...
...

Ж.Цолмон: Агаарын бохирдлыг бодитой бууруулсан шиг ёс зүйн бохирдлыг арилгах цаг болсон

АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

Танд шинэ оны мэнд хүргэе. 2019 он танай хамт олны хувьд амжилт бүтээлийн ургац арвин жил болж өнгөрөх шиг болсон. Шинэ он танай хамт олонд улам их амжилт авчирсан жил болох болтугай гэж ерөөгөөд ярилцлагаа эхэлье?

Баярлалаа, танай хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Хүн ардад хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэж, ялангуяа Анагаахын шинжлэх ухааны ололт амжилт, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн талаарх мэдээллийг түгээх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх,  насан туршийн боловсрол болох эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгоход хувь нэмрээ оруулж ямагт мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байдаг та нартаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Тийм ч учраас  энэ жил манай сургуулийн санаачилгаар “Эрүүл мэндийг дэмжигч сэтгүүлч”-ийн номинацийг бий болгож, сэтгүүлч Г.Нямсүрэн оны шилдэг эрүүл мэндийг дэмжигч сэтгүүлчээр тодорсон. Бид зөвхөн агаарын бохирдол гэж л ярьж байна гэтэл хүний бүхий л мэдрэхүй, эрхтнийг бохирдуулсан нийгэмд амьдарч байна. Байнга нэг нэгнийгээ гутаан доромжилсон, гүтгэж дайрсан, энэ нийгэмд болж байгаа юм нэг ч байхгүй юм шиг юм сонсож, харсаар байтал бидний сонсгол, мэлмий бохирдож, улмаар тийм л мэдээллийг тархи хүлээж авч, бидний аливаа юманд эергээр хандах хандлага өөрчлөгдөж, амьдралыг үзэх үзэл, хэв маягт нөлөөлж байна. Тиймээс агаарын бохирдлыг бид бууруулж чадаж байгаа шигээ ёс зүйн бохирдлыг бид өөрсдөө хичээх юм бол бууруулж бас болно. Ёс зүй ариун байж нийгмийн зүгээс гарах стресс, дарамт үгүй болж, оюун санаа, сэтгэхүйн бохирдол арилж хувь хүн, айл гэр, улмаар улс орон  хурдацтай хөгжихөд дөхөм болно байх гэж би боддог. Ялангуяа энэ жил сонгуулийн жил болж байна. Хараар биш гэгээлгээр өрсөлдөх тийм ухамсарт бид суух цаг болсон. Гучин жил ардчилсан сонгууль хийж байна.

Сонгууль гэснээс Та сонгуульд орохгүй байсан юм уу?

Хувь хүний гэхээсээ намын, хамт олны шийдвэр байдаг. Би эмч хүн, эрдэмтэн хүн, эрүүл мэнд, боловсролын салбарт ажилласан туршлага байна. Иймд мэргэжлээрээ ажиллах нь салбарынхаа хөгжилд илүү хувь хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна. Эхлүүлсэн ажлууд ч байна, хийх зүйл их байна даа.

Нээрээ тийм байх шүү. Танай сургуулийн хамт олон ч таныг ийм шийдвэр гаргаасай гэж хүсч байсан байх?

Тиймээ хамт олон маань тийм хүсэлт надад тавьж байсан. Манай хамт олон хамтын шийдвэрээр аливаа асуудлаа шийдэж бүгд урам зоригтой тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байна.

2019 онд манай хамт олон амжилт бүтээлээр арвин, оюутан залуусын маань сурлага хөдөлмөр өндөр, Пи ай юу, профессорын тогтолцоог хөгжүүлж, эрдэм судалгааны ажилдаа цойлсон амжилт гаргаж, насан туршийн профессорын тэтгэлгийг бий болгож, сургалтын хэд хэдэн хөтөлбөрийг шинээр нээн, магадлан итгэмжлүүлж, Монгол Улсад анхны их сургуулийн эмнэлгийг байгуулж, их сургуулийг кампус хэлбэрээр хөгжүүлэх төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн гэх мэт анхны гэсэн тодотголтой олон ажлыг санаачилж хэрэгжүүлснээс гадна хууль эрх зүйн, тогтолцооны, сэтгэлгээний шинэчлэлийг эхлүүлсэн нь төрөлх сургуулиа сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болон хөгжүүлэх үйл явцыг хурдасгалаа. Жилийн дотор бид Нобелийн хоёр ч шагналтныг урьж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийлээ. Тархи судлалын дэлхийн шилдэг эрдэмтэд манай сургууль дээр ирж бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Тархи судлал ба 21-р зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, тэргүүлэх шинжлэх ухаан болох тархи  судлалыг эх орондоо хөгжүүлэх эхлэлийг тавин “Тархи судлалын хүрээлэн”-гээ байгуулж амжлаа. Мөн “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хийсэн.  Нэрт эрдэмтэн Нобелийн шагналтан Кирк Смит тэргүүтэй эрдэмтэд болон манай сургуулийн эрдэмтэд агаарын бохирдлын эрүүл мэндэд учруулж буй хор хөнөөл, төрөөс агаардлын бохирдлын талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудад шинжлэх ухаан талаас нь үнэлэлт дүгнэлт  хийж, эрдэмтдийн хэлэлцүүлэг маш амжилттай болж өнгөрсөн. 23 жилийн дараа  дахин хүүхдийн их эмчийн ангиа нээх бэлтгэл ажил бүрэн хангагдаад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлээд байна. Эрүүл мэнд, БСШУС-ын сайдын тушаал гарч хэрэгжихэд бэлэн болоод байна. “Лицей” ахлах сургуулиа стандартад нийцсэн, 1400 ам метр талбай бүхий өөрийн гэсэн байртай болгож шинээр хоёр анги буюу 70 хүүхдийг нэмж авах боломж бүрдэж, хүүхдүүд  маань тав тухтай, цэлгэр саруул хичээлийн тэнхимд хичээллэхээр боллоо. Мөн удахгүй 75 хүүхдийн цэцэрлэг  ашиглалтад орох гэж байна гээд тоочоод баршгүй ажлыг бид хамтдаа хийлээ. Манай их сургууль эрдэм шинжилгээ, эмнэл зүй, сургалтын үйл ажиллагааг хослуулан явуулдагаараа онцлог юм.

Анагаахын шинжлэх ухааны салбарын ололт, амжилт АШУҮИС-ийн эрдэмтдийн чансаагаар тодорхойлогддог гэж ойлгодог. Өнгөрсөн жил эрдмийн арвин ургац хураалаа гэж Та түрүүн хэллээ. 

АШУҮИС-ийн багш, судлаачид нь Монгол улсын эрдэм шинжилгээний ажилтны 16 хувийг бүрдүүлж шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд, ялангуяа ЭМ-ийн салбарын тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэх арга замыг судлан боловсруулах ажилд оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан ажилладаг эрдэмлэг хамт олон юм. Үнэхээр тийм гэж хэлж болно. Анагаахын шинжлэх ухааны ололт амжилтыг манай эрдэмтдийн оролцоо, хувь нэмэргүйгээр төсөөлөхийн аргагүй.

Манай хамт олон 2019 онд “Scopus”, “Web of Science” зэрэг мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 68 өгүүлэл хэвлүүлсний дотор хариуцлагатай зохиогч 7, нэгдүгээр зохиогч 17, хамтран зохиогч 44 болсон нь 2018 оныхтой харьцуулахад 50 хувиар өсч, сэтгүүлийн импакт факторын дундаж 3.27, хамгийн өндөр импакт фактортай сэтгүүл  51,9, АШУҮИС-ийн бүтээлийн эшлэгдсэн тоо 5187 хүрсэн өндөр амжилт үзүүлсэн. Хэвлэгдсэн бүтээлийн тоог өмнөх онтой харьцуулахад 33%-аар ихэссэн, h-индекс 34 хүрсэн амжилттай байгаа нь Монгол улсын их дээд сургуулиудын дунд 2 дугаар байранд орж, улсдаа гуравт байгааг хэлэхэд таатай байна. Мөн эрдэм шинжилгээний бүтээлийн эш татсан байдлаар эрдэмтдийн чансааг тогтооход манай сургуулийн эрдэмтэд Монгол улсад эхний байранд орж байна.

АШУҮИС, Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын хооронд байгуулсан технологи, инновацийг дэмжих төвүүдийн сүлжээний үйл ажиллагааг идэвхжүүлэх, бүртгэл,  зохиогчийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд Инноваци, технологи дамжуулах төвийг байгуулсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах улмаар патент, ашигтай загвар, зохиогчийн эрхийн тоогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааг олон улсын жишигт нийцүүлж хөгжүүлэх зорилгоор бид эрдэмтэд эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлыг хийх таатай, ээлтэй эрх зүйн орчин, тогтолцоо, сэтгэлгээний шинчлэлийг эхлүүлэн ажиллаж байна.   Мөн бид багшийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх, цагийн ачааллын журмыг өөрчилж тэнхмийн эрхлэгч цагийн хуваарийг хийдэг, цагийн ачааллыг зохицуулдаг болгож байна. Бид профессор цолыг авах тогтолцоог шинэчилж уламжлалт арга дээрээ нэмээд олон улсын жишгийг оруулж гурван замаар авах боломжийг бүрдүүлсэн. Жишээ нь: Хэрэв импакт фактор 15 сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн, H индекс 7-той бол профессор цол авах болзлыг хангасанд тооцох болсон нь залуу эрдэмтдэд бүтээлээ хэвлүүлэх түүнийхээ үр шимийг хүртэх урам зориг авч, өсөж хөгжих боломж бий болж байна. Манай сургуулийн машистрант судалгааны ажлаа импакт фактор бүхий дөрвөн сэтгүүлд нийтлүүлж магистрын болзлыг хангалаа.

Энэхүү шинэчлэлтийг хийснээр цаашид бид Cell, Nature, Science зэрэг чансаа өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, АШУҮИС-ийн багш, судлаач нарын судалгааны ажлын тоо, чанар дээшилж мэдээж тэр чинээгээрээ Монголын анагаахын шинжлэх ухааны ололт амжилт олон улсын төвшинд илүү үнэлэгдэх боломж бүрдэнэ. 

Бид академик эрх чөлөөг дээдэлж, шинжлэх ухааныг бодит байдлаар дэмжиж, эрдэмтдийнхээ оюуны хөдөлмөрийг шударгаар үнэлж дал орчим эрдэмтэддээ урамшуулал олгосон нь сүүлийн гучин жилд болоогүй сайхан арга хэмжээ, урам өгсөн үйл явдал боллоо гэж манай хамт олон дүгнэж урамтай байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн шинжлэх ухааны чиглэлээр гаргасан амжилтынхаа захаас дурьдлаа.

Та түрүүн АШУҮИС агаарын бохирдлын талаар эрдэм шинжилгээний хурал хийсэн гэлээ энэ сэдэв хүн бүрт хамаатай сэдэв байсаар байна. АШУҮИС-ийн эрдэмтэд Агаарын бохирдлын талаар нэлээд судалгаа гаргасан байдаг.

АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үр дагаврын талаар нэлээдгүй судалгаа хийсэн одоо ч хийж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын нөлөөтэй нас баралт, өвчлөл, ургийн эндэгдэл, дутуу төрөлт, амьдралын чанарын өөрчлөлтийн тухай судалгаанууд хийгдсэнээс гадна зөвхөн гадаах агаарын чанар бус гэр доторх агаарын чанарыг нарийвчлан судалж хэрэв төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжвэл 2024 он гэхэд агаарын бохирдол 40-80 хувиар буурах боломжтой болохыг судалж тогтоосон. Энэ нь түүхий нүүрсний хэрэглээг хориглох, сайжруулсан түлш хэрэглэх, цахилгаан станц шинээр байгуулах, эдийн засгийн тогтмол өсөлтийг хангах зэрэг бодлогуудыг тууштай дэмжвэл хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт эрс сайжрахаар байгааг тооцоолсон судалгаа юм.

Манай орны цаг агаарын эрс тэс, хүйтэн, хуурай уур амьсгал нь агаарын бохирдолтой хавсран амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод удаж байна. Дахиад хэлэхэд хэрэв бид тууштай байж Засгийн газрын   2017-2025 онд хэрэгжих  Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэж өндөр хариуцлагатй байж чадвал агаар бохирдуулагч эх үүсвэр  80 хувиар  багасна. Мөн дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглосон хэвээр байвал орчны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулах боломжтой талаар судлаачид дүгнэлт гаргасан. Сайжруулсан зуух хөтөлбөр хэрэгжсэний дараа эсгий гэрт сайжруулсан зуух болон уламжлалт зуух хэрэглэж буй айлуудад харьцуулсан судалгааг хийхэд агаарын чанар бараг ялгаагүй үр дүн гарсан нь зуухандаа биш гэдгийг харуулсан. Ер нь манай уламжлалт орон сууц болох эсгий гэрийн агаарын чанар орчин үеийн буюу байр сууцны чанараас 2-3 дахин муу байдаг бөгөөд өвлийн улиралд утаанаас үүдэлтэй хүхрийн ба азотын исэл буюу хорт бодисууд гэр хороололд ихэсдэг болохыг судалгаагаар нотолсон шүү дээ.

Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол бага хэмжээгээр буурсан гэж бодож байна. Гэтэл хүсүүс янз бүрээр л ярих юм буурсан, буураагүй гээд, судлаачид юу гэж үзэж байгаа юм бол?

Сайжруулсан нүүрс хэрэглэснээр утаа багассан, хэвээр байна гэх маргаан сошиолоор явж байгаа нь ард иргэд утаагүй болохыг хүсэн хүлээж байгаагийн илрэл юм. Агаарын бохирдлоо шууд шийдчихсэн улс орон байхгүй шүү дээ. Харин ч бид маш эрчтэй явж байна. Агаарын бохирдолыг бууруулж, утааны хэмжээгэ багасгана гэсэн болохоос бүүр арилгана гээгүй, гэхдээ тэрний төлөө төрийн бодлого явж байна. Бүх нийтийн оролцоо маш чухал.  Улаанбаатар хотын агаарын бохирдлын 2019 оны 11-р сарын сүүлээр хийсэн судалгаагаар агаар дахь нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 тоосонцорын долоо хоногийн дундаж агууламж, 24 цагийн дундаж агууламжийн хэмжээг 2018 оны яг энэ үетэй харьцуулахад сандартаас давсан тохиолдлын тоо буурсан талаар судлаачид мэдээлж байсан. Гэтэл 2018 оны мөн үетэй харьцуулахад агаарын хэм “-2,2” хэмээр хүйтэн байсан байна.

Тийм шүү. Та нийтлэлдээ энэ талаар мөн дурдсан байсан. Чухал сэдвээр ярилцсанд баярлалаа. Танай сургуулийн хамт олны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Засгийн газар зоримог шийдвэр гаргаж түүхий нүүрсийг хязгаарласнаар өрчлөлтийг авчирч чадлаа. Агаарын бохирдлыг нүүрсний хэрэглээг зохицуулснаар багасгаж болдог юм байж, ард түмнийг талцуулсан бохир улс төрөөс үүдэж буй оюун санааны бохирдлыг бууруулах тал дээр арга хэмжээ авахгүй бол утаанаасаа өмнө үндэсний мөхөлд хүргэх аюул заналхийлж байна гэж бодож байна. Сайнаасаа саарыг нь хүмүүс их олзуурхан унших юм, саар мэдээ нь хурдан тарах юм. Амжилт бүтээлээрээ бахархаж, бие биендээ урам хайрлаж, хүчээ нэгтгэж хамтарч байж л бидний цөөхөн Монголчууд оршин тогтноно. Сайн сайхан мэдээгээр яриагаа өндөрлье гэж боож байна. Олон дэвшил миний мэдэх эрүүл мэнд,  боловсролын салбарт өрнөсөөр байна. Үндэсний хэмжээнд “Эрүүл шүд-Эрүү хүүхэд “аяныг өрнүүлж гуч орчим өвчний суурь болдог шүдний цоорол өвчнөөс ерэн гурван мянган хүүхдээ эмчилж эдгэрүүллээ. Элэг бүтэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний B,C вирус илрүүлэх үзлэг шинжилгээнд 1,3 сая хүнийг хамруулж, есөн мянга орчим хүнийг С вирусгүй болгосон, таван зуу гаруй хүүхдүүдийг Улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамруулсан гээд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон дэвшил гарсан. Манай АШУҮИС хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Япон стандартыг нутагшуулсан их сургуулийн эмнэлгээ үйл ажиллагаанд оруулж иргэд маань анагаахын эрдэмтэн багш нарт үзүүлж, эх орондоо эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авах боломж бүрдлээ, удахгүй үе шаттайгаар хэвтэн эмчлүүлэх тасгаа нээх гэж байна.   Боловсрол, шинжлэх ухааны салбарт хууль эрх зүйн шинэчлэл  хийгдэж байна, гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд оруулах, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүллээ. Манай сургууль ч мөн энэ үйлсэд оролцож 75 хүүхдийн цэцэрлэгээ удахгүй нээх гэж байна.  Хүн бүр хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай чин шударгаар хандвал болчихно доо.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ