“Асаякэ” Японы хэлний сургалтын төвд багшилж байгаа Японы “Аймэйдо Альфа” компаний мэргэжилтэн, багш Гото сантай ярилцлаа.
- Монголд анх удаа ирж байна уу?
Гото сан: Тиймээ, анх удаа. Анх удаа Монгол оюутнуудад хичээл зааж байна.
- Монголоос өөр ямар орнуудад япон хэлийг зааж байсан бэ?
Гото сан: Орос, Ветьнам улсуудад. Мөн Японд байхдаа янз бүрийн улс орны хүмүүст хичээл зааж байсан.
- Соёл, сэтгэлгээ, аж амьдрал, хандлага гэх мэт олон зүйлээр ялгаатай хүмүүсийн япон хэл сурах арга барил нь өөр өөр байдаг болов уу?
Гото сан: Арга барилын хувьд ямар ч улс орны суралцагчид адилхан гэж боддог. Бусдаасаа илүү хичээж, шамдаж байгаа хүмүүс хурдан ахиц, дэвшилд хүрч чаддаг.
- Монгол оюутнууд япон хэл сурахдаа юуг анхаарвал зохих вэ? Монгол оюутнуудын хувьд япон хэлний юу нь хэцүү, юу нь хялбар байдаг вэ? Та энэ талаар анзаарсан зүйл байвал хэлж өгөөч.
Гото сан: Монгол оюутнуудын дуудлага маш цэвэрхэн учир япон хүнд маш ойлгомжтой сонсогддог. Япон хэл болон монгол хэлний дүрэм ойролцоо, төстэй учир суралцахад хялбар гэж боддог. Харин хүнд ханз цээжлэх нь тэдэнд хэцүү байдаг.
- Дадлагжигч ажилтны хувиар япон хэл сурч буй оюутнуудад хандаж юу гэж хэлэх вэ?
Гото сан: Японд ажиллахын тулд япон хэл нэн чухал юм. Ажил болон амьдрал дээр япон хэл мэддэг байх тусмаа аливаа зүйлийг өөрөө хийж чаддаг болно гэж бодож байна. Тэгвэл Японд ажиллах нь илүү амар, хялбар байх болно. Тийм болохоор япон хэлээ сайн сураад Япон руу яваарай.
- Японд ажиллахын тулд хүмүүстэй харилцах харилцаан дээр юуг анхаарах ёстой вэ?
Гото сан: Япон хүн эелдэг, цовоо мэндэлдэг хүнд дуртай. Үргэлж инээмсэглэсэн сэргэлэн, цовоо мэндэлдэг болоосой гэж хүсч байна. Мөн түүнчлэн цаг баримтлах болон аливаа зүйлийг ярилцаж хийж байх ёстой.
- Японы эмнэлэг болон өндөр настны асрамжийн газарт ажиллахад юуг анхаарах хэрэгтэй вэ?
Гото сан: Асаргаа сувилгаа нь эд юмстай бус хүнтэй ажиллах ажил учраас үргэлж үүнийг анхаарч байх нь чухал гэж боддог. Ахлагчийнхаа заавар зөвлөгөөг ойлгохгүй бол үйлчлүүлэгчээ гэмтээх, буруу үр дүнд хүргэх талтай шүү дээ.
- Японы нийгэмд гараад хамгийн анхаарах чухал зүйл юу байдаг вэ. Соёл, сэтгэлгээ, ёс заншил гээд ялгаатай шүү дээ. Одооноос мэдэж, ойлгож авахгүй бол ажил хийхэд бэрхшээлтэй тулгарна.
Гото сан: Сая хэлсэнчлэн мэндчилгээ маш чухал. Мөн түүнчлэн, япон хүн бол дүрэм журмыг ягштал баримталж, дагаж мөрддөг. Улс, хот, дүүрэг гээд бүгд л дүрэм журамтай. Японд очоод юун түрүүнд заавал хийх зүйл бол өөрийнхөө амьдрах газар нутгийн дүрэм журмыг сайтар судлаж, мөрдөх, биелүүлэх явдал юм.
- Та өөрийнхөө зүгээс хэлмээр байгаа зүйл байвал чөлөөтэй хэлж өгнө үү.
Гото сан: Япон руу явахынхаа өмнө япон хэлний хичээлээ сайтар хийгээрэй. Хичээл, зүтгэлтэй оюутныг “Аймэйдо Альфа” дэмжих болно оо. Тиймээс шамдан суралцаарай.