...
...

Т.Энхтүвшин: Нэг зорилготой нийтийн хүчээр том бүтээн байгуулалтуудыг хийж байна

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй цаг үеийн асуудал, орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын явц, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай ярилцлаа.


-Өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалтын нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Энэ жилийн тухайд хүйтэн өвөл болох талаар урьдчилсан төлөв гараад байна. Хэрхэн бэлтгэл хангаж байна вэ?   

 -Өвс тэжээлийг хангалттай бэлтгэх дээр анхаарч ажиллаж байна. Манай аймгийн Сайхандулаан, Мандах сумдад намар хүндхэн болж байгаа мэдээлэл байна. Бусад сумдад зуншлага гайгүй болсон. Тиймээс эрт цочир хүйтэрч магадгүй тул сум, аймгийн малчид хувийн бэлтгэлээ ч сайтар базаах хэрэгтэй. Аймгийн тухайд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас өвс, тэжээлээ бэлтгэх гэж байна. Ойрын үед хойд найман суманд хүлэмж дагалдах хэрэгсэл, мал угаалгын ванн, трактор, хадуур, тармуур, инженерийн хийцтэй худаг тус бүрд хоёрыг гаргаж өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Сум болгонд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах ажил хийгдэж байна. Тэгэхээр малчид маань цаг агаарын болзошгүй нөхцөл байдалд уялдуулан бэлтгэл ажлаа сайн хангах хэрэгтэй.    

-Өнгөрсөн жилийн өвс, тэжээлийн нөөц хүрэлцээтэй байсан уу. Үлдсэн өвс, тэжээл байгаа юу?

-Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан даалгавраар аймагт өгсөн нормыг 100 хувь хангаж ажилласан. Өнгөрсөн жил зарим баг, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрснээс болж тэжээлийн үнийг 50 хувь хямдруулж, өвс үнэгүй тарааж өгсөн. Одоогоор аймгийн нөөцөд 3000 орчим боодол өвс байгаа. Бид жилдээ Алтанширээ, Хөвсгөл, Сайншанд сумын агуулахыг сум дундын нөөц болгон шаардлагатай өвс, тэжээлийг татан төвлөрүүлж байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тохиолдолд нутгийн хойд хэсгийг Алтанширээ, урд хэсгийг Хөвсгөл, бусад сумдыг Сайншанд сумын өвс, тэжээл татах бодлого барьж байна.

Гэхдээ энэ жил онцгой хүйтэн өвөл болж магадгүй. Засгийн газрын өргөтгөсөн хурлаар Ерөнхий сайд өвс, тэжээлээ сайн бэлдэх үүрэг даалгавар өгсөн. Хоёрдугаар асуу­дал бол махны асуудал дээр онцгой анхаарна. Энэ жилээс нөөцийн махыг Сайншанд, Замын-Үүд сумдад бэлтгэнэ. Нөөцийн мах бүрдүүлэх нэрийдлээр их хэмжээний мөнгө төсвөөс гаргахгүй. Тодруулбал, аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллана. Эсвэл махны үнийг хямдруулаад зөрүүг нь  орон нутгаас өгнө. Ямар ч байсан ирэх хавар гэхэд хонины мах 5000 төгрөг, үхрийн мах 7000 төгрөгөөр иргэдийн гарт худалдаалах нөхцөл байдлыг бүрдүүлэх болно.

-Манай аймагт махны үнэ дорвитой буурахгүй байна. Үнэд нөлөөлж байгаа ямар хүчин зүйлс байна вэ? Тайлбар өгвөл...

-Дорноговь аймагт маш их бүтээн байгуулалт явагдаж байгаа учир хүн амын өсөлт өндөр байна. Мөн Дорноговь аймаг бага малтай шүү дээ. 21 аймгийн хэмжээнд сүүлээсээ дөрөвдүгээр байрт ордог. Эрдэнэт, Дархан, Говьсүмбэр, Дорноговь гээд хамгийн бага малтай аймгуудын эгнээнд жагсдаг. Нефтийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, үйлдвэр үйлчилгээнд олон иргэд ажиллаж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс хөдөө сумдад ажиллахдаа махыг өндөр үнээр худалдаж авч байгаа. Жишээлбэл Мандах суманд төмөр зам барьж байгаа найман компани байна. Тэд зэргэлдээ айлуудтайгаа гэрээ байгуулаад хоол унданд  хэрэглэх махаа худалдаж авдаг. Аймагт өрнөж байгаа том бүтээн байгуулалтуудыг дагаад махны үнэ нэмэгдэх хандлагатай байгаа учир махны үнийг тогтвор­жуулахад анхаарах болно.

-Орон нутаг дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахын тулд газар тариалан эрхлэгчдээ бодитоор дэмжих шаардлагатай байдаг. Энэ тал дээр ямар бодлогоор ажиллаж байгаа вэ?

-Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Орон нутагт нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор зээл олгож эхэлсэн. Тус сангаас 2019 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаа нэг тэрбум төгрөгийг 21 компанид хувааж өгөхөөр болсон. Мөн сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хурдан шуурхай олгох тал дээр анхаарч байна. Намрын үзэсгэлэн худалдаагаар бүх жижиг, дунд үйлд­вэр­лэл эрхэлдэг иргэдтэй уулзлаа. Иргэдийн хэлж байгаагаар борлуулалт маш сайжирсан гэж байсан. Аймгийн хүн ам нэмэгд­сэнтэй холбогдуулаад эдийн засгийн өсөлт сайн байгаа. Цаашдаа жижиг, дунд бизнес эрхлэгч  нараа дэмжиж ажиллах болно. Ойрын хугацаанд аймгийн хүн ам улам нэмэгдэнэ. Нийт хүн амын тоо 100 мянга давахад нээх олон жил шаардахгүй байх гэж харж байна. Ерөнхий сайд “Дорноговь аймаг бол улсын анхааралд байгаа тулгуур аймгуудын нэг ” гэдгийг тодотгосон. Бид 1,5 сая тонн хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрийнхээ дэд бүтцийг Монголын талаасаа хийгээд дууссан. Зүүнбаянд Таван толгойн төмөр замын ажил явагдаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд суманд шинэ боомтын шав тавих ёслол боллоо. Замын-Үүд сумын хувьд нийт гадаад гарч байгаа хүмүүсийн 78 хувь нь зөвхөн Замын-Үүдийн боомтоор гардаг. Монголын эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэдхэн жишээн дээр батлагдаж байгаа юм. Нийт импортын 70 гаруй хувь энэ боомтоор орж ирдэг.  XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт бол нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам хоёр гэж хувьдаа бодож байгаа.

-Аймгийн ЗДТГ нь Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлтэй хамт­раад хямд үнэтэй орон сууцыг бусад аймагт жишиг болохоор санаачилж олон айл, өрхүүд байртай боллоо. Тэгэхээр цааш­­даа барилга орон сууцны хэрэгцээ, шаардлага аймгийн хэмжээнд их байна гэж хараад байгаа. Дэд бүтэц талаасаа ямар ажил төлөвлөж байгаа вэ?  

-Аймгийн зүгээс газрыг үнэгүй олгож, дэд бүтцийн ажлыг хийж, нутгийн зөвлөл хөрөнгө, мөнгө гаргаад томоохон бүтээн байгуулалт хийсэн. Энэ ажлыг бид УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай нэг баг болж хамтран ажилласны үр дүнд хийж байгааг тодотгомоор байна. Хүн амын нягтаршилтай холбогдуулан орон сууцны хэрэгцээ их байна. Тиймээс томоохон хэмжээний дулааны станц нэмж барих маш том хэрэгцээ байна. Тэр дундаа дөрөв болон долдугаар багт дулааны станц барих шаардлагатай байгаа. Сумуудад цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээгээ хийнэ. Орон сууц зөвхөн Сайншанд, Замын-Үүдээр хязгаарлагдахгүй Нутгийн зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтраад Эрдэнэ суманд 27 айлын гурван байшин баригдаж дуусаад удахгүй ашиглалтад орох гэж байна. Өргөн суманд 27 айлын орон сууц баригдаад ашиглалтад орчихсон. Аравдугаар сарын 15-нд Айраг суманд гурван давхар 48 айлын орон сууц ашиглалтад орно. Олон овоо багт орон сууц ашиглалтад орсон байгаа. Одоо Хөвсгөл, Сайхандулаан, Алтанширээ сумуудад төрийн албан хаагчийн 4-8 орон сууц ашиглалтад орох юм. Бид шат бүрдээ сум орон нутгийг төвлөрсөн орон сууцтай, цэвэр, бохир устай эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл байдлаар хангахаар ажиллаад байгаа юм. Энэ жил аймгийн хэмжээнд дөрвөн суманд цэвэр, бохирын шугам тавигдаж байна. Ингэснээр нийт сумдын 90 гаруй хувь нь инженерийн нэгдсэн шугамд холбогдох юм.

-Уул уурхайн нөхөн сэргээлт, лиценз олголтын асуудал байнга хөндөгддөг. Энэ чиглэлд ямар бодлогоор ажиллаж байгаа вэ?

-Анх ажил хүлээж авахад нийт газар нутгийн таван хувь л орон нутгийн тусгай хамгаалалтад байлаа. Одоо бол нийт нутгийн 25 хувийг тусгай хамгаалалтад авсан. Засаг даргын мөрийн хөтөлбөрт 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэж тусгагдсан. Ерөнхий сайд, УИХ, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт бүх шатанд өөрийн биеэр ярьж, хэлэлцэж байж Хамарын хийд орчимд олгогдоод байсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар 561 лицензийг 360 болгоод байна. 2016 онд намайг ажил авахад “Сүлдэн мөнх овоо”, “Хутагт уул”-ыг лицензээр олгочихсон байсан. Одоо тусгай хамгаалалтад аваад байна. Даланжаргалан сум, Айраг сумын Цагаан дэлийн агууг тусгай хамгаалалтад авсан. Хутаг уулыг төрийн тахилгат уул болгох саналтай байгаа. Энэ бодлогыг бүгдийг буруу тийшээ эргүүлэх гэж оролдож байгаа хүмүүс цөөнгүй байна.

-Дорноговь аймаг 2018 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэл­тээр шилдэг аймаг боллоо. Шилдэг аймаг болоход саад бэрх­шээл мундахгүй байсан болов уу?

-Бидний хийж байгаа томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг харлуулах гэсэн, зогсоох гээд иргэдэд буруу мэдээлэл өгч байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгаа хүмүүсийг холбогдох хуулийн байгууллагаас гаргасан мэдээллийн дагуу зарлах гэж байгаа. Тухайлбал: Хан Баянзүрх хайрхан руу тавигдаж байгаа 6.8 км автозамыг харчихаад “Хамарын хийдийг ухаад байна” гэх жишээний мэдээллүүдийг олон нийтэд тараасан. “Дорноговь их хөгжлийн сан”-гийн үйл ажиллагааг үгүйсгэж байгаа хүмүүс цөөнгүй байгаа. Компаниуд өөрсдөө нэгдэж нийлээд мөнгөө өөрсдөө захиран зарцуулаад ажиллаж байгаа шүү дээ. Засаг даргын болоод төрийн ямар ч оролцоо байхгүй ажилладаг. Хүн улстөржиж болно. Гэвч бид хийсэн, бүтээсэн ажлаараа л өрсөлдөх хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн байна гэдгийг иргэд дүгнэх явдал нь шударга асуудал юм. Өөрсдөө хийгээгүй байж хийж байгаа хүмүүсийн ажилд саад болох боломжгүй. Бид ч саад, бэрхшээлд зогсож, бууж өгөхгүй. Богино хугацаанд аймгаа хэрхэн хөгжүүлж болдгийг харуулж байна. Бид нэг зорилготой нийтийн хүчээр хөгжлийн төлөө хамтаараа том бүтээн байгуулалтуудыг хийж байна. Улс төржөөд байгаа хүмүүст хандаад хэлэхэд ажлаараа уралдах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар болон аймаг, орон нутгаас хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг гацаах гэсэн, зогсоох гэсэн энэ үзэл хандлагаа болох цаг нь болжээ.

-Засаг дарга аймгийнхаа бүх сумдад хүрч ажиллах ёстой. Сум­дад ямар хэмжээний бүтээн байгуулалтад хэчнээн төгрөгийг хуваарилсан бэ?

-Ихэнх сумд 1.5-5 хүртэлх тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Товчхондоо долоон газар спортын зал, Мандах сум, Замын-Үүд сумдад цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур, дөрвөн суманд нэгдсэн уурын зуухны инже­нерийн шугам баригдаж байна. Энэ бол маш хурдтай хөгжиж чадаж байгаагийн үр дүн. Өнөөдөр Дорноговь аймгийн татварын орлого 23 хувиар нэмэгдсэн. Хуучин 67 сая төгрөг уснаас орж ирдэг байсан бол энэ жил бид нэг тэрбум төгрөг усны татвар хэмээн ноогдуулаад байна.

-Зарим газар олон жил дамнаж царцаагдсан барилгууд бий. Ямар явцтай байгаа вэ? 

-Миний ганц зарчим бол эхлүүл­сэн ажлаа дуусгах. Аливаа аж, ахуй нэгж байгууллагын хариуцлагагүй байдлаас болж сум, орон нутгийн хөгжлийг хойш татсан байдал хэрхэвч байж болохгүй. Өмнөх аймгийн Засаг дарга УИХ-ын гишүүнтэйгээ хамтарч ажиллаж чаддаггүй байсан тул маш олон тооны барилгын ажил царцаагдсан дампуурсан аймгийг хүлээлгэн өгч байлаа. Гурван жил гаруй ажиллах хугацаандаа энэ бүхнийг яагаад хийж чадаагүй юм бол гэж гайхсан шүү./инээв/ Сайншандад 2019 оны аравдугаар сарын 4-нд 50 ортой төрөх эмнэлгийн нээлт болно. Шинэ төрөхийн хажуу талд нь байгаа царцаасан барилгыг шүүхдээд буулгаж чадахгүй л байна. Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийг ашиглалтад өгнө. Мөн Хатанбулаг сумын соёл, спортын зургаан жил гацсан төвийг орон нутгийн төсвөөр дуусгаж ашиглалтад оруулна.

-Төрийн албаны нэр хүндийг өсгөх, сахилга хариуцлагыг нэмэг­дүүлэхэд ямар шалгуур тавьж байна вэ? 

-Ямарваа нэгэн хүн алдаа гаргасан бол зайлшгүй алдсан хариуцлагаа мэддэг байх хэрэгтэй. Тиймээс ямар ч тайлбар, учир шалтгааныг тоочих шаардлагагүй шууд арга хэмжээ авч байна. Сумдын Засаг дарга нарыг утсаар яриад, дуудаж алдааг нь тайлбарлаж, хэлж, сургаж цаг алдахгүй ажиллаж байна. Монгол Улсын хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой бол хэн ч байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Төрийн албан хаагчдын хийж байгаа ажлынх нь үр дүнд тогтмол хяналт тавьж байна. Гол нь гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах хэрэгтэй юм. Аливаа хийсэн ажлынхаа үр дүнд хяналт тавьдаггүй байсан учир бидний яриад буй олон барилгын ажил царцсан. Барилгын ажлын үйл явцыг хараад энэ компани болохгүй юм байна гээд санхүүжилтийг нь зогсоож өөр компаниар гүйцэтгүүлдэг байсан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Тиймээс бүх л ажилд чамбай хандаж шуурхай ажиллаж байна. Иргэн бүрт төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорьж байна даа.

-Одоо аймгийн хэмжээнд нэн шаардлагатай ямар боловсон хүчнийг бодлогоор сургаж, дэм­жих шаардлагатай байгаа вэ. Одоогийн төмөр зам, нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажил, сэргээгдэх эрчим хүч гээд томоо­хон ажлуудад яг орон нутгийн иргэд ажиллаж чадаж байгаа юу? 

-Улсын чанартай томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаа энэ цагт орон нутаг боловсон хүчний хомсдолд ороод байна. Боломжтой хүмүүс нь бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Тиймээс гаднаас маш олон тооны хүмүүс ирж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 4000 орчим төмөр замчин дутагдалтай байгаа тоо бий. Зүүнбаян, Таван толгойн төмөр замын ажилд боловсон хүчин шаардлагатай байна. Эдгээр хүмүүсийг Дорноговь аймгийн МСҮТ-ийн материаллаг бааз дээр ямар ч үнэ төлбөргүй суралцах боломжийг олгож байна. Одоогийн байдлаар төмөр замын таван шинэ ангид 150 орчим оюутан суралцаж байна. Бид УБТЗ-тай гэрээ байгуулж дээд сургуульд багшилдаг мэргэжлийн багш нараар нь хичээлийг заалгахаар болоод байна. Дадлагын байрыг төмөр замаас хариуцаж байгаа. Цаашдаа төмөр замын коллеж болох боломжтой. Мөн Нефть боловсруулах үйлдвэрийн ажилчин ангийг бэлтгэхээр ярианы түвшинд хэлэлцээ хийгдэж байна. Бид цаг үетэйгээ нийлэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхээр ажиллаж байна. Гол нь үнэ төлбөргүй сургаж, ажлын байраар хангах нь хамгийн чухал байна.

-Хэдхэн хоногийн өмнө орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг биечлэн очиж үзлээ. Орон нутгийнхаа компа­ниудыг дэмжиж ажиллах тал дээр нэлээд анхаарч байгаа санагдсан. Компаниудын ажлын гүйцэтгэл ямар хэмжээнд байна вэ?

-Орон нутгийн компаниудыг сайн дэмжсэний үр дүнд өрсөлдөж чадвар нь сайжирсан. Манай орон нутгийн компаниуд 20 гаруй тэрбум төгрөгийн тендер авсан. Ер нь 2-8 ажил авч ажиллаж байна. Шинэ залуу компаниуд ч  гарч ирж байна. Дотоодын компаниудаа дэмжиж байж иргэдийн ажлын байр нэмэгдэнэ. Миний үед таван шинэ компани гарч ирлээ. Цаашдаа ч илүү их дэмжих болно. Энэ жил нефтийн үйлдвэрийн 530 айлын  орон сууц барихаар болж орон нутгийн компаниуд хувааж ажиллахаар болоод байна. Дараа жил том оврын машинтай компани хэрэг болно. 400 га газрыг тэгшлэх 30 тэрбум төгрөгийн ажил байгаа. Ер нь аймгийн хэмжээнд том машин механизмтай компани олдохгүй байна. Бидэнд асар их боломж, бололцоо байгааг иргэд маань  маш сайн анзаарч харах хэрэгтэй. Боломжийг олж хараад надад санал, хүсэлтээ гаргавал холбогдох арга хэмжээг авч ажиллахад үргэлж бэлэн байгаа шүү. Чадах чинээгээрээ том бүтээн байгуулалтын хэсгийг орон нутгийн иргэд өөрсдөө хийх хэрэгтэй байгаа юм. Аймгийн жолооч нарын нэгдсэн холбоотой болсон учир тээврийг орон  нутгийн жолооч нар хийдэг болсон. Ингээд зохион байгуулалтад ороод надад санал, хүсэлтээ хэлэхэд нээлттэй. Гадаад, дотоодын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч ажиллаж орон нутгийн компаниудад боломж олгоход бэлэн байна.

-Удахгүй Дорноговь аймгийн соёлын өдрүүд Улаанбаатар хот­ноо болох гэж байна. Энэ үйл ажил­лагаанд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Улаанбаатар хотод Дорноговь аймаг 1979 онд соёлын өдөр буюу аймгаа сурталчилсан өдөрлөг хийж байжээ. Үүнээс хойш Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд гуай аймгийн Засаг дарга байхдаа Саран хөхөө жүжгийг тоглуулж байсан. Энэ удаагийн арга хэмжээ бол нэлээд  өргөн хүрээнд явагдана. Саранхөхөө театрынхан маань Зүүн бүсэд түрүүлсэн Лир Ван жүжгийг Улсын драмын эрдмийн театрт, СТӨ-нд аймгийн дуучдын нэгдсэн тоглолт, зураач, фото зурагчид Үндэсний галерейд үзэсгэлэн, хүүхдийн жүжгийг тоглоно. Мөн Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч .Ц.Сэвжид гуайн наадмыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа. Дорноговь аймгийн хүүхдийн жүжгийг хотод тоглоно. Үндэсний бүжиггүйгээр манай аймгийг төсөөлөх боломжгүй. 1000 бүжигчин хүүхдүүдийг Сүхбаатарын талбай дээр бүжиглүүлнэ. Аймгийн хэмжээний бүх бүжигчдийг нэгтгэнэ. Ц.Сэвжид гуайн наадмыг энэ жил нэлээд өргөн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Урьдчилсан тооцоогоор 1500 орчим уран бүтээлчид оролцоно. Нутгийн уугуул иргэд их олон талаас дэмжиж эхлээд байна. Энэ соёлын өдрүүдэд аймагт хийгдэж байгаа бүх бүтээн байгуулалтуудыг танилцуулж, сурталчлах юм. Үр дүнд нь аймагт хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, том бүтээн байгуулалтуудыг сурталчилна.

-Соёл, спортын салбарын хөгжлийг дээшлүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэхэд энэ ажил томоохон дэмжлэг түлхэц болно гэж үзэж байгаа юу?

Тодорхой хэмжээнд үр дүнд хүрнэ. Мөн энэ жил “Саран хөхөө” театрын орон тоог нэмэх бодолтой байна. Бүх сумдад соёл, спортын төв байгуулагдаж байгаатай холбогдуулан спортын албыг шинээр байгуулах гэж байна. Суманд мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч ажиллуулах юм. Сум ядаж сумын аварга шалгаруулах тэмцээнээ хийчих чадалтай, хүүхэд, залуучуудыг спортод ойртуулж бие бялдрын зөв хөгжилтэй байхад анхаарах хэрэгтэй байгаа юм. Сумдын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарах цаг нь болсон. Одоо эргээд харахад гурван жил ажиллах хугацаандаа 200 гаруй сая төгрөгийг спортын салбарт зориулсан байна. Дорноговь аймгийн уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж байгаа. Хамтлаг, дуучид авьяаслаг залуучуудыг шинэ уран бүтээл хийхэд нь дэмжинэ. Медаль авсан баг тамирчдад мөнгөн урамшуулал олгодог болсон гээд цаашид үргэлжлүүлэн хийх ажил их байна. 

-Замын-Үүд сумын боомтыг шинэчлэх барилгын шав тавих ёслол хэдхэн хоногийн өмнө боллоо. БНХАУ-ын Эрээн хоттой дүйцүүлэн жишиж ярьсаар олон жилийг ардаа үдэж одоо л шинэчлэх боломж гарч байна. Боомт тэлээд ирэхээр улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж, орон нутгийн амьдралд үр өгөөж тэр хэрээр өгөх болов уу. Жилдээ хэч­нээн төгрөгийг Замын-Үүд боомтоос улсын төсөвт төвлөрүүлдэг юм бэ?

-Ойролцоогоор жилдээ 400 гаруй сая төгрөг төвлөрдөг болов уу. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 92000 хүн амьдарч байгаагын 30000 нь Замын-Үүд суманд амьдарч байна. Ийм хэмжээний хүн амтай сум ховор шүү. Тиймээс Монгол Улсын үүд хаалга, олон улсын боомт гэдэг утгаараа хөгжүүлэхэд төр засаг онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л үйлдвэрийн тоног төхөөрөмж энэ л боомтоор дамжиж орж ирдэг. Гадаад руу аялж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь зөвхөн энэ боомтоор гарч байна шүү дээ. Хөл хөдөлгөөн, хүн амынхаа нягтаршлыг дагаад одооноос онцгой байдлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Хүн ам ихээр төвлөрөөд ирэхээр төрийн үйлчилгээний хүртээмжийн асуудал яригддаг. Энэ тал дээр одоогийн хүн хүч хэр хүрэлцээтэй байна вэ?

-Энэ асуудал дээр онцгой анхаарах цаг болжээ. Авто зам дээр цагдаагийн албан хаагчдын хүч хүрэлцэхгүй байна. Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Иргэний бүртгэлийн ажилчдын орон тоог нэмэх нэн шаардлагатай байна. Шат, шатандаа үүргээ биелүүлдэг, эрхээ мэддэг, хариуцлагатай, нэг зорилготой хамтарч багийн системээр ажилласнаар иргэдийнхээ ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Манай нутгийнхан одоогийн Засгийн газар, УИХ-д талархах хэрэгтэй юм. Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх төслүүд цаашид ч амжилттай хэрэгжиж Хөгжлийн төлөө хамтдаа мөрийн хөтөлбөр биелэлээ олж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ