Хэдхэн сарын өмнө Архангай аймгийн Цэнхэр сум хүн, амьтан амьдрахад хэцүү байжээ. Газар нутгийнх нь ихэнх хэсгийг олон арван алтны компани сэндийчиж, овоолсон шорооноос өөр зүйл үлдээхээ больсон байна. Олон арван жилийн турш хүн, малыг ундаалж ирсэн Орхон голынх нь ус татарч, улаан хүрэн өнгөөр урсах болсон байна. Үүнээс болж нутгийн иргэдийн даралт ихсэх, толгой эргэх, суулгах, биеэр нь юм туурах зэрэг нийтлэг өвчний шинж тэмдэг илрэх болжээ. Түүгээр ч зогсохгүй том толгоотой хурга, хоёр нүд нь битүү ишиг төрөх болсон байна.
Харин азаар ч гэх үү өнгөрсөн наймдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус сумын нутаг дэвсгэрт алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах шийдвэрийг гаргаж, нутгийн иргэдийн магнайг тэнийлгэжээ. Өөрөөр хэлбэл, эл нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 алтны компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Цэнхэр суманд олгогдсон “Монгол газар”, “Эм Жи Эйч” компанийн тус бүр хоёр, “Бат дөлгөөн мөрөн”, “Нэшнл тришүр”, “Гурван хайрханы асар”, “Голден хаммер”, “БМНС”, “Алтайголд”, “Улз групп”, “Сэншивэемонгол”, “Эрдэнэсийн хотхон” компаниудын тус бүр нэг тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд Архангай аймгийн Өлзийт тээлийн 2422 га, Өлийн голын 373 га, Шийртийн салааны 173 га, Өлийн голын адаг 739 га, Бодонтын амны 739 га, Гүүтийн амны 323 га, Өлзийт тээлийн 1652 га, Улаан чулуутын 144 га, Ястын голын 366 га, Ар чулуутын 141 га, Өлийн голын 1417 га, Гүүтийн амны адаг 49 га газар хамардаг байсан аж.
Тэгвэл нөөдөр Архангай аймагт алт олборлох тусгай зөвшөөрөлтэй ганцхан аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Харин аймгийн хэмжээнд долоон суманд хайгуулын 10, таван суманд ашиглалтын есөн лиценз байна. Бүр тодруулбал, тус аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт хайгуулын гурав, ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл олгогджээ. Харин Ихтамир суманд хайгуулын нэг, ашиглалтын хоёр лиценз олгогдсон байдаг бол Батцэнгэл суманд хайгуулын нэг, ашиглалтын нэг, Чулуут суманд хайгуулын хоёр лиценз байгаа талаар Архангай аймгийн Засаг дарга ярилаа.
Учир нь, хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрс шинэчлэл хөдөлгөөн", "Босоо хөх Монгол", "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо" зэрэг төрийн бус байгууллагаас "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байгаа юм. Хэнтий аймгаас эхлүүлсэн үндэсний хэлэлцүүлэг өчигдөр 13 дахь аймаг болох Архангай аймгийн Цэцэрлэг хотод боллоо. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг "Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Б.Долгор, "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар тавьсан бол Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймгийнхаа талаар товч мэдээллийг өглөө.
АРХАНГАЙЧУУД УУЛ УУРХАЙГААС ТАТГАЛЗАЖ, НОГООН АЙМАГ БОЛОХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ
Саяхан л Архангай аймаг хайгуулын болон ашиглалтын 31 лицензтэй байжээ. Гэвч нутгийн иргэдийн уйгагүй тэмцэл, аймгийн зүгээс төр, засгийнханд удаа дараа тавьсан санал, хүсэлт үр дүнгээ өгч, өнөөдөр тус аймагт 19 тусгай зөвшөөрөл байна. Гэсэн архангайчууд уул уурхайгаас татгалзаж, ногоон аймаг болох зорилт тавьсан талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан үндэсний хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
Тэрбээр "Архангай аймаг хөгжлийнхөө үндсэн чиг, бодлогыг тодорхойлсон. Газар тариалан, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал болон хүнээ дагасан барилгын үйлдвэрлэл хөгжсөн аймаг байхаар тодорхойлсон байдаг. Гэхдээ өнөөдрийн уул уурхайн нөхцөл байдал бүх аймагт маш олон лиценз олгогдсон, тэр хэрээр уул уурхайн үйл ажиллагаа идэвхжсэн байна. Төмөр, алтны лиценз, мөнгө дагасан үйл ажиллагаа идэвхжсэн байдалтай байгаа юм. Намайг анх 2016 онд аймгийн Засаг дарга болоход Цэнхэр сумын Орхон гол ямар байдалтай байгаа нь мэдэгдэхгүй, хэлэхэд хэцүү болчихсон байсан. Энэ бол 2015 оны Засгийн газрын 289, 320 гэдэг тогтоол гаргаснаас Цэнхэр сумын Орхон голд байсан 13 ашиглалтын лицензийн эрхийг сэргээсэн. Тэнд хариуцлагагүй, замбараагүй уул уурхай бий болсон байдаг. Тухайн үед Засгийн газраас дэмжлэг хүссэн. Газар дээр нь ажилласан. Энэ ажлыг өнөөг хүртэл хийж ирлээ. Хариуцлагагүй уул уурхай ямар байдаг, ямар байсан зүйлийг ямар болгодог зэрэг зовлонг нь туулж ирсэн. Олон удаа Засгийн газар, яам, агентлаг, холбогдох газарт нь санал тавьсан. Тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгөх, хариуцлагатай уул уурхай болгох тал дээр анхаарч, шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Хуульд Засгийн газар тусгай зөвшөөрлийг шууд цуцалдаг эрх нь байдаггүй байсан. Өнгөрсөн жилээс хуульд өөрчлөлт оруулж, орон нутгийн саналаар хариуцлагагүй уул уурхай эрхэлж байгаа тусгай зөвшөөрлийг цуцалж болох нөхцөл бүрдсэн. Энэ ч утгаараа Архангай аймаг уул уурхайгаас салж чадаж байгаа нь давуу тал болж байгаа юм" хэмээн ярилаа.
Ц.МӨНХНАСАН: ОРХОН ГОЛЫГ ДАГАСАН НЭГ Ч ЛИЦЕНЗ БАЙХГҮЙ БОЛСОН
Архангай аймгийг оюуны маш том өлгий нутаг гэдэг. Учир нь, тус аймгаас хамгийн олон эрдэмтэн, мэргэд төрөн гарсан байдаг. Энэ ч утгаараа уул уурхайгаас татгалзаж, ногоон аймаг болох бүрэн боломжтой гэнэ.
Энэ талаар аймгийн Засаг дарга ярихдаа "Өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Засгийн газрын шийдвэр гарч, 11 ашиглалтын алтны лицензийг цуцалсан. Ингэснээр өнөөдөр Орхон голын дагаж нэг ч лиценз үлдээгүй. Үүнтэй холбогдуулж эвдрэлд орсон 935 га газрыг хэвийн байдалд нь оруулах, нөхөн сэргээлт хийх ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 356 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлгэсэн. Мөн 90 га газрын 10 хувьд нь биологийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд жилд 5-10 га газарт нөхөн сэргээлт хийдэг. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 1-нээс аймаг өөрсдөө хяналтаа тавьж ажиллах саналаа өгсөн, шийдэгдэж байна. Хэдий хяналт тавьж байгаа ч тодорхой зөрчил гарч байна. Чулууг нь ухах, шөнө хулгайгаар орох зэрэг бэрхшээл гарч байна. Бид орон нутгийн зүгээс тодорхой арга хэмжээ авч чадахгүй байсан. Тиймээс аймгийн Засаг даргын шийдвэр гаргасан. Хууль зөрчсөн үйлдэл гаргах аваас хариуцлага тооцно гэж эрх зүйн түвшинд тэмцэж эхэлсэн" хэмээн ярилаа.
ӨНДӨР-УЛААН СУМАНД УРАНЫ ХОЁР ЛИЦЕНЗ ОЛГОГДЖЭЭ
Алтны олон арван компанийн савраас арай гэж мултарсан Архангай аймгийн Цэнхэр сумаас гадна Өндөр-Улаан сумын иргэд түгшүүртэй амьдарч байгаа талаар нутгийнхан хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Учир нь, тус суманд ураны хоёр лиценз олгогджээ. Хэдийгээр нутгийн иргэд газраа ухуулахгүй, уран олборлуулахгүй гэж байгаа ч ямар ч үр дүнд хүрдэггүй байна. Тус сумын иргэдийн төлөөлөл энэ бүх асуудлаа төр, засгийнханд дайхаар "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг зорьж иржээ.
Энэ үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн иргэн П.Батболд "Манай Азарга багийн нутаг дэвсгэрт ураны хайгуул хийгдсэн. Одоо асуудал шүүхийн шатанд явна. Анхан шатны шүүхэд сумынхан ялагдал хүлээсэн. Манай багийн хувьд Архангай аймагтаа хамгийн олон хүн амтай баг. Өнөөдөр тус багт 1455 хүн амьдарч байна. Нийт 90 мянга гаруй толгой малтай. Монгол Улсын томоохон багийн нэг. Яг тэр хайгуулын ажиллагаа явуулсан нутаг дэвсгэрт 90 гаруй өрх, 500 гаруй хүн амьдардаг. Харин 40 мянга гаруй толгой мал байдаг. Тэр лицензтэй талбайд жилийн дөрвөн улиралд малаа маллаж амьдарч байна. Хайгуулын явцад нутгийн иргэдийн авсан хохирол их. Хайгуулын цооног, өрөмдлөг хийсэн газар нь дандаа голын эрэг, булаг шандын эхэнд байна. Үүнээс болж эрхтэн дутуу хурга, ишиг төрөх болсон. Иргэдийн биед ч маш их өөрчлөлт гарсан" хэмээн ярилаа. Өндөр-Улаан сумын иргэд нутаг дэвсгэрт нь эрх авсан ураны хоёр лицензийг цуцлуулах хүсэлтээ байгаагаа уламжилж байлаа. Хэрэв лицензийг нь цуцалж өгөхгүй бол нутгийнхаа төлөө тэмцлийн хэлбэрт шилжих болно гэдгийг хэллээ.
одоо л зөв тийшээ явах гэж байна даа. аймаг бүхэн ингэх хэрэгтэй