“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулган яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Үндэсний чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулах чиглэлээр хийсэн ажлынхаа талаар танилцуулсан юм.
Тус яамнаас 2017-2018 онд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийн талаар Эвдэрсэн газрын судалгаа хийхэд хэд, хэдэн ноцтой дүн гарчээ. Дээрх судалгааг 2012 онд хийж байсан бөгөөд тухайн үед эвдэрсэн газрын га талбай 4256 га талбайгаар хэмжигдэж байсан бол 2018 онд энэ тоо 24.3 мянга га талбай болж нэмэгдсэн байна.
“Эвдэрсэн газрын тооллогын дүнгээс үзэхэд 2012 оны эцсийн байдлаар 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 4256 га эвдэрсэн талбай нөхөн сэргээлт хийгдээгүй, хариуцах эзэнгүй орхигдсон байсан бол 2018 онд бүх аймагт уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийхэд 24,347.5 га газар эвдэгдсэнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон газрын байршлын тоо 1491, талбайн нийт хэмжээ нь 9381.4 га байсан. Тооллогын дүнгээр Өмнөговь,Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод эвдэрсэн газрын хэмжээ, нөхөн сэргээх шаардлагатай буюу уул уурхайн ашиглалт хийгээд нөхөн сэргээлгүй орхисон талбай хэмжээ хамгийн их байна” гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Буяннэмэх ярилаа.
Байгаль орчин аялал жуулчлалын яам уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулах чиглэлээр тогтоол гаргах чиглэлээр ажилласан байна.
“Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Мөн уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмыг боловсруулж батлууллаа.
Уурхайн хайгуул, ашиглалтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.09.12-ны өдрийн 07 тоот албан даалгаврыг гаргаж аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлээд байна” гэж Б.Буяннэмэх ярьсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай 320 дугаар тогтоол гарсан байна.
Энэхүү тогтоолоор Монгол Улсын хэмжээнд 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн баримт материал, тэдгээрийн үндэслэл, тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц байдалд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд ахалсан ажлын хэсгийг байгуулжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Нөхөн сэргээх шаардлагатай газрын судалгааг гарган, эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх, нөхөн сэргээлтийн ажлыг хуулийн дагуу хийж актаар хүлээн авах, хяналтаа тавих, нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлох асуудлыг ил, далд байдлаар тусгасан аливаа гэрээ хэлцэл байгуулахыг таслан зогсоох зэргийг тусгасан. Иймээс тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэн Засаг даргын хүлээж байгаа үүрэг, хэрэгжилттэй танилцахыг салбар яамны зүгээс уриалсан юм.