Төрийн ордны Их танхимд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна. Яг одоо "Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Б.Долгор чуулганд оролцогчдод илтгэл тавьж байна.
Тэрбээр "Монгол Улс нэг кг алт авахын тулд юуг сүйтгэж байна вэ гэдэг асуулт байна. Нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь нь алтных. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүнд алт 10 хувь ч хүрдэггүй. Ус, гол, мөрөн болон эко системийн алдагдал, байгалийн доройтол ямар болж байгааг хүн бүр мэднэ. Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймаг хамгийн үржил шимтэй газар нутагтай. Энд асар их алтны уурхай шууд гол мөрөн, ойн хөвчийг үгүйрүүлж байна. Гэтэл дээдсийн сануулга хүртэл байдаг. Гурван мөрний хөвөөнд хэнийг ч битгий буулга гэж. Үүнийг бид ойлгох, ухамсарлах хэрэгтэй болж байна" хэмээн илтгэлдээ тодотголоо.
"Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Б.Долгор илтгэлдээ цэвэр усны хомсдол, багасаж байгаа талаар хөндсөн юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх авсан олон уул уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцууд бүгд гүний цэвэр усаар ажиллаж байгааг онцолсон бөгөөд ойн хөвч, усны нөөцөө хадгалж, хамгаалах ёстой гэдгийг чуулганы үеэр хэллээ.
Тэрбээр "Өмнөговь аймгийнг Цогтцэций сум бол Тавантолгойн ордын бүс нутаг. Монгол Улсын уул уурхайн толь гэж үздэг. Энд нөлөөллийн үнэлгээ хийхэд тав нь сөрөг, нэг нь эерэг гарсан. Тавуулаа усны бодлого алдагдсан байсан. Энэ бол сумын иргэдийнх нь ярьсан яриа юм. Тоосжилт зэрэг сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Уул уурхайн салбар малчдын асуудлыг огт шийдэхгүй байна. Амьдрах аргагүй болгож байна. Нутгаасаа хөөгдөж, экологийг дүрвэгч болж байна. Стратегийн орд газарт төр бүх үнэлгээг нь хийх ёстой. Монголын төр өнөөдөр бодлогоо хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн байдалд хүрсэн гэхэд болно" хэмээн ярилаа.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250