...
...

Ж.Сайнхишиг: Төв банкны хараат бус байдлын баталгаа бүрэн бүрдээгүй

Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Төв банкны хараат бус байдал” эрдэм шинжилгээний хурал болсон билээ. Энэ үеэр хуульч, судлаач Ж.Сайнхишигтэй ярилцлаа. 

-Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулах та­лаар та илтгэл тавьсан. Үндсэн хуульд оруулж өгснөөр хараат бус бай­дал бүрэн хангагдах боломжтой юу?

-Монголбанкны эрх зүйн хараат бус байдлыг яаж дээшлүүлэх вэ гэдгийг судлаачид хөндөж ярьж байна. Бид энэ талаар ярих цаг болсон. Төв банкны хараат бус байдлын эрх зүйн дөрвөн элементийг аваад үзвэл манай улсад зорилтыг нь салаа утгаар хуульчилсан. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч, удирдлагуудыг улс төрийн шахалтаар бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлдөг асуудал бий. Дээрээс нь шийдвэр гаргах бүрэн эрхийг нь хууль тогтоомжийн хүрээнд бүрэн бүрдүүлж өгөөгүй. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь юу байх юм бэ. Хэд хэдэн гарц байгаа юм. Нэгдүгээрт, мөнгөний бодлогыг тодорхойлох, УИХ-аас нэг жилээр үндсэн чиглэлийг баталж байгаа асуудлыг бодож үзэх хэрэгтэй.

Мөнгөний бодлогын үр нөлөө урт хугацаандаа гардаг учраас заавал нэг жил байх албагүй. Энэ асуудлыг тодотгох шаардлагатай. Мөн УИХ-аар тухайлан үндсэн чиглэл баталж явж байгаа нь Монголбанкны чиг үүргээ хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хоёрдугаарт, удирдлагын тогтолцооны хараат бус байдал. Ойрын хугацаанд улс төрийн нөлөөгөөр энэ асуудал шийдэгдэхгүй байх. Дэлхийн 200 орчим улсын тал нь Төв банкныхаа хараат бус байдлыг Үндсэн хуулиараа зохицуулж байна. Мөн зорилтыг нь Үндсэн хуулиараа зохицуулсан сайн туршлага бий. Тиймээс Монгол Улсын Төв банкны эрх зүйн баталгааг хангахын тулд Үндсэн хуулийн төвшинд авч үзэх шаардлагатай. Удирдлагын хараат бус байдлыг ч гэсэн сайжруулах гарц нь Үндсэн хуульд тусгах боломж гэж би харж байгаа. 

-Үндсэн хуульд яг ямар заалтуудыг оруулж өгвөл болох вэ. Монгол банкны Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулж болохгүй гэх мэт нарийн заалтыг оруулж өгөх ёстой болох уу?

-Үндсэн хуулийн зохицуулалт тийм нарийн байх шаардлагагүй. Хуульд заасан үндэслэлээр Төв банкны Ерөнхийлөгч огцруулж болдог байх ёстой. Тодорхой бүрэн эрхийн хугацаа мэдээж байна. Хамгийн гол нь албан тушаалтныг тодорхойгүй шалтгаанаар, шахалтаар, одоо байгаа зохицуулалтаар халж, солиод байгааг л хязгаарлах ёстой. Үндсэн хуулиар зохицуулаад өгвөл тухайн албан тушаалтны эрх зүйн байдал Үндсэн хуулийн шүүхийн хяналтад орно. УИХ-ын шийдвэрийг илүү нарийн хянах боломжтой болно гэсэн үг. Гол ач холбогдол нь энэ. 

-Төв банк уг нь мөнгө гаргаад, төсөл хөтөлбөр санхүүжүүлээд байж болохгүй. Гэтэл манайд энэ байдал алдагдчихсан. Одоо ч гэсэн ипотекийн зээлд зориулж мөнгө гаргаж байгаа. Үүнийг болиулахын тулд Үндсэн хуульд ямар заалтуудыг оруулж өгөх ёстой вэ?

-Тодорхой хэмжээнд судалж үзэх л ёстой. Одоогийн хууль, эрх зүйн орчин үүнийг хязгаарлаж чадахгүй байна шүү дээ. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. УИХ хууль, тогтоомжийг баталж байгаа. Мөн тогтоол гаргахдаа тодорхой үүргүүдийг өгчихөөд байгаа учраас УИХ-д ажлаа тайлагнадаг Монголбанк гүйцэтгэхээс өөр аргагүй байдалд ордог. Төв банк зөвхөн үнийн тогтвортой байдлыг хангах ёстой гээд Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн улс олон байна. Энэ тохиолдолд төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах гэхээр Үндсэн хууль зөрчсөн болж таарна. Парламентаас хэчнээн үүрэг даалгавар өгсөн ч гэсэн Үндсэн хуулиар бүтцийн хувьд тусгаарлагдчихна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг цаашид судалж, хуульд тусгах боломж байвал тусгах л ёстой гэж  бодож байна. 

-Төв банк хэт хараат бус болоод ирэхээр сөрөг үр дагавар гарах тохиолдол байдаг уу. Дураараа шийдвэр гаргахаас эхлээд. Хуулийн хувьд яаж зохицуулах боломж байна?

-Төв банкны ил тод байдал, олон нийтийн хяналтыг маш сайн хуульчилж өгөх шаардлагатай. Дээрээс нь, нэг хүнд хэтэрхий эрх мэдэл өгч болохгүй. Дэлхийн улс орнууд ч яг тийм зарчим барьж байгаа. Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл ч гэдэг юм уу, тодорхой гишүүдтэй бүтэц ажилладаг.  Тэгэхээр нэг хүний нөлөөлөл багасна. Хоёрдугаарт, парламентаас хууль тогтоомж гаргаад, үйл ажиллагааг нь чиглүүлэх боломжтой. Мөн шүүхийн хяналт ч байгаа. Хяналтын механизмууд бас бий. Тийм болохоор хэтэрхий хараат бус болоод, дураараа ажиллах вий гэж айх хэрэггүй. Харин яаж хараат бус байдлыг нь нэмэгдүүлэх вэ гэдэг л асуудал бидэнд байна. Тийм болохоор хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлд л хууль тогтоомжоо яаралтай сайжруулах шаардлагатай.  

-Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуульд оруулснаас болоод сөрөг үр дагавар гарсан улс байна уу. Та тодорхой хэмжээнд судалж үзсэн байх?

-Тийм тохиолдол, жишээ гарч байсан уу гэдгийг тухайлан судалж үзээгүй. Үндсэн хуульд тусгаад өгөхөөр Үндсэн хуулийн шүүхийн өндөр түвшний хяналтад орчихож байгаа учраас нарийн хянах боломжтой байдаг. Тийм болохоор сөрөг үр дагавар гардаггүй гэхэд болно.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар сүүлийн хэдэн жил ярилаа. Гэхдээ Төв банкны хараат бус байдлыг хангахтай холбоотой өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах талаар нэг ч гишүүн ярихгүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд ч тусгаагүй. Манай улстөрчид Төв банкны хараат бус байдлыг хангах нь ямар ач холбогдолтойг ойлгохгүй байна уу. Эсвэл хүсэхгүй байна уу. Та юу гэж харж байна?

-Төв банкны хараат бус байдал Үндсэн хуулийн түвшний асуудал гэдэгтэй маргах улстөрч гарахгүй байх. Гэхдээ заавал шууд Үндсэн хуульд тусгах ёстой гэсэн үг бас биш. Өөрөөр хэлбэл, үзэл санаа, ойлголтын хувьд тийм өндөр түвшний байлгах ёстой гэдгийг л эхлээд манайхан ойлгомоор байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол ч тийм байх болов уу гэж би хувьдаа харж байгаа. Манай улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдэл хязгаартай байх ёстой. Ялангуяа сангийн болон мөнгөний бодлогын хүрээнд парламентын эрх мэдэл хязгаартай байх ёстой гэдгийг хөндөж ярьж байна. Одоо байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд маш чухал нэг заалт орсон. Тэр нь, УИХ-ын  санхүүгийн болон мөнгөний бодлогыг тодорхойлно гэдэг эрхэд нь хязгаарлалтад оруулж өгч байгаа.

Гэхдээ зөвхөн төсвийн хүрээнд. Жишээ нь, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр УИХ төсвийн зарлагыг нэмэгдүүлэхийг хориглоно гэдэг заалт оруулж өгч байгаа юм. Боловсруулсан төсөв УИХ-ын чуулганы явцад оруулсан байгууллага нь танихааргүй болтол өөрчлөгддөг гэдэг. Энэ асуудлыг шийдэх заалт оруулж өгөхөөр тусгасан гэсэн үг. Тодорхой нэг алхам болж байна. Төсвийн асуудлыг Төв банкны хараат бус байдлаас арай олон жилийн өмнө буюу 2014 оноос Үндсэн хуулийн түвшинд эрчимтэй ярьж эхэлсэн. Түүний ачаар тодорхой нэг заалт нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ороод, яригдаад явж байна. Энэ бол амжилт. Цаашид Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлд илүү сайн өөрчлөлтүүд гарах байх гэж хардаг.

-Ингэхэд та өөрөө Төв банкны хараат бус байдал одоо ямар хэмжээнд байгаа гэж боддог вэ?

-Мэдээж хараат бус байдал дутагдалтай байгаа. Үндсэндээ хараат бус байдлын баталгаа нь бүрэн бүрдээгүй байгаа гэхэд болно.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: Dardas.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ