Хоёрдугаар сарын 5-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсын Шинжлэх ухааны академийн урилгаар хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны түүх болон орчин үеийн хөгжлийн талаар лекц уншлаа.
Ийнхүү ОХУ-ын Элчин сайдын лекцээр Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн ШУА-д болох цуврал илтгэлүүдийг нээв. Тус Академийн 16 хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд буюу нийт 100 орчим монголч эрдэмтэн, судлаач энэхүү арга хэмжээнд оролцлоо.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи байгуулагдсан цагаасах эхлэн Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголын мэргэжил нэгт нөхдөдөө тус улсын тухай шинжлэх ухааны мэдлэгийн баазыг бүрдүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлж байсныг Элчин сайд лекцдээ тэмдэглэв. ЗХУ-ын хувьд хүндээр туссан Аугаа их Эх орны дайны жилүүдэд ч энэхүү дэмжлэг зогсоогүй юм. Тухайлбал, 1943 он хүртэл И.А.Цаценкины удирдсан хээрийн экспедицэд хадлан, бэлчээрийн судалгааг хийж байсан бөгөөд Дорнод геологи хайгуулын хамтарсэн экспедицийн хүрээнд ажил үргэлжилсээр байв.
А.Н.Евсиковын хэлснээр Зөвлөлт ба Монголын судлаачдын уг хамтын ажиллагааны ачаар олон төрлийн салбарт өргөн бөгөөд гүнзгий мэдлэгийн баазыг бий болгосон ба тэр нь өнөөг хүртэл ашиглагдаж байна.
Хамтарсан экспедицүүдээс тус улсын газар тариалангийн асуудлыг шинжлэх ухаанчаар судлах үндэс суурийг тавьсан Монголын хөдөө аж ахуйн экспедиц; Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин, 9-р зууны Уйгурын хаант улсын нийслэл Хар Балгас хотуудад анх удаа иж бүрэн малтлага хийсэн С.В.Киселёв тэргүүтэй түүх, археологийн хамтарсан экспедиц (Түүний үр дүнд Монгол орон дэлхийн түрэг судлаачдын анхаарлын төвд орсон); Монголын нутаг дэвсгэр дээр эртний хүн амьдарч байсан түүхэн үнэт ул мөрийг судалж, улмаар Монголын үндэсний палеонтологи судлалыг Олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрүүлсэн Зөвлөлт - Монголын палеонтологийн экспедиц зэргийг онцлон тэмдэглэж болно.
Хоёр орны шинжлэх ухааны эрчимтэй харилцаа, хамтын ажиллагаа өнөө үед ч үргэлжилсээр байна гэж Элчин сайд хэлэв.
Ийнхүү Сэлэнгэ аймагт урьдчилсан байдлаар 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа хачигт энцефалит судлалын төв байгуулах ажил явагдаж байна. Орос, Монголын эрдэмтэд Хүрэлтогоотын Одон орон судалгааны төвд нарны идэвхжилт болон одон орон судлалын бусад асуудлыг хамтран судалж, археологич болон антропологичдын багууд Хөвсгөл нуурын гүний агуй дахь эртний хүн амьдарч байсан газруудад судалгаа хийж байна.
"Росатом" болон "Монатом" хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан цөмийн физикийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдэж байна.
Оросын шинжлэх ухааны монгол судлал хэдийгээр залуу боловсон хүчний хомсдолтой, санхүүжилт хангалтгүй байгаа ч дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлсээр байна гэж А.Н.Евсиков тэмдэглэлээ.
Түүнчлэн хоёр талын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүчээр Монголын хуш модны самар, чацарганыг дэлхийн брэнд болгох бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын ШУА-д ОХУ-ын ШУА-ийн Ардын аж ахуйн таамаглалын хүрээлэнтэй хамтын ажиллагаа тогтоож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг хамтран боловсруулахыг санал болгов.
Төгсгөлд нь А.Н.Евсиков 1945 онд Крымд болсон Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын Ялтын бага хурлын 80 жилийн ой энэ оны 2 дугаар сард тохиож буйг сануулав. ЗХУ, АНУ болон Их Британийн удирдагчдын энэхүү уулзалт нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой билээ. Учир нь чухам энэхүү уулзалтын үеэр Зөвлөлтийн дипломатчдын хүчин чармайлтын ачаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хадгалан үлдээх асуудлыг Дэлхийн хоёрдугаар дайны маргаангүй үр дүнгийн нэг болгон шийдвэрлэсэн юм.
ЗХУ-ын удирдлага тэр үед дэлхийд шинээр тогтнож байсан дэг журамд Монгол Улсын тусгаар тогтнолыг сахин хамгаалах асуудлыг ихэд чухалчилж байсан учир англи, америкчуудын маш их хүсэж байснаар Японы эсрэг дайнд ЗХУ оролцох асуудлыг сөргүүлж, зайлшгүй нөхцөл болгон тавьж байсан гэдгийг Элчин сайд онцлон тэмдэглэв.
Ийнхүү Ялтад Рузвельт болон Черчилль нар тэдний урьд өмнө хүлээн зөвшөөрөхгүй байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын асуудлаар Зөвлөлт Холбоот улсад буулт хийхээс өөр аргагүйд хүрч, тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал асуулга зохион байгуулахыг санал болгож байсан. “Өдгөө бид ч гэсэн Монголын ард түмний хувь заяанд маш чухал үүрэг гүйцэтгэсэн энэхүү үйл явдлыг эргэн санацгаая.
Учир нь энэхүү үйл явдал нь Монгол Улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, улмаар 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэх замыг нь нээж өгсөн билээ” хэмээн А.Н.Евсиков дүгнэв.