Зам тээврийн салбарт төсөл хөтөлбөрийн дагуу олон бүтээн байгуулалт өрнөж, энэ хэрээр "Сайныг дагаж саар" гэгчээр буруу ташаа мэдээлэл гарч байгаа учраас Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан албан ёсны тайлбар өглөө.
-Авто замын салбарт Дархан, Налайхын замаас гадна өөр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа вэ?
-Энэ жил Монгол Улсын авто замын салбарт 130-аад төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн томоохноос нь дурдвал Улаанбаатар-Дарханы 204.11, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр авто замын их засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Би саяхан баруун бүсийн аймгуудад албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хүрээнд Баянхонгороос Байдрагийн гүүр хүртэлх 129.4 километр, Тосонцэнгэл-Улиастайн 114.2 километр авто замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад орууллаа. Цаашлаад Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр, Загастайн давааны 67 километр замын ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ жил Загастайн давааны эхний 30 километрийг, Говь-Алтай чиглэлийн 80 километрийг хучиж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн Хашаат-Толбо чиглэлийн 60 километр авто замыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. Гэх мэтчилэн дурдаад байвал маш олон төсөл хөтөлбөр манай авто замын салбарт амжилттай хэрэгжиж байна.
-Дарханы замыг шинэчлэх талаар олон жил ярьсаны эцэст энэ жил хэрэгжиж эхлээд байна. Энэ онд багтаж ашиглалтад орох уу?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн зам бол 80 гаруй жилийн түүхтэй зам. Энэхүү 204.11 километр авто замын засвар шинэчлэлийн ажлын зээлийн хэлэлцээр 2019 оны гуравдугаар сард Их хурлаар соёрхон батлагдсан, 2019 оны зургаадугаар сард гэрээ байгуулагдаж, ажил эхлээд 78 хонож байна. Үүнээс 22 хоногт нь бороо орсон. Бороо орсны дараа технологи талаасаа заавал нэг хоног хатаах шаардлагатай болдог. Цаг агаарын нөлөөллөөс болж хугацаа алдсанаас гадна хоёр хэсэг дээр ажил удааширсан асуудал байгаа. Гэсэн ч бид шаардлагатай арга хэмжээг авсны үндсэн дээр ажлыг эрчимжүүлж, одоогоор хүн хүч, техникийг нэмэгдүүлсэн. Ирэх арваннэгдүгээр сард дуусгах гэрээтэй, хугацаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ гүйцэтгэгч компаниуд олон удаа илэрхийлсэн, би замчиддаа итгэж байгаа.
-Дарханы замд осол гардаг арваад хар цэг бий гэж ярьдаг. Тэр хэсгүүд өөрчлөгдөх үү?
-Тэр хар цэгүүдийг бүгдийг нь өөрчилж байгаа. Огцом эргэлттэй цэгүүдийн радиусыг тэлж, замын трассыг өөрчилсөн. Ингэснээр аваар осол багасна гэж тооцсон. Энэ жил осол аваар нэмэгдсэн гэдэг бол ташаа мэдээлэл. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан албан ёсны статистик мэдээллээр өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 6.7 хувь, гэмт хэрэг 12 хувь, нас барсан хүн 38.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-Налайхын зам Нийслэлийг Тэрэлж болон зүүн аймгуудтай холбодог гол гарц. Энэ онд багтаж ашиглалтад орох уу?
-Налайхын зам өчигдрөөс асфальтан хучилтаа авч эхэлсэн. Гүйцэтгэгч компанийн бидэнд өгч буй мэдээллээр ирэх сарын 25-аас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ.
-Хурдны замын хөдөлгөөнийг хэзээ нээх вэ?
-Шинэ хурдны авто замын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 15-аас нээнэ. Хурдны зам нь тусдаа шаардлага стандарттай, камер, хурд хэмжигч зэргийг байрлуулж байж, аюулгүй байдлыг сайн хангаж хөдөлгөөнийг нээх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Яагаад гэхээр монголчууд бид хурдны зам дээгүүр байтугай хурдны бус зам дээгүүр хурд хэтрүүлж явснаас болж аваар осол ихээр гаргадаг. Хурд хэтрүүлэхээс гадна дрифт хийж, өөрийн болон бусдын амь насыг хохироосон тохиолдол гараад байна шүү дээ.
-Одоогоор замын цагдаагийн гэж нэрлээд байгаа гүүр хэзээ ашиглалтад орох вэ?
-Нийслэлийн авто замын хөгжлийн газрын өгсөн мэдээллээр энэ сарын 15-аас хөдөлгөөнийг нээнэ.
-Энэ жил төмөр замын ажил бас нэлээн эрчимтэй өрнөж байна уу даа?
-Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн 27 километр төмөр замыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн маань өөрсдөө барьж дуусгалаа. Түүнчлэн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414,6 км төмөр замын ажлыг эхлүүлээд, суурь бүтцийн гүйцэтгэл дээр ЗХЖШ-ынхан маань шуурхай ажиллаж байна. Нүүрс экспортоос улсын төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд төмөр замын сүлжээгээ өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энэ бол үндэсний бүтээн байгуулалт.
-Таны “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал Белозёровтой хийсэн уулзалтаар ямар асуудал яригдаж, ямар шийдэлд хүрсэн бэ?
-Хэдхэн хоногийн өмнө Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзалт хийсэн. Уулзалтаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн санхүүгийн хүндрэлийг хамтран шийдэх болон төв коридорын зарим хэсгийг шинэчлэх, суурь бүтцээ засах зэрэг эхний ээлжийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн Зүүнбаян-Ханги-Мандал, Таван толгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг Кызыл Курагинотой холбох зэрэг шинэ төмөр замын төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхэд хоёр талаас онцгой анхаарч ажиллахаар ярилцаж, тохиролцлоо.
-ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл авч төмөр замын шинэчлэлд зарцуулах тухай яригдаж байгаа. Энэ талаар?
Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд яригдсан олон асуудлын нэг нь тус улсаас авах 100 тэрбум рублийн зээлийн талаар байсан. Энэ зээлийг эрчим хүч болон төмөр замын салбарын шинэчлэлд зарцуулахаар яригдсан. Зээлийн эрх нээгдлээ гэсэн үг. Холбогдох байгууллагууд тооцоо судалгаа ТЭЗҮ-г хийж дууссаны дараа зээлийн хэлэлцээр хийгдэх учиртай.
-Хөшигийн хөндийн нисэх буудал хэзээ бүрэн ашиглалтад орж, нислэг хүлээн авах вэ?
-Энэ жил манай зам, тээврийн салбарт олон томоохон бүтээн байгуулалтын ажлууд шил шилээ даран өрнөж, заримыг нь эхлүүлж, заримыг нь ашиглалтад хүлээн авч байна. Тэдгээрийн нэг нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын барилга байгууламжийн ажил юм. Өнгөрсөн 7 дугаар сард бид Японы талтай менежментийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулсан. Ирэх 2020 онд Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын 95 жилийн ой болно. Ойгоороо бид шинэ нисэх буудлаа бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлж, үнэ тарифыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлж, үнэ тарифыг бууруулах тал дээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал дотоодын агаарын тээвэрлэгч Аэро Монголиа компани өнгөрсөн 7 дугаар сард тийзийн үнээ 10 хувь хямдруулсан бол энэ есдүгээр сарын 1-ээс дахин 10 хувь хямдрууллаа, цаашид ч шат дараатай буулгана. Саяхан Завхан аймгийн Доной нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг хийснээр тус компани Завхан аймаг руу шууд нислэг үйлдэхээр болсон. Мөн Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын буух, хөөрөх зурвасыг өргөтгөж том оврын онгоц буух боломжтой боллоо. Хэнтий аймгийн Өндөрхааны нисэх буудлын барилгын ажил мөн эхлэх гэж байна.
-Таныг төмөр замаас машин бэлгэнд авсан гэсэн яриа гараад байна. Энэ үнэн үү?
-Нэгдүгээрт би “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хувьдаа машин тэрэг авсан тохиолдол байхгүй. Хууль зөрчиж, хулгай хийгээгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж авилга хээл хахууль, бэлэг сэлт аваагүй. Хас их төрд өргөсөн тангарагтаа үнэнч яваа. Хоёрдугаарт “Улаанбаатар төмөр зам” нь төрийн агентлаг биш Монгол-Оросын 50:50 хувь нийлүүлсэн хувьцаат нийгэмлэг. Зам, тээврийн хөгжлийн сайд нь Монгол-Оросын “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хувь нийлүүлэгч буюу акционер нь байдаг. “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаар жил бүр дараа жилийнхээ төсвийг баталдаг. Энэхүү төсөвт сайд хэн байхаас үл хамаарч, Ерөнхий хувь нийлүүлэгч, хорооны гишүүдийн ажиллах хэвийн нөхцлийг хангах үүднээс зардлын төсвийг зүйл ангиллаар нь ярилцан, жилийн төсөвтөө суулгаж, баталж хэрэгжүүлдэг журамтай юм билээ. Монголын талын хувь нийлүүлэгчийн хувьд машинаар үйлчлүүлэх боломжтой гэдгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс 18/2143 тоот албан бичгээр салбарын яаманд илэрхийлсэн. Энэ жил Зам тээврийн салбарт олон төсөл хөтөлбөрүүд төв болон хөдөө орон нутагт хэрэгжиж байна. Засгийн газрын гишүүний хувьд хөдөө ажлын найдвартай, аюулгүй унаа машинаар хангаж өгөхийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс хүссэн. Үүний дагуу Улаанбаатар төмөр замын авто баазаас албан ажлын хэрэгцээнд автомашин захиалж, хөдөө ажилд хэрэглэж байгаа. Миний хувьд амин хувьдаа, хот дотор албаны тэрэг техник ашиглах шаардлага хэрэгцээ байхгүй. Өөрийн эзэмшлийн машин тэрэг, жолооч байна.
Web, tv, social orchind bainga bi gemgui geed garaad bh yum. Gemt hun gelbelzene gedeg biluu, yu bilee?
Тийм байхдаа чи