...
...

Ц.ГАРАМЖАВ: Шүүхээр явах эрх нь Монголбанкинд байсан

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг "Монполимет" ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг Zarig.mn  сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээж, энэ асуудал маргаан үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын байр суурийг сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ

-Энэ бол бараг 16 жилийн өмнөх үйл явдал л даа. Өөрөөр хэлбэл, 2001-2007 оны хооронд болж байсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг хүндхэн байлаа. Анхны “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэр үед уул уурхайн хэд, хэдэн томоохон аж ахуйн нэгж ажиллаж байсан л даа. Тэр хэдэн аж ахуйн нэгжийн тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгч байсан О.Чулуунбат асан санаачилга гаргаж, олон улсын зах зээлд хувийн хэвшлийнхний олборлосон металлыг барьцаалж арилжаа хийж байсан.

Өөрөөр хэлбэл, ирээдүйд өсөх үнийн өсөлт дээр арилжаа хийж ажиллаж байсан гэсэн үг. Тухайн үед Монголбанк ашигтай ажилласан гэдэг нь 2006 оны УИХ-ын тэр хүний ажлыг дүгнэсэн, сайшаасан “Монголбанкны үйл ажиллагааг олон улсын түвшинд гаргаж чадсан” гэсэн дүгнэлтээс харахад ойлгомжтой байдаг. Тухайн үедээ Монголбанк хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, ашиг олж байсан байгаа юм.

Гэтэл талийгаач Ерөнхийлөгч зургаан жил ажиллаж, дараагийн Ерөнхийлөгч нь хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэлгүйгээр тэр арилжааг гэнэт зогсоосон байна. Гэнэт зогсоосон гэдгийг нь аж ахуйн нэгжүүд мэдээгүй, захиалгаа өгөөд яваад байсан. Өөрөөр хэлбэл, металлаа нэмж өгөөд л байсан гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн арилжаанд оролцох гэсэн хүсэлтийг нь жилийн турш авсан атлаа арилжааг нь хийхгүй зогсоочихсон байгаа юм. Түүнээс жилийн дараа үнэн байдлаа хэлж, арилжааны компаниудад өгсөн байдаг. Үүний дараа нь бүр дордож, тодорхой хэмжээний алдагдал үүсэн учраас тэрхүү алдагдлыг аж ахуйн нэгжүүд хувааж төлөх болсон тухай мэдэгдэл ирсэн байдаг.

Тэр үед бид нэг хэсэг дүрэм, журмаа ч мэдэхгүй явсан. Туршлагагүй ч байлаа. Дэлхийн зах зээл дээрх арилжаанд анх удаа л оролцож байсан. Харин сүүлд нь өмгөөлөгч аваад судлаад үзэхэд тодорхой хэмжээгээр төлж явсан нь буруу байсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк ашиг олсон. Өөрсдийнхөө байгуулсан гэрээг өөрөө цуцалсан. Өөрсдийнх нь дотоод зохион байгуулалтын алдагдал байсан болж таарсан. Тэр алдагдлыг аж ахуйн нэгжүүдийг үүрүүлэх гэсэн оролдлого байсан. Гэхдээ хаана ч Монголбанк алдагдал хүлээсэн гэдэг баримт байдаггүй. Харин түүнийгээ жил, жилийн ханшийн алдагдлаар үржүүлж 12 жилийн хугацаанд 10 тэрбум төгрөг болгож Монголбанк нэлээд тоглосон. Өөрсдөө ч түүгээрээ ашиг олсон байдаг. Үүнийгээ л аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх гэсэн явуургүй санаа байсан гэж ойлгох хэрэгтэй.

Шүүхээр явах эрх нь Монголбанкинд байсан. Харин бид нэлээн нэгдэж байж шүүхээр явж эхэлсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Аж ахуйн нэгжүүдийн буруу биш гэж гарсан байдаг. Ийм л асуудал байгаа юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ