Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, “Шинэ мянган утга зохиол”-ын нэгдлийн Гүйцэтгэх захирал Батмөнхийн Чулуунцэцэгтэй ярилцлаа. Бид хоёр энэ удаад яруу найргаас баахан зайлсхийж, хүний дотоод сэтгэлийн ертөнц, хүн чанар руу яриагаа хандуулахыг зорьсон юм.
-Хүн чанар алдагдаж, ирээдүйд цахим толгойтнуудаас бүрдсэн хүн төрөлхтөн бий болох нь гэсэн айдас хаа хаанаа байна. Энэ бүгдээс аврах гарц нь гагцхүү бодит уянгын уран зохиол гэх нь бий. Та уран бүтээлчийн хувиар энэ тал дээр ямар бодолтой явна?
-Яг үнэндээ би энэ хөгжлийн хэтэрхий хурданд дургүй. Энэ интернет цахим ертөнц бол хүнийг ерөнхийд нь дүйнгэ мэдрэмжгүй болгоод байх шиг санагддаг. Залхуурлын үе ч юм уу даа. Уншиж ургуулж бодно гэхээсээ өмнө дүрсээр харчихаж байна. Надад бол киног нь үзсэнээс номыг нь унших хамаагүй сайхан байдаг. Ном унш гээд хэлчихвэл “Уучлаарай, интернэтээс харчихна аа. Та дуугүй бай. Ном уншаад сууж байдаг хэн байдаг юм бэ” гэх нь холгүй л байна шүү дээ. Бид хүүхэд байхдаа л уран зохиолын номноос амьдралын амт шимт, алс холын ойн төглийг мөрөөдөж ирсэн. Тэрний буруу алга. Хажуу айлынхаа найзыг гарч дуудахын оронд онлайнаар “Hi” гээд л дуудчихаж байна шүү дээ. Энэ хооронд өнөөх амьд харилцаа алдагдаж байна. Цахим хэлбэрийн толгойтой хүн сүрэг бий болно гэхэд үгүй гэх газар алга.
-Энэ будангуй цаг үед эмэгтэй уран бүтээлч, эмэгтэй улстөрчдийн нөлөөлөл ихээхэн үүрэг гүйцэтгэх тухай ч шинжээчдийн яриа бий. Тэгэхээр уянгын, хайрын гээд романтик уран зохиол уншиж, түүндээ орж, зарим дүрд нь дурлаж, заримд нь өширхөж явсан цаг ард хоцорч байх шиг. Энэ тал дээр бүсгүй найрагчийн хувиар ямар нэгэн бодол тээж яваа болов уу?
-Мэдлэгтэй боловсролтой хүүхнүүд олон болсон нь сайхан санагддаг. Эмэгтэйчүүдийн боловсрол өндөр болох тусам эрчүүдийн залхуурал ихсэж, хариуцлага улам муудаад байна. Энэ том эмэгнэл шүү. Мэдээж эмэгтэйчүүдийн нөлөөлөл их байх тусмаа нэг их муудахгүй л болов уу. Хүүхнүүд чинь их нарийн няхуур харж, аливаад арай л ойрхон бөгөөд уян хатан ханддаг. Эр ч бай, эм ч бай хүн болгоны нуруун дээр үүрэх ёстой ачаа нь ирдэг. Нэгэнт туулах амьдралыг, жам ёсоос зугтааж хаана булан тохой хайгаад нуугдах гэж. Туулах ёстой тавиланг туулаад л гарна шүү дээ. Халирч зугтахын оронд цэгцхэн шиг туулаад гарвал хүн болж төрсний хэрэг нь гарч байгаа юм. Нэгэнт ирсэн амьдралаас айж зугталгүй туулна гэж боддог нь хүүхэн хүний зориг юм уу даа. Нээрээ л зугтаад хаашаа зайлна вэ. Зугтаж явсаар байтал эрлэгт мордох цаг нь ирчихсэн байна биз. Утга учиртайхан л амьдармаар байгаа юм даа.
-Өнөөх л хайрын захиа бичиж, бас авч, уншиж сэтгэл хөдлөлөө нууж ядан явсан цаг бол аль хэдийнээ ард хоцорсон. Цахим, холбоо харилцаа хөгжсөн үед хайрын захиа бичих тухай ярих нь хэн нэгэнд утгагүй санагдаж магад. Гэхдээ л захидал гэдэг бол маш том соёл, юутай ч зүйрлэшгүй баримт бичиг байжээ гэдэг нь өдрөөс өдөрт мэдэгдэх боллоо. Таны хувьд захидал авч бас бичиж байсан үеийн хүүхэд байх. Харин одоо захидал бичиж бас захидал авч байна уу. Сүүлийн үед шүү дээ?
-Захиа аваад л, захиа уншаад л хариуг нь бичиж илгээгээд л догдлонхон жирийж явсан охин нас надад байсан. Хүнээс ирсэн захианы хариуг бодно. Худлаа хэлэхгүй юмсан. Үнэн байх юмсан гэдэг асар том ухаан захидал дотор нуугдаж явсан юм шүү. Хаанаас ч мессеж биччихээд хажууд чинь би байна аа гэж худлаа хэлэх бол амархан болж дээ, өнөөдөр. Тэр жил Өвөр Монголын зохиолч Аюурзана гэдэг хүнээс уйгаржин бичгээр бичсэн зурагтай захиа ирсэн. Түүнээс хойш захиа аваагүй юм байна шүү.
-Өнөөдрийн нийгэм уран бүтээлчийн нүдээр харахад ямархан харагдаж байх юм?
-Уран бүтээлч гэж туйлшираад яахав. Энгийн л нэг эмэгтэйн нүдээр харахад сааралхан л байх юм. Нэг үе ч яана даа гэмээр л байдаг байлаа. Одоо харин яана даа, Миний монгол гэж бодогдох нь бага болж. Эсвэл нийгмийн энэ олон болж бүтэхгүй байгаатай би эвлэрч, ууссан ч байж болох юм. Гэхдээ аяга цайныхаа ард, цахим тоглоомныхоо ард “энэ нийгэм ёстой болохгүй байна” гэж ухаалгаар хэлдэг ард түмэнтэй л улс шүү дээ. Амьдарч байгаа энэхэн нийгмээ сайхан болгохын төлөө хувь хүн би юу хийлээ гэдгээ бодох хэрэгтэй. Хүний сайн сайхны төлөө юу хийсэн юм бэ. Ядаж нэг ч болтугай сайхан юм хийе гэсэн бодол, болохгүй, бүтэхгүй байна гэсэн худлаа халагийнх нь өмнө байж байж л өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм арай л өнгөтэй болно доо.
-Хувь хүний сэтгэлийн дотоод ертөнц бол хэн ч нэвтрэшгүй цайз. Гагцхүү үүнийг хайр сэтгэл л нэвтэлж чадна гэсэн үг бий. Тэгэхээр таны энэ цайз руу нэвтэрч чадсан эр хүн байж л таарна. Энэ талаар?
-Зүрх сэтгэлийнхээ асуудалд нандин л хандахыг хүсдэг. Хүн харахад инээд алдсан хүүхэн харагддаг байх. Заримдаа ч чангахан дуугарч өөрийгөө илэрхийлдэг харц нь догширчихсон ааштай л хүүхэн харагддаг байх. Энэ бүгд бол гадаад үзэмж төдий шүү дээ. Би өөрийнхөө сэтгэлийн хана хэрэм цайзыг өөрөө давж байж, эр хүнд гараа өгдөг. Дараа нь тэр эр хүн миний сэтгэлийн талбарт цэцэг тарих уу, өргөс хатгах уу гэдэг нь өөрийнх л нь хэрэг. Өргөс, цэцэг хоёрын алийг нь ч хатгасан байлаа хос хоёр эргээд эвлэрэх зай, уучлах багтаамжийг заавал үлдээж байх хэрэгтэй гэж би боддог. Хүн ганц л амьдарна шүү дээ. Одоо бид гуч хол гарчихсан байна. Олон салж, олон нийлэх хэрэг тарихаасаа өмнө бодох хэрэгтэй. Өнгөрсөн залуу насаа яаж туулснаа санаж байхад илүүдэхгүй.
-Бидний дээр ярьсанчлан хүн чанар алдагдаж буй өнөө үеийн залуус хүний энэ дотоод ертөнцийн цайзад нэвтэрснээ нандинд тооцдоггүй тал бий. Таны хувьд дотоод ертөнцөө нээж өгчихөөд дараа нь харамсч байсан тохиолдол бий юу. Одоо ч тэр л нандин бүхэн хүн бүрт алга байна шүү дээ?
-Харамсаад одоо яахав дээ. Нэгэнт болоод өнгөрсөн явдал шүү дээ. Жаахан гомдол байдаг л юм. Тэгээд өөртөө л хэлдэг. “Хохь чинь ээ, Чулуунцэцэг ээ! Чи л өөрөө сонгосон шүү дээ. Харах нүд чинь харалган байж дээ.” гэж өөрөө өөрийгөө л түншиж суудаг даа. “Хэд уулзаад, хэд унтаад, гэртээ дагуулж орчихоод чамайг орхино шүү” гэж хэлээд хүүхэн эргүүлдэг эр хүн байдаггүй л биз дээ. Бүгд л хайрлана, халамжилна, жаргаана гэж завсар орохгүй юм шиг л амласаар толгой эргүүлдэг. Уг нь эр хүн анх л амалж байж энэ биенд минь хүрснийх амалсан хэлсэндээ эр шиг ч багтаж амьдрах хэрэгтэй юм. Ийм жудаг дутуу эр хүн олон болж дээ, хөөрхий.
-Хүний үнэн сэтгэлийг гомдоох, тэр тусмаа эмэгтэй хүний тэр их энэрэл хайрыг гомдоосон хүн өөдөлдөггүй хэмээх нь эртнээс бий. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явна. Өөрт тань болон өрөөл бусдын жишээ ч байгаа байлгүй?
-Эр эм ялгаагүй дээ. Юу тарина, түүнийгээ л хураадаг хорвоо шүү дээ. Би хүн гомдоож явсан байх. Дараа нь түүндээ өөрөө харамсдаг. Аль болох хүн гомдоохгүй байх юмсан, хүнд гомдож, гомдол нь ирэх амьдралд нь үсэрч очоосой гэж боддоггүй. Хүн гомдоосон хүн өөдөлдөггүй гэдэг эртний үг оргүй биш гэдгийг чи ч, би ч бүгд л мэддэг. Хорин хэдтэй байхад бол жаахан давилуун байдаг ш дээ. Тэр үед бол гомдоож, гомдож л явсан байх. Харин одоо би хүнд зааж, загнахаа больё гэж бодож байгаа. Эцэг эх нь хүмүүжүүлээгүй, багш, ахас дээдэс нь суулгаагүй ухааныг би сайхан сэтгэлийн үүднээс үнэнийг нь хэлж өөртөө таагүй харц нэгийг нэмээд яахав. Ямар зуу наслах юм шиг амьтны цухлыг бараад яахав.
-Та магадгүй, хүнд тэгтлээ гомддоггүй байх, эсвэл үзэн ядталаа гомддог ч байж магад. Энэ хоёрын туйл л байж таарна гэж бодлоо. Алтан дундаж нэг л харагдахгүй байна л даа?
-Үзэн ядна гэдэг бол их хайраас л үүдсэн хэрэг. Гомдол бол дандаа итгэлээс үүддэг шүү дээ. Ямар их итгэж байлаа гэж бодоход л гол зураад явчихдаг шүү дээ. Миний нэг шүлэг байдаг. “Үзэн ядах минь ч хайр л байдаг шүү дээ” гэж. Хэтэрхий гомдохоороо би дэндүү их өвддөг. Өдий насан дээр хэн нэгэнд хэтэрхий гомдооргүй байна. Гомдохоороо яадаг вэ гэдэг асуултад чинь гэртээ ирээд тоосоо арчдаг гэж худлаа хэлмээргүй байна. Уйлна, хашгирна, дуулна. Хатуу дарс хүртээд хагартлаа уйлах нь ч байдаг. Азаар уяхан сэтгэлтэй найз олонтой хүн юм даа. Нийлж аваад баахан шүлэг уншина. Уйлахад нулимс арчаад өгдөг найрагч андууд минь л надад тайтгарал хайрладаг даа.
-Яруу найрагч гэхээр л бусдын ойлгодог шиг аливаа бүхэнд баярлаж, гомдоод амьдралаа үрээд явна гэж хаа байхав. Гэхдээ танд баярлах гомдохын туйл гэж байж таарна. Хамгийн их баярлаж, хамгийн их гомдож явсан тухай яриа дэлгээч?
- Хагартлаа баярласан, хагартлаа гомдсон гээд аль аль нь миний амьдралд бий. Яруу найрагч гэхээр л нэг их задгай, хөөргөн хүмүүс байдаг гэж боддог нь шүлэг бичдгээс бусад нь шүү дээ. Хэлье гэснээ хэлж чаддаг, хийе гэснээ барьж аваад дайраад хийж чаддаг эрэмгий зан бол бидэнд харин бий шүү. Уйлж ч чадахгүй, инээж ч чадахгүй үхсэн амьдын хооронд унтаа амьдарч байгаа зовлонтой хүн олон л байна. Тэдний дэргэд голтой бүлээн амьдарч байгаадаа баярладаг. Олон жилийн өмнө найзалж байсан залуугаасаа салаад жигтэйхэн гомдлоо. Гурав хоног орондоо хэвтчихлээ. Ууж идэхгүй, уйлахгүй, дуулахгүй. Ер нь л дургүй хүрээд байна шүү. 72 цаг юу эсийг бодох вэ дээ. Энэ үед нэгэн найзын минь шүлгийн “Зориг шантарахад бурхан дургүй” гэдэг мөр санаанд орж ирээд орноосоо суга үсэрч босоод л усанд орчихоод гэрээсээ гарсан даа. Шүлэг бичдэгтээ, түүгээр мөр гэдсээ болоод сэтгэлээ тэжээж амьдардагийнх ухаарлыг ч бас тэндээс олж авдагтаа баярладаг юм аа.
-Найз нөхөд, ахан дүүст гомдож баярлах зүйл бишгүй л тохиолдсон байж таарна. Харин хайрлаж, итгэж явсан эр хүн чинь таныг гомдоосон тохиолдол байгаа биз?
-Долоон жил найзалсан анхны хайр минь өөр хүүхэн хүүхэдтэй болгоход, аав болохд нь гомдож байсан ч өлгийн даавуу бариад л очиж байлаа. Итгэж байсан эр хүн маань өөр хүүхэнтэй хэвтэж байхыг ч олж харлаа. Тэрний төлөө би амиа хорлох юм уу. Ёстой ядаргаа биз дээ. Гэхдээ л энэ бүхний ард би өөрийгөө л шийтгэдэг. “Чулуунцэцэгээ, үзэж харах бүхэн чинь дуусаагүй л байна даа” гэж өөрийгөө л ялладаг. Би хичнээн бахирлаа гээд цаг хугацаа эргэх биш дээ. Хайр гэдэг юм дандаа л энхийн цагаан тагтаа шиг байдаггүй шүү дээ. Хар хор, гэрэл гэгээ бүгд сүлэрч байдаг. Тэглээ гээд өөрийгөө эвдэлж сүйтгэж болохгүй. Ядаж хүн өөрийнхөө алд биенд үнэнч байх хэрэгтэй гэж боддог.
-Уучлаарай, хөндүүр газарт чинь саяын асуулт хүрчихжээ. Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэсэн үг бодогдчихлоо?
-Эр нэг алдаа л биз дээ гэж үү. Тиймдээ алдаа гаргадаггүй хүн ч гэж юу байхав. Хүүхнүүд л нэг нэгнийхээ амьдралыг үрээд байгаад харамсах юм. Юу бодож ирдгийг, дараа нь юу бодож элэг зүрхээ сэмэлж, энгэр цээжээ урдаг болдоо гэхээс өмнөөс л өрөвдмөөр санагддаг. Хүн алдаж, гэнэдэж болно оо. Дараа нь данайтал сайхан уучлалт гуйчих зүрх зориг байх хэрэгтэй юм байгаа юм. Би хүний нүүрийг самардаж чаддаггүй юм. Харин зүрх сэтгэлийг нь самардаж, урж мэрж бол чадаад байгаа юм. Ёстой яадаг юм бэ, тиймээ. Амьдрахын тулд тэвчээр, тэмцэл хоёр гээч нэг завь нь дээр бие биенээ налаад л оршиж байдгийг олж хараад удаж байна. Нүүрний сорви бол энгэсэг түрхээд л арилчихна шүү дээ. Зүрх сэтгэлийн шарх бол энэ амьдралын зүдэргээ. Тэгэхээр би нэлээн хорон хүүхэн байгаа биз. Хэрэг хийгээгүй би өөрийгөө шийтгэж байхад хэрэг тарьсан увайгүй хүмүүс өөрсдийгөө бүр ч илүү шийтгэж байх ёстой. Тэгэж байж хүн болно. Сэтгэлд нь жаахан өнгөр сууна. Хийсэн бүхэн эргэж ирдэг замилан шүү дээ. Яадгийм бэ.
-Амьдралын утга учрыг янз бүрээр тайлбарлаж ярих болжээ. За тэгээд лекц уншиж, хүмүүсийн толгой эргүүлдэг нь ч байна. Дэргэд нь мэдээллийн өргөн сүлжээ ч байна. Энэ бүгдэд төөрөлдсөн нийгэмд хэн нэгэн алдартнаа дуурайж “би амьдралын утга учрыг ингэж боддог” хэмээн хэлэх болжээ. Өөрөөр хэлбэл түүнд өөрийнхөөрөө тайлбарлах боломжгүй, тийм дотоод сэтгэлгүй нийгэм бүрджээ. Тэгэхээр таны хувьд энэ учрыг чухам юу гэж бодох юм?
-Би хуучинсаг хүн юм шиг байгаа юм. Хөгжлийн хурдаас хэтэрхий хоцорсон бүдүүлэг ч хүн юм уу. Энэ хурдтай зэрэгцээд орхихоо орхиж, одоо хэлснээ цагийн дараа мартах ёстой юм шиг байна. Би тэгэж чаддаггүй. Итгэл гэдэг юм ямагт энгэр цээжийг минь гогдож, намайг жаахан хүн чанартай, мөн чанартай, өөрийн гэсэн өнгө будагтай байлгадаг. Хүн чанар, мөн чанар гэдэг юмыг гээчих юм бол хүн байгаад яадаг юм. Тэгвэл үржүүлгийн газрын тахиа, нохой шиг л амьдрал л даа. Тэр сайхан юм уу. Харин асуучихая. Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
-Өнөөдрийн залуус хайр дурлалаа ч ялгаж салгаж ойлгохоо болио юу гэсэн айдас ахмадуудад байна. Үүнийг уран бүтээлчид л аварч чадна шүү дээ?
-Тийм гээд хэлчихвэл тэнэг л гэх байх даа. Дэндүү хөнгөн амьдрах гээд байгаа ойворгон бодол нь залуусыг үнэ цэнэгүй болгоод байна. Амьдралыг нь утгатай юм шиг хэрнээ асар утгагүй болгож байна. Тэгээд түүнийгээ би бол ийм л хүн гэж эрээ цээргүй хэлдэг хэтэрхий гунигтай, бүр дэнгийн эрвээхэй шиг байна. Бид ядаж бичсэн шүлгийнхээ мөр бадаг шиг үнэ цэнэтэй, гэрэл гэгээтэй амьдарч байна. Бид аврах нь хаашаа юм. Гэхдээ л арай өөр амьдарч байгаа шүү. Ядаж шүлэг уншдаг, тэгээд тэндээс ухаарал олдог хүн бага сага ч болтугай нэмэгдээсэй гэж бодож байна даа. Уран зохиол, шүлэг найраг гэдэг хүнд ухаарал өгдөг юм шүү.
Shuleg bichdeg huuhen yum shig bna,medeh ch gui yum.ih uhaalag hun boloh gej yarisan bolohoos hund heregtei yu ch alga. Hodooniih yum u esvel