"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.
Чуулганд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар оролцож, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн байдал, хяналт шалгалтын тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хууль бусаар ашигт малтмал олборлох олох гэмт хэргийн тоо 2019 оны эхний арван сарын байдлаар 142 байна. Эзэн холбогдогчгүй 121 байснаас 83 хэргийг илрүүлээд шалгаж байгаа. Өнгөрөгч оныхтой харьцуулахад энэ төрлийн хэргийн тоо ч өссөн, илрүүлэлт ч өссөн ийм үзүүлэлттэй байна. Энэ хэргүүд их онцлог хэргүүд байдаг. Манай 24-р бүлэгт олон салбарт, олон чиглэлд хэргүүд үйлдэгддэг. Жишээлбэл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг дийлэнхдээ гардаг. Дорноговь аймаг, Налайхын пост зэргүүдэд химийн хорт бодис нэвтрүүлэхийг завдах, Баянхонгор, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгуудад хууль бусаар ан агнах болон хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргүүд ихэнхдээ гардаг. Мөн байгалийн ургамал түүж бэлтгэх хэрэг Дархан, Орхон зэрэг аймгуудад гарч байна.
24-р зүйлд заасан гэмт хэргүүд нь их онцлогтой. Зарим хэргүүд нь улирлын чанартай байдаг. Өвлийн улиралд хууль бусаар ан агнах, мод бэлтгэх гэмт хэрэг гарна. Дулааны улиралд бол хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргүүд бүртгэгддэг. Тус хэлтсээс зөвхөн гэмт хэргийг илрүүлж, шалгаад шүүх рүү шилжүүлээд зогсохгүй урьдчилан сэргийлэх ажлыг мөн хийдэг. Энэ хүрээнд судалгаа, зорилтот аянууд явуулж байна. Хяналт шалгалтын чиглэлээр хууль бус уул уурхайн чиглэлээр шалгалтуудыг хийдэг.
Түүнчлэн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Жишээлбэл, Тост Тосонбумбын нуруунд нөхөн сэргээлт хийлгэх ажилд бусад төрийн байгууллагуудтай хамтран ажилласан. Сүүлд Архангайн Цэнхэр суманд орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтраад хамгаалалтад гарч ажиллаад хууль бус үйл ажиллагааг зогсоосон гэж үзээд сая буулгасан байгаа. Манайхаас явуулсан 2012 оны тооллогоор 703 нэгж талбарт 4300 га газар уул уурхайн нөлөөллөөс үүдэн эвдэрсэн гэж байсан бол таван жилийн дараа энэ тоо хэмжээ зургаа дахин өссөн байна. Нөхөн сэргээлт хийгдээгүй хэн эвдсэн нь тодорхойгүй 8900 мянган га газар байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 157 дугаар тогтоол буюу бичил уурхайгаар нөхөн сэргээлт хийх журам байгаа. Миний ойлгосноор тухайн орон нутгийн бага орлоготой иргэдэд орлого олох боломж гэж харж байсан. Гэтэл энэ журмыг буруугаар ашиглах тохиолдол байна. Үүнд хэн хяналт тавих ёстой юм бэ гэхээр сумын засаг дарга, мэргэжлийн хяналт, иргэдийн хурал хяналт тавих ёстой. Тэрэг техник цуваад явж байхад мэдэхгүй иргэн, иргэдийн хурал сумын засаг байхгүй шүү дээ. Тэгэхээр сумын засаг дарга нь өөрсдөө оролцож байгаа жишээ байдаг. Нэг жишээ дурдахад, сумын засаг дарга нь 92 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан байна. Бид энэ хэргийг тогтоож илрүүлээд авлигын шинжтэй гэж үзээд Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байгаа.
Экологийн цагдаагийн байгууллагын тухайд 170 орон тооны төсөв цалинг сангийн яам шийдэж өгсөн. Эдгээрээс 160 нь сумандаа ажиллана. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгддэг 11 аймгийн сумдад офицер цолтой хүмүүс томилогдож ажиллана. Бүтэц орон тоо нь батлагдсан учраас ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс сургалтаа хийгээд явах алба хаагчид томилогдон ажиллана” гэлээ.