Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.10.23/-ийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах тухай тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нийтээр амардаг өдөр олон байгааг шүүмжилж байсан ч гаднын орнуудад шашны баярууд байдаг тухай дурдаж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Олон улсад шашны өдрийг энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр буян, нүглээ дэнсэлдэг, өөрийгөө сэтгэлзүйн толинд хардаг, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчдэг сэтгэл зүй, хүмүүжлийн ач холбогдолтой. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс буддын 134, христийн 196, исламын 24, бусад 10 гэсэн судалгаа байна. 2018 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христ, 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэсэн байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг аж. Харин БНХАУ-д амралтын өдөр найм, 26 өдөр амардаг бол ОХУ-д найм хоногт 15 хоног амардаг юм байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250