Говийн гурван аймгийн долоон суманд байгаль орчин сүйтгэж байгаа гэх дуулианд байнга өртдөг “Страто” ХХК сүүлийн өдрүүдэд коронавирусний улмаас тогтоосон улсын онцгой комиссоос тогтоосон дэглэм, хорио цээрийг үл харгалзан нүүрсний тээврээ үргэлжлүүлж байна гэсэн мэдээлэл “Хил хязгааргүй алхам” ТББ-д иргэдээс ирүүлжээ. Бид байгаль орчин, хүний эрхийг хамгаалах, орон нутгийн засаглалын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.
-Та бодит мэдээллийг олон нийтэд өгөөч?
“Страто” ХХК Улсын онцгой комиссоос тогтоосон дэглэмийг зөрчиж, нүүрс тээвэрлэж байгаа тухай мэдээллийг нутгийн иргэд манай байгууллагад ирүүлсний дагуу бид хэвлэлд хандаж байна. Улсын онцгой комиссын шийдвэр гарч, хөл хорио тогтоох үед Дундговь аймгийн Баянжаргалан суманд 20 машин, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 10 машиныг тус, тус холбогдох пост дээр саатуулагдсан байгаа юм. Гэвч тодорхой эрх мэдэлтэй хүмүүс утсаар ярьж, орон нутгийн удирдлагуудыг дарамтлан нүүрсний тээврийг машинуудыг нэвтрүүлжээ. Тус компани зөвхөн өнөөдөр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг биш. 2015 оноос хойш Монгол улсын маш олон хууль тогтоомжийг зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж, иргэдийг хохироосоор байна. Тиймээс бид 2016 оноос эхлэн тус компанийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэж байна.
-Танай байгууллага “Страто” компанийг онцлох болсон шалтгаан юу вэ. Чухам ямар үндэслэлээр “Страто” компанийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ. Баримт байна уу?
-Эхлээд “Хил хязгааргүй алхам” ТББ-ынхаа талаар мэдээлэл өгөх нь зөв болов уу. Манай “Хил хязгааргүй алхам” ТББ 2006 оноос эхлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалах, орон нутгийн засаглалын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014 он хүртэл хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөллийн улмаас доройтсон байгаль экологи, хүний эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлуудыг үндэсний хэмжээнд явуулж байлаа. Ингээд 2015 оноос говийн бүсэд уул уурхайн тусгай зөвшөөрлүүд ихээр олгогдож говийн эмзэг экосистем эрчимтэй доройтож, уур амьсгалын өөрчлөлтөд хариуцлагагүй уул уурхайн үзүүлэх сөрөг нөлөөлөл хүчтэй нөлөөлж эхэлсэн.
Иймд говийн хүний хувьд говь нутгийнхаа экосистемийг хамгаалах, нэг тодорхой бүс нутгийн хэмжээнд фокуслаж ажиллах нь илүү үр дүнтэй, тогтвортой үр нөлөө гаргаж ажиллах ач холбогдолтой гэж үзсэн. Иймд 2015 оноос байгууллагын 20/25 стратегийг боловсруулж тэр хүрээнд тогтвортой ажиллаж байна. Ер нь уул уурхайн сөрөг нөлөөлөл нь тухайн лицензтэй талбайн хэмжээгээр хязгаарлагдахгүй, нэг засаг захиргааны нэгжийн хэмжээнд ч бус бүс нутгийн экологи, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бий болгож байдаг учраас говийн дөрвөн аймгийн хэмжээнд төвлөрч ажиллаж байна. Говийн бүсийн томоохон төслүүд, стратегийн ордуудын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээнүүд ч бүс нутгийн хэмжээнд хийгдэж, дүгнэлт зөвлөмжүүд тэр хүрээгээр өгөгдсөн байдаг. Энэ хүрээнд бодлогын нөлөөлөл хийж холбогдох хууль тогтоомжид санал байр сууриа тусгах, ажлын хэсгүүдэд ажиллах мөн нийтийн эрх ашгийн буюу стратегийн өмгөөлөл хийх, талуудыг чадавхжуулах сургалтууд, гарын авлага арга зүй боловсруулах, Олон улсын Хүний эрхийн механизмууд, НҮБ-ын хүний эрхийн хороодод илтгэл тайлан боловсруулж хүргүүлэн Засгийн газарт зөвлөмж өгүүлэх зэрэг боломжтой бүхий л чиглэлээр ажиллаж байна. Тэгэхээр манай ТББ байгаль орчин, хүний эрхийг хамгаалах, орон нутгийн засаглалын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлийнхээ хүрээнд “Страто” компанитай холбоотой асуудлыг хэлж, ярьж байгаа юм.
-“Страто” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас говийн бүсийн экологи, нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг та тодотгон хэлээч?
“Страто” ХХК нүүрс угаах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлдэг компани. Энэ компани “Эрдэнэс-Тавантолгой” компаниас нүүрс худалдан авч говийн гурван аймгийн долоон сумын 13 багийн нутгаар дамжин 430 км шороон замаар хүнд даацын машинаар тээвэр хийж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байгуулсан нүүрс угаах үйлдвэртээ хүргэдэг. Нүүрсийг гүний усаар угааж, БНХАУ руу экспортолдог компани. Энд нийт 220 шахам өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган мал тоосонд нь амьдарч байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн долоон сумын нутгаар дайран өнгөрч байна. Иймд эдгээр долоон сумын иргэд, удирдлагыг оролцуулан 2019 оны тавдугаар сард Шивээговьд бид уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Цаашид төрөөс болон энэ хууль бус үйлдэлтэй компаниас хэрхэн хүн амын эрх ашгийг, говийн эмзэг хөрс, нүдний цөцгий мэт усаа, байгалиа хамгаалах талаар ардчилсан нээлттэй нийгэмд бид чадах бүхнээ хийж эцсээ хүртэл тэмцэхээр нэгдээд байна.
Тус компани анх 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл УБЕГ-ын бүртгэлийн сайтад нээлттэй харагддаг. Анх байгуулагдахдаа интернэт үйлчилгээ, программ хангамж, бизнес зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн байдаг. Сүүлд 2019 оны гуравдугаар сарын 22-нд нүүрс боловсруулах үйлдвэрийн чиглэл нэмсэн байдаг.
Тодотгоход, “Страто” ХХК 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын ИТХ-д газар эзэмших хүсэлт гаргасан. ИТХ 2018 оны тавдугаар сарын 15-нд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж 22.5 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар нэмэлт оруулсан шийдвэр гаргасан. Засаг дарга нь 2018 оны тавдугаар сарын 24-нд дуудлага худалдаа зохион байгуулж “Страто” компани 73 сая төгрөгөөр 22.5 га газрыг авч долоодугаар сарын 2-нд газар ашиглах гэрчилгээ гаргасан нь нэн шуурхай үйлчилгээ үзүүлснийг харуулдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ЗЕХ-ын 73-р зүйлийн дагуу бодлогын төлөвлөлт гэж авч үзээгүй учир 27-р зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулах замаар эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн санал байр суурийг төлөвлөлтөд тусгах үүрэгтэй ч энэ хийгдээгүй олгогдсон нь ЗЕХ-ийг зөрчсөн.
-Та тус компанийн үйл ажиллагаанаас болж 220 шахам өрхийн 1600 гаруй хүн ам, 20 гаруй мянган мал тоосонд дунд амьдарч байна гэж ярилаа. Тэд хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байна вэ?
-“Страто” компанийн хууль зөрчсөн үйлдлийг ярихын тулд үндсэн хоёр төрлийн төслийг ярих ёстой юм. Нэгт, Баяжуулах үйлдвэрийн төсөл. Хоёрт, Хүнд даацын тээврийн замын төсөл. Холбогдох төрийн байгууллагуудаас авсан мэдээлэл, бодит байдал дээр харагдаж байгаа асуудлууд, орон нутгийн иргэдийн өгч буй мэдээллээс дүгнэж үзэхэд Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн холбогдох яам, агентлагийн дэмжлэгтэйгээр гэх юм даа. Би хамгийн наад захын хэдэн хуулийн заалтыг баримтаар хэлье. Тухайлбал, Шивээговь суманд байгуулсан баяжуулах үйлдвэрийн төсөл байна. Тус үйлдвэрийг 2017 онд байгуулсан. Үйл ажиллагааны чиглэлдээ 2019 онд нүүрс угаах гэж нэмсэн, өөрөөр хэлбэл чиглэлийн бус компанид нүүрс угаах үйлдвэр барих эрхийг АМГТГ олгосон нь хүчин чадал, боловсон хүчин, туршлага байхгүй компанид эрх олгосон байдаг. Нүүрс угаах үйлдвэр барих 22.5 га газрын зөвшөөрлийг Захиргааны ерөнхий хуулийн 75 болон 27-р зүйлийг мөрдөөгүй, зөрчиж олгосон байдаг. Шивээговь сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг нэгхэн сарын дотор Шивээговь сумын ИТХ хуралдаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол хийж, дуудлага худалдаагаар “Страто” компанид өгсөн байдаг. Ингэхдээ “Эйкусора” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дээр давхцуулан олгосон нь нэгэнт тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд өөр этгээдэд газар олгохгүй байх АМТХ-ын 24-р зүйлийг зөрчсөн байдаг. Нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ 2018 оны аравдугаар сарын 23-нд дүгнэлт батлагдсан. “Страто” ХХК нь 2019 оны гуравдугаар сарын 22-нд нүүрс боловсруулах үйлдвэрийн чиглэл нэмж авсан байдаг. Эндээс үзэхэд чиглэлийн бус буюу программ хангамжийн компанид нүүрс боловсруулах үйлдвэрийн эрхийг АМГТГ өгч, ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө баталсан нь “Страто” ХХК-д ямар нэг шаардлага тавилгүй шууд эрхийг олгосон.
Нүүрс угаах үйлдвэрийн Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээ /БОНБҮ/-г 2019 оны тавдугаар сарын 20-нд батлуулсан байдаг. Ингэхдээ Үнэлгээ хийсэн “Эко майнинг консалтинг” ХХК болон “Страто” ХХК Шивээговь сумын 2 дугаар багийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлээгүй, санал аваагүй. Өөрөөр хэлбэл БОНБҮ-ний бүрдүүлбэрийг хангаагүй байхад БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөл БОНБҮ-г мөн л шууд баталсан.
-2019 оны долоодугаар сард Шивээговь суманд нүүрс баяжуулах үйлдвэр анх үүдээ нээж байх үед “Страто” компанийн захирал А.Баттүшиг нүүрсийг гүний усаар угааж байгааг хүлээн зөвшөөрсөн байсан. Үүнээс хоёр сарын дараа ярихдаа Шивээговийн нүүрсний уурхайн хаягдал усыг ашиглаж байгаа гэсэн байдаг. Бодит нөхцөл байдал ямар байгаа бол?
-Нүүрс угаах үйлдвэрийн БОНБҮ-нд усны хэрэглээ, нөөц эх үүсвэр болон , хоногт хэрэглэх усны хэмжээний талаар дүгнэлт, зөвлөмж гарсан байх ёстой. “Страто” ХХК-ийн төлөөлөл Шивээговийн нүүрсний уурхайгаас шүүрч гарч ирсэн усыг нүүрс угаахдаа ашиглаж байгаа гэдэг боловч яг үнэндээ газрын гүний ус ашиглаж байгаагаа үйлдвэрийн нээлтийн үеэр өгсөн хэвлэлийн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суман дахь боловсруулах үйлдвэрт нүүрс хүргэх 430 км замын төслийн талаар танд ямар мэдээлэл байгаа вэ. Шороон замаа сайжруулах нэрийдлээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашигласан гэх асуудалд “Страто”компани бас холбогдсон байдаг шүү дээ?
-Зам тээврийн, хөгжлийн сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр гарсан тушаал байдаг. Энэ тушаалын үндэслэл дээр нийслэлийн түүхий нүүрсний хэрэглээг багасгах, чанартай сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийг дэмжих тухай УИХ-ын 2018 оны 02-р тогтоол, Нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох тухай Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Цогтцэцийгээс Шивээговийн чиглэлийн орон нутгийн замыг улсын чанартай зам болгох тухай тушаал гаргасан. Гэвч яг үнэндээ энэ нь зөвхөн “Страто”-д давуу эрх олгосон, ганцхан энэ компанийн бизнесийг дэмжсэн тушаал байсан. “Страто” ХХК нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад ямар ч хамааралгүй бөгөөд сайжруулсан тулш нэг шуудайг ч нийлүүлээгүй болно. Төрийн бодлогын нэр барьж, агаарын бохирдолгүй байх хэрэгцээн дээр тоглолт хийж хуурамч үндэслэлээр энэ тушаалыг гаргасан байдаг. Хууль журмаараа бол орон нутгийн замыг улсын чанартай зам болгохын тулд орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөх санал авах хуультай.
-"Страто” компани бол хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг хийгээд байдаг шүү дээ?
-Ийм байдлаар шороон замаар хүнд даацын машин явж хууль зөрчихдөө 2019 оны тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл 18 сая тн нүүрс тээвэрлэж угаасан талаар Цогтцэций суманд болсон ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанд “Страто” ХХК-ийн төлөөлөл н.Батхуяг танилцуулсан тэмдэглэл байдаг. 18 сая тн нүүрс зөөхдөө говийн эмзэг хөрсөн дээгүүр экологийн төдийгүй хүн ам, малын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд маш их сөрөг нөлөөлөл үзүүлсэн ч ямар ч хохирол барагдуулаагүй, хариуцлага хүлээгээгүй. Нөхөн төлөөгүй, нөхөн сэргээлт хийгээгүй. Харин ч эрхээ хамгаалж асуудал тавьсан, гомдол гаргасан, хариуцлага шаардсан иргэд, орон нутгийн удирдлагыг удаа дараа шат шатны цагдаад өгөх, АТГ-д шалгуулах, Зөрчлийн хуулиар торгуулах, шүүхэд хандахад нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх зэрэг олон шударга бус үйлдэл гаргаж, Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, төрийн албыг хүчгүйдүүлж эрхшээлдээ оруулж, говийн ард түмнийг ядууралд оруулж, уур амьсгалын өөрчлөлтөд ноцтой сөрөг нөлөө, хохирол учруулж ирсэн. УОК-оос шийдвэр гарчихаад байхад ч энэ компани тээврээ хийсээр байгаа мэдээлэл ирж байна шүү дээ. Тэгэхээр ямар эрхтэн дархтан ийм онцгой эрхийг нэг компанид тусгайлан олгоод байгаа нь хачирхалтай.
-“Хил хязгааргүй алхам” ТББ цаашид энэ талаар ямар алхам хийх вэ?
-Хууль тэгш, шударга үйлчилдэг байхыг хүсэж байна. Шударга төртэй, байгалиа, иргэнээ бизнесээс хамгаалдаг Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай байхыг хүсэж байна. Экологийн, хүний эрхийн мэдрэмжтэй шударга шүүхтэй байхыг хүсэж байна. Хараат бусаар ажилладаг, ёс зүйтэй өмгөөлөгчид олон болоосой, Үнэний төлөөх, МУ-д тогтвортой хөгжлийг бий болгох сэтгэл, зүтгэлтэй орон нутгийн удирдлагыг бүү нухчин дараач, иргэний манлайллыг дэмжээч Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө, хэвлэл мэдээллээр сайхан зүйл ярьдаг ч амьдралд юу ч өөрчлөгдөхгүй байгааг хараач гэж хэлмээр байна.
Төрийн эрх барих өндөр албан тушаалтнуудыг бизнесээс тэр дундаа уул уурхайн бизнесээс ангид байхыг шаардаж байна, Бизнесээ хийх эсвэл төрийн ажил хий аль нэгийг нь л сонго гэмээр байна. “Страто” ХХК-ийн ТЭЗҮ-ийг ашигтай гэж баталсан АМГТГ-ын Эрдэс баялгийн зөвлөлийн шийдвэр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нэрээр Орон нутгийн чанартай замыг улсын чанартай болгосон ЗТХ-ийн сайдын тушаал, бүрдүүлбэр дутуу БОНБҮ баталсан БОАЖЯ- ны мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагааны чиглэлийн бус компанид баяжуулах үйлдвэрийн эрх олгосон АМГТГ-ын шийдвэр, нүүрс угаах үйлдвэрийн газрыг Газрын тухай хууль зөрчиж олгосон Шивээговь сумын ИТХ-ын шийдвэрүүд зэрэг Монгол Улсын төрийн нэрээр гаргасан бүх шийдвэрийг эргэж харж дахин дүгнэлт гаргуулахын төлөө ажиллаж байна. Хэн ч хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах, бизнес хийх эрх зүйт төртэй улс шүү дээ, бид. Бид цаашдаа улам илүү хариуцлага шаардах болно.
-Ярилцсанд баярлалаа.