...
...

Зөвлөлтийн нэрт эмч П.Н.Шастины хөшөөнд цэцэг өргөв

Энэ сарын 10-нд Зөвлөлтийн гарамгай эмч Павел Николаевич Шастины мэндэлсэн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын Улсын 3-р төв эмнэлгийн өмнө байрлах түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Одоогоос яг 100 жилийн өмнө П.Н.Шастин Монголын анхны нийтийн эмнэлгийг байгуулж, улмаар тус улсын орчин үеийн эрүүл мэндийн тогтолцооны үндэс суурийг тавьсан билээ.

Энэхүү арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков оролцов. Монгол Улсын социализмын бүтээн байгуулалтын үед П.Н.Шастиныг 100 нэр хүндтэй хүний жагсаалтад оруулсан нь Монголын удирдлага болон ард түмэн түүний хийсэн ажлыг маш өндрөөр үнэлсэний илрэл юм гэж тэрээр онцлон тэмдэглэв. Энэ нь санамсаргүй хэрэг биш. Учир нь Павел Николаевич анхны эмнэлгийг байгуулахаас гадна Зөвлөлт Оросоос Монголыг эмээр ханган нийлүүлэх ажлыг эхлүүлж, олон мянган монгол иргэдийн амь насыг аварсан юм.

Тухайн үед Монголд П.Н.Шастинтай мөр зэрэгцэн Зөвлөлтийн олон зуун эмч нар ажиллаж байсныг Элчин сайд онцоллоо. "Жишээ нь тахал өвчнийг эмчилж алдартай болсон эмч Соболева, Архангай аймагт хувьсгалын эсэргүү нарын гарт амиа үрэгдсэн доктор Немой нар. Мөн тус улсын эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх төрийн хөтөлбөрийг боловсруулсан Монголын Эрүүл мэндийн яамны дэргэдэх ЗХУ-ын зөвлөх Баевскийг дурдах нь зүйтэй” гэж А.Н.Евсиков хэлэв.

П.Н.Шастины Монголд эхлүүлсэн үйл хэргийг түүний хүү Николай, ач хүү Павел нар үргэлжлүүлсэн байна. Нийтдээ эдгээр гурван үеийн эмч нар Монголд 30 гаруй жил ажилласан юм. Элчин сайд монгол анд найзууд, Монголд амьдарч буй Оросын элэг нэгтнүүддээ хандан Монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд Зөвлөлтийн олон мэргэжилтнүүдийн оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг умартахгүй байнга дурсан санаж байхыг уриалав.

Дараа нь П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн захирал эмнэлгийнхээ музейг А.Н.Евсиковт танилцуулав. Музей дотор Павел Николаевичийн Монгол дахь үйл ажиллагаанд зориулсан тусгай өрөө байдаг бөгөөд тус өрөөг нэрт эмчийн дүрс бүхий баримлаар чимсэн байна.

Мөн Элчин сайд, эмнэлгийн захирал нар эрүүл мэндийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах болон элэгний төрөл бүрийн өвчинтэй тэмцэх, өндөр технологийн эмийг ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр Монголд нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл гэж Оросын тал үзэж байгааг А.Н.Евсиков мэдээлэв.

Арга хэмжээний төгсгөлд Элчин сайд Улаанбаатар хотын 3-р төв эмнэлгийн музейн хүндэт зочдын дэвтэрт тэмдэглэл үлдээв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ