“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг энэ удаа Дорноговь аймагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг хөтлөн явуулж буй МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр байгаль эх, газар шорооныхоо төлөө явуулж буй энэхүү арга хэмжээг хувь сэтгүүлчийнхээ хувьд, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүнийхээ хувьд санаачлан хэрэгжүүлж байгаагаа онцлон хэлж байсан юм. Тэрээр мөн “Энэ хэлэлцүүлгийн ард ямар нэг эрх ашиг, улс төр байхгүй, Тост, Тосон бумбын жишиг тэмцлээс улбаалан орон даяар газар шорооныхоо төлөө хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хардахаасаа илүү итгэж, хамтарч ажиллаарай” хэмээж байлаа.
Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл хэлэлцүүлсний дараа Дорноговь аймгийн сумдаас ирсэн иргэд санал бодол, байр сууриа илэрхийллээ.
Дорноговь аймаг бол хайлуур жонш, чулуун нүүрс, гөлтгөнө, газрын тос, алт, никель, хром, төмөр, гянт болд зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцтэй, Менделеевийн үелэх системийн элементүүдийн ихэнхийг хэвлийдээ багтаасан баян нутаг. Гагцхүү хариуцлагагүй уул уурхай, баруун солгойгүй цацсан лиценз хэмээх А4 хэмжээний цааснаас үүдэж баян нутагт төрж өссөний “гор” гэмээр “баялгийн хараал”-д уугуул иргэд нь нэрвэгдээд байна.
Дорноговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Түвшинтөрийн хийсэн мэдээллээр бол лиценз, уурхайн хөлд дарагдаад байгаа тус аймгийнхан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж 561 байсан тусгай зөвшөөрлийг 359 болгон цөөлжээ. Гэвч бодит байдал дээрээ дээрдсэн зүйлгүйг хэлэлцүүлэгт оролцсон иргэд, малчид шүүмжилж байлаа.
Гурван малчин тутамд нэг уурхай ногддог Даланжаргалан суманд онц байдал зарлах уу?
Монгол Улсын хэмжээнд хамгийн олон лицензтэй, бас хамгийн олон үйлдвэртэй газар бол Даланжаргалан сум. Сумын хэмжээнд 300 малчинтай энэ сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын 108 лиценз олгожээ. Тэр тоогоор уурхай ажиллаж байгаа гэвэл гурван малчны дунд нэг уурхай ноогдоно.Засгийн газар нэмж тусгай зөвшөөрөл олгохгүй гэж байсан ч саяхан дахиад л лиценз олгосныг тус сумын иргэн Н.Болдбаатар хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, Дорноговийн 359 лицензийн бараг тал хувь нь зөвхөн Даланжаргаланд хамаарч байна гэсэн үг.
Бэлчээрийг нь экскаватораар ухаж, уух усыг нь ширгээснээс үүдэж мал маллах боломж тааруу болжээ. Уурхайгаас гадна 20-30 үйлдвэр ажиллан говийн эрдэнэ болсон усыг хайр найргүй асгаж, зуны турш өмхий агаараар амьсгалж эрүүл мэндээр үлэмж хохирч буйгаа малчид илэрхийлэв.
Тус суманд малчдад газар олддоггүй атлаа уул уурхайд олдоод байдаг нь хачирхалтай гэнэ. Зарим компани айлын худгийг ухаж хаяснаас мал нь хотондоо ирэхээ больж, эзэд нь болох хоёр өндөр настан даралт нь ихсэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үлгэр бодит амьдралд биеллээ олсон байна.
Аймгийн удирдлага иргэдээ сонсохгүй байгаагийн нэг шалтгаан нь хамтын үйл ажиллагааны гэрээ хэмээх зүйл аж. Уг гэрээг аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, уурхай гэсэн гурван тал байгуулдаг. Зүй нь төр, уурхай, иргэн гурав гэрээг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийллээ. Тус сумынхан 100 биш, дөрөв таван хариуцлагатай уурхай үлдэхэд татгалзах зүйлгүй, газрыг нь 30 жил сэндийлсэн ч сум чигчийн чинээ ч хөгжөөгүй гэцгээж байв. Иймээс тус суманд Онц байдал зарлуулахыг иргэд хүсэхэд хүрээд байгаа ажээ.
Баяжуулах таван үйлдвэртэй Айраг сум
Төвөөсөө эхлээд тавхан км нутаг дэвсгэрт хаяа дэрлэсэн баяжуулах таван үйлдвэр ажиллуулж буй сум бол Айраг. Монголд уул уурхайн стандарттай байсан бол нэг дор ийм олон баяжуулах үйлдвэр барьж талхлахгүй байсан гэдгийг тус сумын иргэн н.Лхагваа хэлээд үүнд хяналт тавьж өгөхийг төрөөс гуйж байлаа.
Монгол эзэдтэй уурхайгаа төрөөс дэмжээгүй тул хятадуудад лицензтэй, газартай нь шилжүүлж, эцэстээ усгүй, бэлчээргүй, иргэд нь эрүүл мэндгүй, малгүй, малчидгүй болох ирмэг дээр ирээд буйг Айраг сумынхан анхааруулж байсан юм.
“Монголд уран шиг, алт шиг хэрэггүй зүйл алга. Алтныхаа үүцийг цагийг нь болоогүй байхад нээснээс хохирол их учирсан. Энд тусгай бодлого шаардагдаж байна. Тусгайлан сурвалжилж өгөөч” хэмээсэн иргэдийн хүсэлтийн дагуу “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр Айраг сум руу сурвалжлах баг илгээнэ хэмээлээ.
Улаанбадрах сум ба уран
Сүүлийн жилүүдэд Дорноговийн Улаанбадрах, уран гэсэн үгс хэлц үг мэт хамт сонсогдох болсон. Мал хээл хаяж, мутацид орсон гаж хөгжилтэй төл гарч, тэр бүү хэл эмэгтэйчүүд үр зулбах болсон зэрэг аюулын харанга дэлдсэн мэдээ хөврөх болсон билээ. Тус сумын Засаг даргатай хэлэлцүүлгийн багийнхан хэд хоногийн өмнөөс холбоо барьж иргэдтэй нь уулзах саналаа илэрхийлсэн ч Засаг дарга Ц.Эрхэмболд үүнд тоомжир муутай хандсан. Иргэд нь ч хамаагүй ярихаасаа эмээсэн шинжтэй. Гэвч Засаг дарга ч, иргэд ч хэлэлцүүлэгт ирж оролцсон юм.
Хэлэлцүүлэг дээр ураны хор хөнөөлийн талаар иргэд харин байр сууриа сайн илэрхийллээ. Нэг айлын 20 ботгоны ам хамар дээр яр шарх гарсан. Угааж цэвэрлээд ч эдгэрдэггүй. Сохор ботго төрсөн, ингэ хээл хаясан. Төхөөрсөн малын цээжний хөндий өмхийрсөн байсан, малын элэг, уушги авах юмгүй өвчилсөн. Арга ядаад махыг нь хаяхад нохой, шувуу ч тоож шиншилдэггүй, Норовсүрэн гэдэг малчны 20-иод үхэр үхсэн гээд олон олон баримтыг тэд гарган хэлж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс “Говийнхон амгалан гэдэг. Гэвч амгалан биш, арчаагүй тэнэг байна. Газар орноо сэглүүлж дууслаа. Одоо сэрэх, босох цаг болсон” хэмээн хатуухан хэлэх хүн ч гарав. Украйны Чернобыль, Японы Фукушимагийн цахилгаан станцын хор хөнөөлийн талаар ч иргэд дурдаж нутаг орноо ийм болгохгүй төлөө тэмцэх учиртайгаа ярьцгааж байлаа.
Говийн ноён хутагтынхаа Хамрын хийд, тахилгат Хан Баянзүрх хайрханаа хүртэл уул уурхайд эзлүүлэхдээ тулсан дорноговьчууд үүнээс цааш зүгээр суухгүй, хэрэв тэгвэл өөрсдөө гишгэх газаргүй болно гэдгээ ухаарсан байна.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэхдээ “Ураны асуудлаар том хэлэлцүүлгийг төр өөрөө зохион байгуулж, шийдвэр гаргах ёстой. Хуулийн засаглал, хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө, өөрсдийнхөө төлөө хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” гэлээ.
Ирэх 12 дугаар сард Төрийн ордонд болох үндэсний хэлэлцүүлэгт оролцохыг иргэдээс мөн хүслээ.