өөрсдөө ойлгоогүй явж байгаа хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээрээ танилцуулга хийлгэдэг байдлаа болих хэрэгтэй. Цагаан давааны хогийн цэгт ийм үйлдвэр барих гэж байгаа талаараа Баянзүрх дүүргийн иргэдээс асуусан юм уу. Мөн байгаль орчинд болон иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаарх мэргэжлийн байгууллагын судалгаа тооцоо бий юу” гэж асуусан юм.

 

 

 

Тэргүүлэгч Б.Батнасан “Асуудлыг оруулж ирж байгаа хүмүүс нь өөрсдөө  асуудлаа ойлгоогүй байна. Миний байр суурь бол хотод ийм үйлдвэрийг бариулахгүй, энэ асуудлыг дэмжихгүй. Аль болох л иргэдээс хол аваачиж булах ёстой байтал Цагаан давааны хогийн цэгт барина гэх юм. Цагаан давааны хогийн цэг Улаанбаатарын салхины дээр байдаг. Нийслэл өдөр ирэх тутам өргөжин тэлж байгаа тохиолдолд бид нийслэл хот дотроо аюултай хог хаягдлын байгууламж барих газрыг нь олгож болохгүй” гэсэн бол Тэргүүлэгч Д.Мөнхжаргал аль төрлийн ямар ангиллын хог хаягдал булах гэж байгаа, мөн хэдэн метрт, ямар стандартын дагуу булах, хэрвээ үйлдвэр барих гэж байгаа бол ТЭЗҮ нь бий гэдгийг лавласан юм.

 

Тэргүүлэгчийн асуусан асуултад холбогдох албаны хүмүүс тодорхой хариулт өгч чадаагүй тул Тэргүүлэгчид асуудлыг буцаах, дахин боловсруулж оруулж ирэх, ингэхдээ  нийслэлийн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, Эрүүл мэндийн газар болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын санал дүгнэлтийг тусгаж дараагийн хурлаар дахин оруулж ирэх үүрэг өгч  буцаав.

 

Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад эрэмблэгдсэн  Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай асуудлыг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.

 

Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдрийн байдлаар 1053 өрх, 4040 хүн амьдарч байгаа бол тус дүүрэгт “Хөнгөн үйлдвэр технологийн парк” барьж, ашиглалтад оруулснаар 2020 онд 8000, 2030 он гэхэд 10000 хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төлөвлөжээ. “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн  бүтээн байгуулалт 15 га газар нутгийг хамарч байгаа бөгөөд 31.5 тэрбум төгрөг  шаардлагатай аж. Зарцуулах хөрөнгийн 5.05 тэрбумыг цахилгаан, дулааны эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ. Парк захиргаа технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн бүс, ноос нооолуурын үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрийн бүс, дундын эзэмшлийн бүс гэсэн таван хэсэгтэй байх ажээ.

 

 

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Багахангай дүүрэгт барихаар төлөвлөж байгаа “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийг хөгжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэхтэй чухал ач холбогдолтой. Гэхдээ бид өмнө нь үйлдвэр технологийн парк байгуулахдаа гаргасан алдааг давтахгүйн тулд ТЭЗҮ-ийг нягт нямбай боловсруулах ёстой. Хурлын тэмдэглэлээр хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн хийх, барилга байгууламж, дэд бүтцийн асуудлыг яаж шийдвэрлэх гэх зэрэг олон асуудалтай холбоотой төлөвлөлтийг ТЭЗҮ-д тусгах боловсруулсан баг хамт олонд үүрэг болгоё” гэв. Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.  

 

Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны лхагва гарагт хуралдуулахаар товлож тогтоол гаргав. Мөн нийслэлийн ИТХ-ын XXI ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны даваа гарагт хуралдахаар тогтсон тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр батлах тухай”, “Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалт”, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ