"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы үеэр орон нутгаас ирсэн иргэдийн төлөөлөл санал бодлоо хэллээ.
Дорноговь аймаг, Н.Дашбаяр:
-Ураны олборлолтыг эсэргүүцэж байгаа олон аймаг бий. Ураны хайгуул хийхдээ ашиглалтын зөвшөөрлийг хууль бусаар авсан гэж иргэд үзэж байгаа. Ураны хайгуул хийж эхэлснээс хойш манай нутгийн мал бөөнөөрөө гэнэт үхдэг болсон. Хамгийн аюултай нь хүмүүсийн дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тоо өссөн. Ураны хор хөнөөл бусад ашигт малтмал шиг биш. Бидний нүдэнд үзэгдэж харагдахгүй байдаг. Тийм учраас ураны ашиглалт хайгуулыг аль ч нутагт явуулахгүй байхыг та бүхэн дэмжиж уриалаасай гэж хэлмээр байна.
Улаанбаатар хот, Д.Дондовсамбуу
-Миний гарт Монгол Улсын үндсэн хууль байна. Газрын доорх баялаг бол ард иргэдийн өмч юм. Гэтэл иргэдээс, эзнээс нь зөвшөөрөл аваагүй нь гэмт хэрэг, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг юм. Тэгэхээр та бүхэн хуурамч доллараар гүйлгээ хийвэл шоронд орно. Үүнтэй адилхан хуурамч баримт бичгээр ашиглаад байна. Одоо яах ёстой вэ гэхээр эдгээр хүмүүс шоронд байх ёстой. Хөөгөөд явуулах хэрэгтэй.
Баянгол дүүргийн 47-р сургуулийн газарзүйн багш Н.Батням
-Манай улсад байгаль хамгааллын асуудал маш хурцаар тавигдаж байна. Бүх нийтийн байгаль хамгааллын мэдлэг мэдээллийг хангах систем байхгүй байна. Сүүлийн үед Засгийн газар, яамнаас газарзүйн хичээлийн цагийг багасгаж ирсэн. Долоо хоногт хоёр цаг ордог байсныг ганцхан цаг болгосон. Ингэхээр хүүхдүүдэд байгаль хамгаалах тухай мэдлэг олгож чадахгүй байна. Ийм мэдээлэлгүй хүмүүжилгүй хүүхдүүд газар нутаг руу шунаж ухах болно. Тиймээс энэ чуулганаар дамжуулж бид газарзүйн хичээлийн цагийг нэмж өгөх хүсэлтийг гаргаж байна.
Завхан аймаг, А.Батсуурь:
-Би "Баян-Айраг" компанийн тухай яримаар байна. Энэ компани хоёр өрөм тавиад намаржин, хаваржин өрөмдлөө. Манай аймаг уул уурхайгүй аймаг болох уриалга гаргасан. Энэ дагуу уул уурхайгүй болох хэрэгтэй байна. "Баян-Айраг" бол 15 давхар байшингийн дайтай нүх гаргаад, нуур тогтоочихсон. Түүнийгээ нөхөн сэргээхгүй, хуулинд ийм байдаг гэх юм. Мал амьтан орж үхэх аюултай. Манай бригад яг хормойд нь байдаг. Бид гүний уснаасаа хордож байна. Уснаасаа цээрлэдэг боллоо. Сумын төвийн худгаас усаа зөөж, ууж байна. Малын дотор гэдэс идэх аргагүй болсон. Цианит, натрийн асуудал арай хэтэрч байна.
Дорноговь аймаг, Барилгын инженер Д.Баттулга:
-Бид экологийн тэнцвэр алдагдаж байгааг анхаарах ёстой. Оюутолгойн гүний усны тухай гол сэдэв болгох санал байна. Хоёрдугаарт, олон улсад агаараас ус авдаг технологи байдаг. Үүнийг хэрэгжүүлье. Тиймээс агаарын чийг нэмэгдүүлэх, агаараас ус авах технологийг нэмэгдүүлье гэсэн санал та бүгдэд хэлэх байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Ч.Даваасүрэн:
-Ерөө, Баянгол сумын нутагт ухаагүй уул гэж байхгүй болсон. Энэ дунд малаа маллаж байгаа хүн байна. 30-40 жилээр гэрээ байгуулсан байдаг. Ийм урт хугацаанд уул усгүй болох аюултай боллоо. Бид нар ухах юм аа хангалттай ухсан байна. Тиймээс хойч үедээ орон нутгаа үлдээмээр байна. Төрийн минь сүлд ивээж, зуун зуун жил эх нутаг минь хэвээрээ байгаасай гэдэг энгийн малчны үгийг энэ чуулганд хэлэх гэсэн юм.
Өмнөговь аймаг, А.Баясгалан:
-Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдөж байна. Энэ нь эрх мэдэлтэн таны баруун солгойгүй цацсанаас болж байна. Малчин иргэнийхээ хувьд уул уурхайн компанийн эрхзүйн орчныг сайжруулах, уул уурхайн улмаас эрхээ зөрчүүлсэн малчид эрхээ хамгаалах, хандах системтэй болгож өгнө үү, хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгож өгнө үү гэсэн санал байна.
Улаанбаатар хот, Н.Арслан:
-Бид 30 жил газар ухсан ч ядууралд хүрлээ. Ашигт малтмалын тухай хуулийг бүтэн уншсан хүн байгаа болов уу, энэ хууль гаднын захиалгаар хийсэн хууль юм. Тиймээс энэ хуулийг шинэчлэх ёстой. Энэ бол судалгаатай зүйл юм шүү. Энэ хуулийг бид өөрчлөхгүй бол ерөөсөө болохгүй. Үнэхээр өрөвдөлтэй хууль. Нэг га газарт тусгай зөвшөөрлийн өртөг нь 145 төгрөг. Нэг бохины үнэ хүрэхгүй байгаа юм шүү дээ.