Өргөн мэдээллийн ZINDAA.MN сайт 2019 онд Монголын уул уурхайн салбарт өрнөсөн үйл явдлаас ЗУРГААН чухлыг онцлон нэрлэж байна.
-АСГАТЫН АДАРМАА “ТАЙЛАГДАВ”-
Монголчууд шинэ онтойгоо золгоод удаагүй байхад Монгол Улсын Засгийн газар Асгат болон Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргав. Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлж, эхний улиралд багтан эргэлтэд оруулах үүрэг өгсөн юм.
Судалгаа шинжилгээ хийж, анх илэрснээсээ хойш “ах” нарын хараанд байсан Асгатын адармаатай түүх "Эрдэнэт"-ийн ээдрээг давтана. Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд 1973 онд байгуулсан гэрээгээр геологийн судалгаа явуулж, 1980-аад онд хэд, хэдэн чухал ордын хамт Асгатын орд илэрсэн.
2016 онд Оросын "Ростех" компанитай хийсэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдах хэлцлийн үеэр "Монголын зэс" корпораци Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг мөн давхар худалдаж авсан билээ.
Салхитад салхи оруулж, Асгатын адармааг шийдсэн энэ үйл явдал тухайн үедээ сайн, муу олон шүүмжлэл дагуулсан. Нэг хэсэг нь хувийн өмч рүү хүч түрэмгийлэн дайрлаа гэж харсан бол нөгөө хэсэг нь эх орныхоо эд эс бүрийг хайрласан сайхан шийдвэр гэж алгаа ташин хүлээн авсан. Сайн, муу аль нь ч байсан өнөөг болтол энэ асуудал дуусалгүй үргэлжилж байна.
-ТОСТЫН НУРУУНД ТӨРИЙН ХЯНАЛТ ТОГТОВ-
Ухсан бол үүрэг хүлээж, хариуцлагатай бай. Энэ үгийг төрийн бус байгууллагууд, иргэдийн хамтын хүчээр уул уурхайн салбарынханд мэдрүүлсэн жил байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр Тост, Тосон бумбын нуруунд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниудын лицензийг цуцалж, бүтнээр улсын хамгаалалтад авах шийдвэр гаргав.
Гэвч энэ шийдвэрийг гаргахад нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын тэмцэл хүчтэй нөлөөлсөн билээ.
Олон жил Тост, Тосон бумбын нуруунд хууль зайдлан тоос татуулсан “Сауд гоби коал транс” компанийн үнэн мөнийг эрүүл сэтгүүл зүй, эгэл жирийн иргэд Монгол Улсын төрд харуулсан юм. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Уугуул” хөдөлгөөн, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ хамтран зуны гурван сар Өмнөговьд хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар наймдугаар сарын 09-ний өдөр Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж, бодит байдлыг үнэнээр нь нийтийн өмнө ил болгосон билээ.
-БАЙГАЛЬ ЭХЭЭ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЛ-
Өнгөрч буй 2019 онд дэлхий даяар уул уурхай гэхдээ хариуцлага гэх ойлголт давамгайлсан жил байлаа. Том гүрнүүд уул уурхайн бодлогоо өөрчилж ухахаас илүү эх байгалиа сэргээн, тэтгэхийг уриалдаг болов. Байгальд ээлтэй технологиуд ч уул уурхайн салбарт түлхүү нийлүүлэгдэх болов.
Яг энэ жишиг Монгол Улсыг ч тойроогүй. Тост, Тосон бумбын жишиг тэмцлээр түүчээлсэн эх байгалийн төлөөх тэмцэл 21 аймгийг хамарсан Үндэсний хэлэлцүүлэг болж өргөжсөн билээ. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын санаачилгаар “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” Үндэсний хэлэлцүүлэг монгол орон даяар өрнөв.
Хариуцлагагүй уул уурхайн балгаар эх байгаль хэрхэн сүйдэж байгааг 12 мянган км зам туулсан үндэсний хэлэлцүүлгээр ил болсон юм. Улмаар “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” Үндэсний чуулган арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд болсон.
Төрийн ордонд болсон хэлэлцүүлгээр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх 320 дугаар тогтоол танилцуулан, сахилга хариуцлагыг уул уурхайн салбарт тогтооно гэдгийг мэдэгдсэн юм. Улмаар 21 аймаг бүрд салбар нэгж байгуулан тэмцлээ үргэлжлүүлэхээр болсон билээ.
-“ОЮУ ТОЛГОЙ”-Н ТЭГШ ОЙН ДЭЭР МОНГОЛЫН ТӨР ҮР АШГАА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДАВ-
Бүтээгч үйлдвэрлэлийн үнэр ч үгүй Монгол Улсад уул уурхайн хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” арав дахь жилийнхээ ойтой золгов. Гэрээ байгуулж, гарын үсэг зурснаас хойш улс төрийн оноо авах попуудын сэдэв ч, хөрөнгө оруулалтын хийх ажил ч барагдсангүй. Гэрээ байгуулснаас хойш бид ашиг хүртэж чадах уу гэсэн “өлөн” асуулт асууснаас бус хэрхэн үр ашигтай болгох вэ гэсэн “бүтээлч” асуулт тавьж байсангүй.
Гэвч Монголын парламент “овоо” ажил хэрэгч хандлаа. УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Оюу Толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоол”-ыг 100 хувийн саналаар баталсан юм.
Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг чухал заалтыг тусгасан билээ. Үүнээс хамгийн чухал нь ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг дахин тогоож, ТЭЗҮ-ийг дахин боловсруулах шаардлага байлаа.
УИХ-ын тогтоолыг хөрөнгө оруулагч Рио Тинто компани арванхоёрдугаар сарын 11-нд хүлээн авсан юм. Гэхдээ хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэдгийг сануулсан юм.
-“ДУБАЙН ГЭРЭЭ”-Г БАЙГУУЛАХАД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧСӨН-
Магадгүй өнгөрсөн оны хамгийн парадокс сэдэв энэ байж болох юм. Дээрх өгүүлбэрээс энэ парадокс мэдэгдэнэ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн. Гэхдээ гэрээ олон улсын шинж чанартай учраас хэвээрээ үлдэнэ, цаашид ч үргэлжилнэ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс арванхоёдугаар сарын 05-ны өдөр албан ёсны мэдээлэл хийх үеэрээ онгол Улсын Засгийн газар 2015 онд “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан гаргасан дөрвөн захирамжийг Хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн Ч.Сайханбилэгийн кабинетын зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлавал:
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана”
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ”
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.3-т “Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана”
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Тухайлбал 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, мөн дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 94 дүгээр захирамж, дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан билээ.
-“ЭТТ” АЛГУУР БОЛОВЧ ХОНКОНГИЙН ЗҮГ-
Монгол Улсын төрийн өмчит компани анх удаагаа Хонконгийг зүглэхээр болсон нь олон хүнд эргэлзээ, гайхширал төрүүлсэн байх. Хэдийгээр 2018 онд шийдвэр гараад олон улсын зах зээлд гарах тухай ярьсан ч 2019 оны нэгдүгээр сард Хонконгийн хөрөнгийн биржийг зорих тухайгаа албан ёсоор зарласан юм.
Анхны тооцооллоор гурав орчим тэрбум ам.долларын IPO гаргана гэж тооцсон. Үүний хүрээнд зөвлөх байгууллага, аудитын компаниудаа сонгож байлаа. Мэдээж хэрэг олон улсын зах зээлд гарахын тулд шалгуур, шаардлагыг нь хангах ёстой учраас компанийн засаглалаа сайжруулах, мэдээлэл ил тод байх, олон нийтийг хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангах ёстой. Энэ шаардлагаа ч хангах ажлыг “хийсэн” гэж салбар яамнаас ч, хариуцсан компаниас ч мэдэгдэж байлаа.
Гэвч Хонконгийн хөрөнгийн биржид гарах ажил хойшилж магадгүй болох нь зургаадугаар сард тодорхой болсон юм. “Эрдэнэс-Тавантолгой” компани Зүүн цанхиа түшиглэн “ETT Mining” компани байгуулж улмаар энэ компаниараа олон улсын хөрөнгийн биржээс IPO босгоно гэдгийг дурдах нь зүйтэй. Мэдээж олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарахад шийдэх олон асуудал байгаа учраас анхны гурван тэрбумын тооцоолол 1.5-2 тэрбум болж буурсан.
“Анхны юм гэдэг тэр болгон санаснаар яваад байдаггүй юм байна. Бид бэлтгэл ажлаа нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. Санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгочихсон. Бүгд гэрээгээ байгуулаад үйл ажиллагаандаа орчихсон, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьж байлаа.