...
...

Д.Гэрэлгуа: Уул уурхайн ААН-үүд мэргэжлийн инженергүй байна

Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2019.12.18/ “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулган боллоо.

Чуулганы төгсгөлд Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Уул уурхайд тавих хяналтыг өндөржүүлэх нь” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлээс онцолж байна. 


Д.ГЭРЭЛГУА:

“Байгаль эх-хариуцлагатай уул уурхай"-н асуудлыг хөндөж, 21 аймгаар явахдаа манай баг 2019 оны есдүгээр сарын 24-нд АМГТГ-аас нийт 3301 тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг авч байлаа. Хайгуулын 1459, Ашиглалтын 1842 тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл байсан. Хэлэлцүүлэг зохион байгуулж, 21 аймгаар очихдоо иргэдээс маш олон санал, гомдол сонссон. Хуулиа сахиж биелүүлдэг ААН бараг байгаагүй. Орон нутгууд болохоор хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон уул уурхайгүй аймаг, сум болох зорилт тавьсан байдаг. Гэтэл уул уурхайн аж ахуйн нэгжүүд нь мэргэжлийн инженергүй, хууль ёсны бичиг баримттай боловч түүнийгээ мэргэжлийн шинжээчдээр хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй, хайгуулын дараах үе шат болон ашиглалтын үеийн ажлууд нь АМТХ, БОТХ, БОНҮТХ, ГХТХ гэх мэт олон хууль, журмыг зөрчсөн байх жишээтэй. Уул уурхайн олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж ТЭЗҮ-ийн дагуу ажиллаж байгаа эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Ихэнх аймаг, сумд нь маркшейдерийн зураггүй ажиллаж байсан. Энэ бүхэнд тавих хяналт байхгүйгээс хууль зөрчигддөг талаар иргэд, уул уурхай хариуцсан мэргэжилтнүүд ярьдаг. Энэ нь хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд хуулийн дагуу тайлан төлөвлөгөөг тухайн орон нутагт хүргүүлдэггүй, эсвэл хуурамч баримтыг бүрдүүлж өгдөг гэсэн үг юм. 

Уул уурхайд ажиллаж байгаа инженерүүд мэргэжлийн ёс зүйтэй, төсөл удирдахад мэргэшсэн инженерүүд байх ёстой. Энэ мэргэшсэн инженерүүд нь Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн (МГУУМИ) гишүүнчлэлтэй мэргэшлийн зэрэгтэй байх ёстой. МГУУМИ-ийн зорилго бол үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бий болгох, олон улсад тавигдах шаардлага хангасан мэргэшсэн инженер бэлтгэхэд чиглэдэг. 

Манай зарим ААН-үүд ТЭЗҮ-ийн дагуу уул уурхайн ажлыг явуулдаггүй, уулын ажлын төлөвлөгөөний зураг хийдэггүй, эсвэл нэр төдий хийдэг бөгөөд маркшейдерийн зураггүйн улмаас нөөцийн хэмжилт хийдэггүй.  Энэ нөөцийн хэмжилтийг геодезийн  инженерүүд хийж байна. Геодизийн инженер бол байр зүйн зургийн хэмжилт хийж, боловсруулах үүрэгтэй. Уул уурхайн нөөцийн тооцооллыг хийх боломжгүй гэсэн үг. Зарим уул уурхайн аж ахуйн нэгжүүд геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр уурхайн хэмжилт хийлгэж байгаа нь нөөцийн тооцоог гаргадаггүй гэсэн үг бөгөөд үүнд нь хариуцлага тооцох боломжгүй байдал үүсдэг.  Иймд мэргэжлийн холбоодуудтай “Босоо Хөх Монгол” НҮТББ хамтарч ажиллах санамж бичиг болон холбогдох баримт бичгүүдийг үйлдсэн байдаг. Тухайн ажлыг хэрэгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу холбогдох салбар яамдуудтай хамтран ажиллах санамж бичиг зурах шаардлагатай байдаг. Үүнийг үндэслэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зөвлөмж заавар өгч, зөв зүйтэй чиглүүлэх боломжтой болох юм. Өнөөдрийн чуулганд оролцож байгаагийн хувьд төрийн түшээддээ хандаж хэлэх гэсэн миний санал бол  “Мэргэшсэн инженерүүдийг төрдөө үнэнч ёс, зүйтэй хуулийн дагуу ажиллах орчныг бий болгож, мэргэжлийн ур чадварт нь анхаарлаа хандуулж өгөөч" гэсэн агуулгатай гэж ойлгож болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ