...
...

Б.Жамбалдорж: Орчлонгоор нэг "Ээжээ" гэж орилоод явалтай биш. Тиймээс ижийгээ шүлгэндээ багтааж, сэтгэл дотроо дуудах болсон

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам өнгөрөгч бямба гарагт Багануур хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Болор цом” Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 40, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 114, Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа. Найргийн наадамд 200 гаруй шүлэгчийн бүтээл ирснээс 30 найрагчийг тайзнаа шүлэг уншуулсан юм. “Болор цом” наадмын Янжинлхамын хишигт найрагчаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, МҮОНР-ийн эфирийн найруулагч, яруу найрагч Батдоржийн  Жамбалдорж шалгарсан юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” яруу найргийн түүврээ хэвлүүлээд байсан билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-“Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” яруу найргийн түүврээ дөнгөж хэвлэлтээс аван халуун амьсгал нь дарагдаагүй байхад Янжинлхамын хишигт найрагчаар тодорч “Болор цом”-ын эзэн боллоо. Мэдээж уран бүтээлч хүний хувьд сэтгэл догдлом торгон агшнууд танд л тохиож байна?

-“Өглөөний сонин”-ыг уншдаг Монголын ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Яах аргагүй сэтгэлийн будан арилам тийм гайхалтай үйл явдлууд оны эхэнд тохиолоо. Нэгдүгээр сарын нэгний өдөр “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” хэмээх яруу найргийн шинэхэн түүврээ хэвлэлтээс авч хөл газар хүрэхгүй шахам дэрвэж явахдаа “Болор цом”-ын тэргүүн найрагчаар тодорсон нь шүлэг яруу найрагт дурлаж яваа надад давхар баяр бололгүй яах вэ. “Болор цом”-ын эзэн болсноор Монголын утга зохиолын өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж, үүрэх ачаа минь илүү хүндэрч байна гэж ойлгож байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж, Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Баярхүүгийн Ичинхорлоо, Цоодолын Хулан, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж, Дамдинсүрэнгийн Урианхай тэргүүтэй ард түмэндээ хүндлэгдсэн, сор болсон найрагчид “Болор цом”-ын эзэн болж байсан гээд бодохоор яах аргагүй би өөрөө олигтойхон байх хэрэгтэй болж байгаа биз дээ.

Энэ жил “Болор цом”-д орох эсэх маань ч эргэлзээтэй байсан. Тэр юу гэхээр цомд өгсөн шүлэг маань дараагийн шатанд тэнцсэн ч Ховдод ажил явдал гараад тийшээ явах уу, “Болор цом”-доо оролцох уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Гэргий маань нутаг явахаар болж, би “Болор цом”-д оролцохоор болоод үлдсэн юм.

-Хэрэв “Болор цом”-д оролцож чадаагүй бол гэж бодож үзсэн үү?

-Аливаа юм цаанаа учир шалтгаантай, зурагдсан төөрөгтэй байдаг гэж боддог. Миний хувьд чин үнэнээ хэлэхэд “Болор цом”-ын эзэн болчихно гэж огт бодоогүй. Сайхан шүлгээ уншаад ноднин тавдугаар байрт шалгарсан амжилтаа давтах нь л миний хамгийн том зорилго байсан. Яруу найраг өөрөө хүн бүрийн сэтгэл зүрхний хөг айзам, аялгуу, хэмнэл байдаг болохоор тухайн найрагчийн ямар бүтээл “Болор цом”-ын тайзнаа эгшиглэнт эхийн хишиг хүртэхийг таах аргагүй.

Хэнтийн Б.Энхжаргал гэж гайхалтай сайхан найрагч ах минь байдаг. Нэг тийм зөөлөн хэрнээ тас хийсэн шүлэгтэй. Б.Энхжаргал ах “Болор цом”-ын дэд байрт шалгарсан бол “Зүс бүгэг андууд” бүлгэмийн найрагч ах Төрийн Баянсангийн номыг уншиж, биширч өссөн. Энэ сайхан ах минь цомын гуравдугаар байрт шалгарлаа. Радиод хамт ажилладаг, “Болор цом” наадмаас олон удаа шагнал хүртсэн энэ цаг үеийн найрагчдын өнгөнд үргэлж байдаг Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, шүлгээ, сэтгэлээ ч тэр цэгцэлсэн үеийн сайхан найрагч Эрдэнэбаярын Гантулга маань тусгай байрт шалгарлаа. Энэ хүмүүстэй сүүлийн даваанд үлдчихээд хэн ямар байр эзэлсэн бол гэхээс өчүүхэн зүрх минь биедээ багтахгүй шахам оволзож, догдолж байснаа санаж байна. Ийм их догдлол үргэлж тохиогоод байхгүй байх.

Би Ховд аймгаас төрсөн гурав дахь “Болор цом”-ын эзэн боллоо. Өмнө нь баруун алтайн бахархалт хөвгүүн Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах анх удаа нутагтаа “Болор цом”-ыг залж, “бацаан” байсан би даган баясч байсан цаг саяхан сан. Дараа нь Мөнгөнхүүгийн Отгонбаяр ах “Болор цом”-ыг нутагтаа авч ирж байлаа.

-Энэ жилийн “Болор цом”-оор залуу үеийнхний зул задарлаа гэж ойлгогдохоор байсан л даа. Нэгэн шинэ үе утга зохиолд орж ирснээ магадгүй “Болор цом”-оор харуулсан байх...

-Залуучууд маань дор бүрнээ л бүтээл туурвилаа хийгээд явж байна. Хүмүүс энэ удаагийн “Болор цом”-ын талаар янз бүрийн л дүгнэлтүүдээ өгч байгаа харагдсан. Ямартай ч “Залуу үеийнхэний зул задарлаа” гэдгийг нэлээдгүй хүмүүсийн амнаас сонслоо. Аливаа юмс үзэгдэл цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэ зүйлс орж ирдэг нь жам юм. Манай үеийнхний зул задарсан бол маш сайн байна. Олон хүн тэгж итгэл хүлээлгэж байгаа бол дор бүрнээ бид хичээх хэрэгтэй болов уу. Гэхдээ бидэнд ах, эгч нараасаа сурах зүйл асар их бий. Ямар ч эрдэнэ гадуураа барагтайхан бааданд боолгосон бол түүн дотор эрдэнэ буйг хэн ч мэдэхгүй. Сэтгэл доторх эрдэнээ бид өөрсдөө өнгөлж, гялалзуулж байх ёстой гэж боддог.

Манай найзууд “Чи тайзан дээр шүлэг уншихдаа микрофондоо хэтэрхий ойртохгүй, хэтэрхий холдохгүй сурамгай юм аа” гэхээр нь “Би чинь дууны найруулагч шүү дээ. Микрофонтой яаж харьцахаа мэддэг” гээд инээдэм болсон. Мөн “Чи үгээ их сайхан тод хэлэх юм. Үгний уналт, босолт гоё байна” гэхээр нь “Жүжигчнээр ярианы уран чадварын хичээл заалгаж, нутгийн аялгаа марттал амандаа шагай хүлхэж байлаа” гэхэд манай хэд толгой сэгсрээд инээлдээд байсан. Оюутан ахуй цагтаа сурсан зүйлс минь шүлэг уншихад нөлөөлдөг байх.

-Цаст Цамбагарав хайрхан цасаа ханзалж хүүгийнхээ шүлгийг сонссон байх. Шүлэг, төрсөн нутаг хоёр үргэлж хамт байдаг гэдэг дээ. Дөнгөж 30 насны босгон дээр онгодтой байж “Болор цом”-ын хишгийг хүртлээ шүү дээ. Юу бодогдож байх юм бэ?

-30 насны гал цогтой ирэн дээрээ байна гэж өөрийгөө онгироож байгаа. 30 настай залуу “Болор цом”-ын эзэн боллоо гэж хөөрч догдлохоосоо илүү айдастай байгаагаа нуугаад яах вэ. Олон жил гүйж явсан бол одоо зогсоод бодох хэрэгтэй болж байна. Уран бүтээлдээ мэдээж анхаарна. Гэхдээ Жамбалдорж хэн бэ гэдэг тэр асуултын хариу өмнөх Жамбаа л байх ёстой гэж боддог. “Болор цом”-ын эзэн болсон ч өмнө нь бичдэг байсан “марзан” богино шүлгүүдээ бичнэ. Аль болох ард түмнийхээ зүрх сэтгэлд ойрхон бүтээлээ туурвихын хичээнэ. “Болор цом”-ыг зохион байгуулах нь буруу. “Болор цом” ийм боллоо тийм боллоо гэсэн хэл аманд орох л байх. Энэ бүгдийн өмнө дүн нуруугаа алдахгүй юмсан гэж хичээх болно.

Нутаг, шүлэг хоёр хүйн холбоотой гэж боддог. Миний нутаг өөрөө шүлэг юм. Нутгаа харсан би үүнийг нь шүлэг болгон бичдэг. Миний шүлэгт нутаг минь байдаг. Шүлгэн дотроо би үргэлж ус нутгаа, эх орноо багтааж бичихийг хичээж ирсэн. Гэсэн ч нутгаадаа яарах сэтгэл байвч ард минь улсын ажил бий. Би МҮОНР-гийн эфирийн найруулагчаар ажилладаг. Эфир дээр сууж байхдаа ч гэсэн шүлэг найргаа бичиж, ус нутгаа санагалздаг юм. Нутагтаа очилгүй таван жил болж байна. Монгол Улсын Төрийн дуулал цагтаа эгшихээс эхлээд бидний ажил их шүү дээ. Ийм байхад хэн нэгэнд шалтаг тоочиж нутаг явчихаад ирье гэж хэлж зүрхэлдэггүй юм. Мэдээж сэтгэл дотроо аль хэдийнэ сүрлэг Цамбагаравынхаа бүлээн нөмөрт цай сүүний дээж өргөөд зогсож байна. (Инээв). Нутгаадаа очиж гэрийн бууриа эргээд, ээжийнхээ нойрссон алтанхан газарт очоод ирэхсэн гэх бодол байлгүй л яах вэ.

Аав минь Улаанбаатарт ирээд бид хамтдаа нэг хашаанд хоёр гэрээ барин амьдарч байна. Хүний л эцэг хойно үр хүүхэд хаашаа гэнэ түүнийг нь л дагаж бөмбөрч байдаг. Улаанбаатарт нэг л идээшихгүй байгаа тул урин дулаан цагт аавыгаа аваад цаст Цамбагаравтаа очно гэсэн бодолтой л сууж байна даа.

-Танай гэрт орж ирсэн цагаасаа хойш анзаарлаа. Шинэхэн “Болор цом”-ын эзэнд баяр хүргэх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байна, тийм үү?

-Найз нөхөд, хамаатан садан, ажлынхан, нутаг усныхан гээд маш олон хүнээс урмын үгс сонсож сууна. Гэхдээ энэ хүмүүсийн тэр итгэлийг дааж явах хүндхэн ачаагаа ухамсарлаж байна. Өчигдөр (уржигдар) маш олон гар утас руу залгасан. Зарим дуудлагыг хүлээн авах боломж гарсангүй. Тиймээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынхан маань аав руу минь залгаж баяр хүргэсэн байна лээ. Нутгийнхан маань “Нутагтаа ирээч” гэж зогсоо зайгүй залгаад л байна. Хүмүүс баяр хүргээд байхаар баярлахаасаа илүү арыг нь яаж даах билээ би л гэж боддог юм билээ. Явж байгаад гэнэт зогсоод юм бодмоор, ташуурдуулсан ч гэмээр юм уу ийм өдрүүд үргэлжилж байна даа.

-Аливаа юмс цаанаасаа хувь тохиолтой мэт санагддаг. Ноднин Чойрын “Болор цом”-д тусгай байрт шалгарахын урд өдөр буюу нэгдүгээр сарын гурванд гэргий тань амаржиж байсан. Харин энэ оны нэгдүгээр сарын гуравны өдөр гэргийн тань эмээ бурхан зүгт одлоо. Та “Болор цом”-ын эзэн боллоо...

-Яг тийм. Цаанаа л нэг тийм цикль яваад ч байгаа юм шиг. Ирж буцах хүний орчлон эргэдгээрээ эргэж, аз, од, уйтгар, гуниг аль аль нь сүлэлдэж байна даа. Энэ удаагийн “Болор цом” наадам эргээд өөрийгөө харах боломжийг надад олгосон. Цаашид хүүхэд шиг гэнэн байж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ тэр чанараа хадгалж үлдээд уран бүтээлдээ тусгаад явах нь зөв байх. Надад дутуу зүйлс олон бий. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх ёстой гэдгийг мэдэрсэн.

-Архангай аймагт болсон “Хангайн цом” яруу найргийн наадамд түрүүлэхдээ нулимс дуслуулж зогссон. Ноднин “Болор цом”-оос тусгай шагнал хүртээд мөн л мэлмэрүүлж байсан. Өнөө жил ч мөн адил. Мөнчиг уяхан хүн юм даа гэж харж суулаа?

-Цаашид ч уйлах байх аа (Инээв). Оюутан байхдаа Зурагтад Очирбат гээд найзын хамт нийтийн байр түрээсэлж амьдарч байлаа. Хоёр уяхан хүн нийлчихсэн кино үзэж байгаад л уйлдаг байсан гээд бодохгүй юу. Хүний ааш аяг өсч өндийсөн орчинтой холбоотой юм болов уу гэж боддог. Манай Цамбагарав хайрхан манан будан дунд л сүндэрлэж байдаг. Байгалийн тэр тансаг сайхныг харж мэдэрсэн хүн уяхан байдаг юм болов уу. Эр хүн хатуу байх ёстой. Эр хүн нулимсаа үзүүлэх ёсгүй ч гэдэг юм уу янз бүрийн яриа бий. Миний байгаа минь л энэ юм даа.

-Та “Болор цом”-ын эзэн болчихоод тайзан дээрээс “Анх би ижийгээ санаад шүлэг бичдэг байсан. Болор цомын эзэн болно гэж огт бодож байгаагүй” гэж байсан даа. Энэ талаараа дурсахгүй юу. “Жамын цас” шүлэг ч мөн адил тэгж л бичигдсэн санагдсан?

-Хорвоогийн жамаар ижий минь хувилгаан дүрийг олж орчлонд би ээжгүй болсон гэж бодохоор л сэтгэл хоосон болчихдог. Орчлонгоор нэг “ээжээ” гэж орилоод явалтай биш. Тиймээс ээжийгээ шүлгэндээ багтааж, сэтгэл дотроо дуудах болсон юм. Ээжийгээ маш их санадаг байсан. Санах бүртээ шүлэг бичдэг байсан. Ижийгээ санасан сэтгэл минь намайг яруу найрагт хөтөлсөн.

Би бурханы шашны урлахуйн ухаанаар сурах гэж оролдож байхдаа бурханы ном бага сагахан гадарлах болсон. Эргээд энэ бүхнийг бодоход ээж минь орчлонгийн жамаар ирж, намайг төрүүлж, намайг үлдээчихээд буцсан даа гэж бодохоор санах минь арай гайгүй болсон. Тиймээс би “Жамын цас” шүлгээ бичсэн. Эрээнцавын эвдрээгүй найрагч гэгддэг Д.Нямсүрэн агсны шүлгээс тэс өөр. “Жамын цас” шүлэг маань баруун монголчуудын амьдрал ахуйгаас эхлээд буцах жамын тухай өгүүлсэн. Зарим хүмүүс цас гэж шууд утгаар нь хүлээж авч байх шиг байна лээ. Анх шүлэг бичихдээ ээжийгээ л бодож байсан шиг “Болор цом” хүртсэн “Жамын цас” шүлэг минь хүртэл ээжийгээ гэсэн сэтгэлээс ургасан. Одоо нэгэнт жамаараа буцсан ээжийгээ санаж үгүйлэхээс илүүтэй дэргэдээ байгаа аавыгаа сайхан халамжилж, хань, үр хүүхдүүддээ нөмөр болохыг хичээх болсон.

-“Болор цом”-д зориулж шүлэг бичдэг хүмүүс бий. Та харин өдөрт 10 гаруй шүлэг “сүнгэнүүлчихдэг” халгисан авьяастай хүн гэх юм?

-Хэтийдсэн тийм авьяас гэж юу байх вэ. Миний хувьд ямар нэгэн уралдаан наадамд зориулж шүлэг бичиж байсангүй. Сэтгэлийн дуудлагаар бичсэн шүлгүүд минь хүмүүст хүрдэг юм болов уу. Түүнээс биш “Нэг сайхан ээжийн тухай шүлэг бичээд амжилт гаргачихъя” гэж явж байсангүй.

Энэ мөчид анхны багшийнхаа талаар дурсах ёстой гэж бодож байна. Багш маань Ховд телевизийн захирал Ням-Очирын Баасанжав гэж хүн бий. Анх шүлэг бичих үндэс суурийг минь тавьж, багш шавийн барилдлага тогтоож байсан. Улаанбаатарт Данзангийн Нямаа гуайтай танилцуулж, РДТС-ийн “Бадрангуй” дугуйланг үүсгэн байгуулалцаж байлаа. Олон сайхан хүмүүсийн нөмөр нөөлөг дунд сайхан явна даа.

-Утга зохиолын залуу үеийнхэн дотно нөхөрлөцгөөдөг. Нөхдийнхөө тухай ярихгүй юу?

-Цагийн эрхээр бие биенийхээ эцэг, эхээс ялгаагүй болтлоо дотносдог юм биш үү. Хэдэн жилийн өмнө бол найз нөхөд гэхээр нэг газар цуглаж ууж иддэг давилуун үеэ дурсдаг байж. Одоо бол хэн нэгэндээ хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, дэм тус хүргэвэл хүргэсэн шиг хүргэдэг, амьдралд нөмөртэй, сэтгэлд түшигтэй тийм л өнцгөөс нь хардаг болж дээ. Би чинь олон найзтай хүн. Тэр энэ гээд ярьчихаар зарим нь үлдчих гээд байдаг гэмтэй. Тиймээс хэн нэгний нэрийг цохолгүй ярьсан нь зөв байх. Яруу найрагчдын ертөнц өөрөө адармаатай. Тэр утгаараа хүн бүхэнтэй бас таарч тохирохгүй байх тохиолдол бий. Бие биенийхээ зовлон жаргал, яруу найргийн төлөөх шаналалыг мэдэрдэг Г.Сэр-Одын шагналт яруу найрагч нөхдүүд минь бий.

-Их Д.Нацагдоржийн нутагт болсон “Болор цом”-д түрүүлнэ гэдэг хэр баргийн найрагчид олдохгүй хувь тохиол байх. Монголын зохиолчдын эвлэл 90, Д.Нацагдоржийн мэндэлсний 114 жилийн ой тохиож байна шүү дээ?

-Өмнөх “Болор цом”-ууд илүү шүншигтэй болж өнгөрлөө гэж өөрийгөө омойтон хөөргөж байна даа. Өчигдөр (уржигдар) Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж ах утас цохин “Шүлгийг чинь уншлаа. Чи Гүн галуутайд Их зохиолч Нацагдоржийн нутагт “Болор цом” авлаа. Тиймээс үүнд бэлэгшээж, өндөрт өргөж яваарай. Ах нь чиний шүлгийг уншихад таалагдсан шүү. Дүүдээ баяр хүргэе” гээд сайхан ахын сэтгэлээр урам өгсөн шүү.

Намайг дэмжиж байсан найзууддаа, Ховдчууддаа баярлалаа. Манай Эрдэнэбүрэн сумаас гэхэд ард түмэндээ “Алтан гургалдай” хэмээн алдаршсан, Ардын жүжигчин Аюушийн Загдсүрэн, “Уран хас”-ын Чулуун гуайгаас эхлээд “Миний Улаанбаатар”, “Зулзган цагаан хус” зэрэг дууны хөгжмийн зохиолч Хаймчигийн Баатар зэрэг олон алдартнууд төрөн гарсан байдаг.

-“Болор цом”-ын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатараас эхлээд баруун монголчуудын амьдралын хэв маяг, онцлогоос эхлээд яруу найрагчдынх нь бүтээл бүр нэг тийм эрчимлэг санагддаг. Таны бүтээлд ч тод туссан байдаг. Үнэхээр тийм онцлог гэж байна уу?

-Багын төлөвшил, суурь хүмүүжлээс эхлээд тууль хайлах зэргээс эхтэй олон зүйл бий. Тууль хайлахдаа манайхан цээжээрээ 2-3 өдрөөр магтан дуулдаг. Тэр том ай сав удам дагаж баруун монголчуудад байдаг юм болов уу. Уул усны дэргэд өссөн хүүхэд багаасаа бодол нь цэгцэрч өсдөг байх.

-Шинэ номынхоо талаар ярихгүй юу?

-Утга зохиолд элэгтэй Л.Цэрэнжаргал ах маань 2019 ондоо багтаж яруу найргийн номыг нь гаргаж өгнө гэдгээ жилийн өмнө хэлж байсан юм. Оны өмнө номын эхээ бэлдээд аваачиж өгсөн. Монголын яруу найрагт “Тогоруутай нуур”, “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” зэрэг гайхалтай дууны бүтээлүүд, “Ширээтийн суурин”, “Шүлэгтэй навчис” түүврээрээ өөрийн уран бүтээлийн чансаагаа тодорхойлуулсан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод гэж гайхалтай сайхан найрагч ах минь байлаа. 2018 оны наадмын өмнө Оргоо ах Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, би залуу яруу найрагчдад олгодог Гомбын Сэр-Одын шагналыг нэг өдөр хүртсэн юм. Тэр үед Оргоо ах минь өөрийн дотны найз Л.Цэрэнжаргалдаа “Жамбаагийн номыг хэвлүүлж өг” гэсэн юм билээ. Тухайн үедээ би мэдээгүй, хоёр ахын дунд яриа болоод өнгөрсөн талаар сүүлд Цэрэнжаргал ах надад хэлж, номыг минь ивээн тэтгэнэ гэсэн. Ингэж л “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” ном нь уншигчдын алганд очиж нөхцөл бүрдсэн. Оргоо ах минь орчлонгийн буйдхан зайг сэлгэж, бурханы хутгийг олсон ч өнөөдөр дүүгээрээ, найзаараа бахархаад сууж байгаа гэдэгт итгэж байна.

Шинэ ном оны босгон дээр хэвлэлтээс гарч таарсан тул хүмүүст хүрч амжаагүй байна л даа. Авсан нөхөд маань өөр өөрсдийн сэтгэгдлийг хэлж байна лээ. Номынхоо нээлтийг удахгүй хийхээр төлөвлөсөн. Миний нэг шүлгэнд “Хар халтар аргал сар шөргөөж зогсоно” гэдэг мөр бий. Үүгээрээ номоо нэрлэх санаатай Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш найзтайгаа зөвлөлдөхөд “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” гэвэл илүү яруу найраглаг юм биш үү гэхээр нь “Нээрээ тийм юм байна” гээд номоо ийн нэрийдсэн. Номын өмнөх үгийг Цэндээ маань мөн бичиж өгсөн. Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч Бидэрийн Баярсайхан ах маань редакторласан.


УУЛЫН ӨВӨЛ

Хүн гөрөөсний мөр хараад гайхаж зогссон хөвүүн нас минь

Хүүгэх салхи хадны сэнжээр үлээхэд нь цочин буцна

Үлэг гүрвэлийн араг ясан хясаан дээгүүр үнэгэн сар шагайж

Үнэний тухай бодоход ижий ааваа л өрөвдөж суух

Уулын өвөл өө

 

Мөс үүрээд зүтгэх өвөг дээдэс шиг, аварга хадны доогуур гүйх

Мөнхийн ус уусан шиг хөх амьтад маанийн үрэл шиг санагдана

Хамгийн гоёмсог цэцэгсийг мөсөн цэвдэгт хөеөлж

Харахад хавраараа дэлгэрч сайхан үнэрээр шагнах

Уулын өвөл өө

 

Нируны үеийн үзэсгэлэнт гүнжийг оршоосон хадан хашаанд

Нэрийг нь үл мэдэх баатар эрс дуулалдсаар байгаа нь сонсогдоно

Амьтан хүнээс нууцаар алтан аяганд нь хурын ус хүртэж

Араа шүдэндээ мөнгөн соёог нь зууж өнжих

Уулын өвөл өө

 

Цөвүүн цагт бурхадаа ачаад бусгаж явсан дээдэс минь

Цөхөрсөн хоолойгоор цөөд цөөд гэсээр таширлаж орох нь харагдана

Үр цүүрээр дэмий юм харлаа гэж, тэнгэр чулуу хага цахиж үзүүлэхэд

Үүдээр би хараацай мэт шунган ороод бүлээн яндан тэврэх

уулын өвөл өө

 

Даргар даргар эвэрнүүд хиншүү үнэрттэл харгалдсаар

Дараа нь одод шиг шар цэцэг цасан дороос түүж одно

Хоёр банхар өтгөн манагаас гэнэт гарч ирэхэд нь

Хормой дэрвүүлэн үүлэн дээгүүр нисэх мэт гүйлгэх

Уулын өвөл өө

 

Хөгжмийн хамгийн хүнд өнгөнөөс ч хүндээр архирах араатанг

Хэнз ишиг мөргөн тоглосоор янгир болон дүүлдэг

Хамаг бүхнийг тасдаж мэдэх бяруу шиг тэр араатнууд

Хачин уярамтгай нүдээр хорвоог ширтсээр л өтөлдөг

Уулын өвөл өө

 

Үдшээр хаялах цасны дор уулын охидын хацар туяарч

Үүрэглэж суухуйд өндөрөөс унах мэт болоод хайранд согтоход

Бараа бараагаа харсан эрлийн хоёр хүн өөд өдөөсөө тэмүүлж

Байгалийнхаа хэлээр морьд нь асга товшин бүжих

Уулын өвөл өө

 

Дөрвөн ойрдын нутагтаа солонго задлан хатируулж

Дөрвөн цаг солигдох мэт цасны захаас сугарна

Мэргийн чулуу түүгээд хүний мөрөөсөл болоход

Мэндээ мэнд, хүү минь ирнээ гэх шиг хүсэл дүүрэн

Уулын өвөл өө

 

Ээжээ санаад уйлвал нулмас хөлдөж мэдэх

Аавынхаа дэргэд тамхи татвал алгадуулж мэдэх

Уулын өвөл өө

Нэгэн насаар аж төрөхүйд улаанбаатараас хол ч гэлээ

Нэгэн зуны өнгө нь, мянган оны хувиралтай Цамбагарав минь

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ