Монгол Улсын Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас зохион байгуулж буй “Хуримтлалтай хувьцаатай иргэн" аян 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс, Дундговь, Сэлэнгэ аймгийн төвд нээлтээ хийснээр албан ёсоор эхэллээ.
Засгийн газрын 296 дугаар тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль, тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж үр дүн танилцуулахыг даалгасан юм.
Мөн тогтоолд компанийн ногдол ашгийн бодлогыг баталж ажиллахыг зөвлөсөн бөгөөд энэ хүрээнд 21 аймаг, сумдын иргэд, хувьцаа эзэмшигчиддээ хүрч ажиллан, тэдний санал хүсэлтийг сонсож, ногдол ашгийн бодлогод санал авах зэрэг ажлыг хийх юм. Улсын хэмжээнд өрнүүлж буй уг аян нь сар гаруй хугацаанд үргэлжилнэ.