...
...

ЗХУ-ын дайчдад зориулсан хөшөөг сэргээн засварлаж, нээлтээ хийлээ

1-р сарын 26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Тус хөшөөг Халхын гол дээр Зөвлөлт, Монголын цэргүүд хамтын хүчээр Ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар өнгөрсөн намар сэргээн засварласан бөгөөд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс гаргасан байна. Сэргээн засварлах ажлыг Улаанбаатар хотын захиргаа, Бүх Оросын түүх, соёлын дурсгалыг хамгаалах нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Монгол, Оросын компаниуд хамтран гүйцэтгэжээ.

Хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцов. Тэд Зайсан толгойн бэлд байрлах Аугаа их Эх орны дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкны цуваанд байлдаж байсан танкны хөшөөнөөс эхлээд уулын орой дээрх хөшөөний цогцолборын бүхий л байгууламжтай танилцсан ба Оросын сэргээн засварлагчид өөд гарах шатнуудаас эхлээд дурсгалын цогцолборын хосгүй мозаик хүртэл бүх байгууламжуудыг сэргээн засварлажээ. Тэдний зам дагуу хүндэт харуул жагсаж, цэргийн найрал хөгжим хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж байв.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:

«Шинэчлэн засварласан дурсгалын цогцолборыг Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн жилд Нийслэлийн Засаг даргатай хамтран нээсэн нь өөрөө маш чухал үйл явдал юм. Монгол Улс манай анхны холбоотон байсан бөгөөд БНМАУ-ын нэг хүнд ногдох тоо хэмжээгээр тооцвол ЗСБНХУ-д үзүүлсэн тусламжийнх нь хэмжээ АНУ болон Их Британи хоёрын хамтарсан тусламжаас илүү их байсан» гэлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийслэлийн Засаг даргыг болон сэргээн засварлахад гар бие оролцсон Монголын барилгачдыг “Халхын голын байлдаанд Зөвлөлт, Монголын цэргүүд ялсны 85 жил” ойн медалиар шагнан урамшууллаа.

Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хөшөөний анхдагч дүр төрхийг сэргээсэн Оросын талд гүн талархал илэрхийлж, Ленинград мужаас 50 гаруй сая рублийн санхүүжилтийг засварын ажилд зориулсныг тэмдэглэв.

«Зайсан толгой дахь дурсгалын цогцолборыг сэргээн засварласан нь Халхын голын Ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн онцгой чухал ажлын нэг болсон гэж итгэл дүүрэн хэлж болно» хэмээн хотын дарга цохон тэмдэглэв. Сэргээн засварлагчдын хөдөлмөрийг үнэлж, энэ чухал түүхэн дурсгалт газарт хайр халамжтай хандахыг иргэддээ уриалж, цаашид хөшөөний бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс ойрын хугацаанд энд дүрс бичлэгийн камерууд суурилуулах бодолтой байгаагаа мөн хуваалцав.

Зайсан толгой дахь дурсгалын цогцолбор нь түүхэн ач холбогдолтой төдийгүй гадаадын жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Улаанбаатар хотын оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ