...
...

ӨМНӨГОВЬ “Цахим говь HUB” төслийг хэрэгжүүлэх АНХНЫ АЙМАГ боллоо

"Цахим говь" ТББ-аас Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын шинжлэх ухаан, урлаг, математик, инженер, мэдээллийн технологийн чиглэлд сэдэл өгөх, чадвар эзэмшүүлэх зорилготой “Цахим говь HUB/ACADEMY”  төслийг хэрэгжүүлэх болсноо зарлалаа. 

Тус байгууллага нь залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, баримтад тулгуурлан шийдвэр гаргах чадвар суулгахыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлснээрээ олон нийтэд танигдсан билээ. 

Өмнөговь аймгаас гараагаа эхэлж байгаа “Цахим говь HUB” төслийн нээлт өчигдөр /2020.01.09/ болсон юм. 


“ЦАХИМ ГОВЬ" ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ:

 

-"Цахим говь" ТББ-аас санаачлан Өмнөговь аймгийн залуус, тэр дундаа сурагчдын мэдээллийн технологи, инженер, математик, локиг сэтгэлгээг чадвахжуулах зорилготой төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өмнөговь аймагт бусад аймагтай харьцуулахад инженер технологийн, программ хангамжийн чиглэлийн ажлын байр олон байдаг. Гэхдээ сурагчдын маш цөөн хувь нь энэ чиглэлийн мэргэжил сонгож байна. Суурь шалтгааныг ав үзвэл, нэгдүгээрт хүүхдүүд багаасаа инженерийн сэтгэлгээнд дур сонирхолтой болохгүй байна. Мөн багаасаа өөрийгөө хэн болохоо тодорхойлж чадахгүй байна. Хоёрдугаарт, сурагчид монгол хэл, нийгмийн чиглэлийн хичээлүүддээ илүү сайн бөгөөд сонирхолтой, багш нар нь ч энэ чиглэлд илүү мэргэшсэн, сайн байна. Үлдсэн хүүхдүүд нь байгалийн ухааны чиглэлийн дүнгээрээ улсын дунджаас доогуур дүн авсан байдал ажиглагдсан. Энэ мэт шалтгаанууд инженер, технологийн чиглэлийн мэргэжлийг сонгохгүй байх, мэдээллийн технологи, программ хангамжийн мэргэжил сонирхохгүй байх суурь асуудал болж байна. Үүнийг өөрчлөхгүй бол оройтож магадгүй. Хүүхдүүд аль болох багаасаа өөрийгөө олдог хичээлийн дараах хөтөлбөртэй байгаасай гэж бид зорьж байгаа юм. Робот угсрах, пуужин нисгэх заавар, машин, эд анги угсрах, лего гээд бусад төрлийн ижил төстэй чиглэлүүдийн тоглоом, орчин үеийн арга барилуудыг нэгтгэсэн HUB төвийг Өмнөговь аймагт байгуулж байгаадаа бид баяртай байна. 


ЭДИЙН ЗАСАГЧ М.ЧИМЭДДОРЖ:

 

-Хүүхэд хөгжлийн чиглэлд хичээлийн үндсэн хөтөлбөр, нэмэлт хөтөлбөр гэсэн хоёр төрлийн хөтөлбөр байдаг. Монгол Улсын Ерөнхий боловсролын систем Боловсролын яамнаас баталсан, цөм хөтөлбөр дээр суурилан явж байгаа. Манай ЕБС-ын хичээлийн хөтөлбөрийг өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад үнэлэгдээгүй хөтөлбөрүүд байдаг. Яагаад гэвэл Монгол Улсын боловсролын үнэлгээний тогтолцоонд Олон улсын тогтолцоо байхгүй. Эндээс харахад, Монгол Улсад хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүд дутагдалтай байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, хичээлээс гадуур хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр дутагдалтай байдаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хувийн сургуульд гадны хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрүүд хэрэгждэг. Хөдөө орон нутаг, аймгийн сургуулиудад энэ хөтөлбөр дутагдалтай хэвээр байна. Тиймээс бид цаашид залуучууд, тэр дундаа байгалийн ухааны салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөцөө бэлтгэхийн тулд яах аргагүй Олон улсын туршлагатай сайн хөтөлбөрүүдийг оруулж ирэх шаардлага үүсэж байна. Тэдний нэг нь энэхүү HUB академи байх болно. Олон улсад туршигдсан сайн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Албан ёсны зөвшөөрлийг нь авч, Монголдоо нутагшуулах зорилготой. Цаашдаа боловсролын үндсэн хөтөлбөр рүү манай үндсэн цөм хөтөлбөрийг хэрхэн ойртуулах вэ гэдэг дээр ч ажиллах шаардлага байгаа гэж хардаг. 

“Цахим говь HUB/ACADEMY” төсөл нь дэлхийн хөгжингүй орнуудад туршигдсан сургалтын шинэ чиг хандлагыг бий болгох зорилготой. Тодруулбал, Стеам хөтөлбөр, Код туршилтын хөтөлбөр зэргийг хэрэгжүүлждэг. Эдгээр хөтөлбөрийг хөгжингүй улсууд хүүхдүүдэд аль болох багаас нь сургадаг ба Финлянд улсад гэхэд нэгдүгээр ангиас нь эхлэн код бичих хичээл заадаг ажээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ