...
...

Шороон замаар нүүрс тээвэрлэж буйг эсэргүүцсэн Цогтцэций сумын УДИРДЛАГУУДЫН ҮГ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид "Страто" компанийн хууль бус нүүрс тээвэрлэлтийг эсэргүүцэж, тэмцэж буй талаарх мэдээллийг zindaa.mn өнөөдөр хүргэсэн. Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг  сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж байна гэж ярьсан нутгийн иргэдийн үгийг сануулан хүргэсэн.

Тэгвэл одоо Цогтцэций сумын удирдлагуудын үгийг хүргэе.  “Страто” компанийн хууль бус үйлдлийг зогсоохын тулд ажиллаж өдийг хүрсэн ч хүч бяр нь хүрэхгүй байгаа  гэж тэд хэлж байна.

Билгэх багийн засаг дарга Х.Шархүү:  Нутаг орон хэдэн хэсэг хэрчигдлээ

Нүүрсний тээвэрлэлт манай багийн нутаг дээгүүр 50 км газар үргэлжилдэг. Хуссан зам дээрээ дэвсэнэ гээд хаа дуртай газраасаа зөвшөөрөл авахгүйгээр хөрс шороо хуулж авдаг. Манай энэ хавьд гэхэд зүүн тийшээ 3-4 газар ухсан байгаа. Уг нь манай нутаг  мал аж ахуй таван төрлөөр өсгөхөд байгалийн нөхцөл бүрдсэн нутаг. Гэтэл ингээд “Страто” нүүрс тээвэрлээд, Ханги-Мандалын төмөр зам гээд гурав хуваачихсан. Нутаг орон хэдэн хэсэг хэрчигдээд зэрлэг ан амьтан байх боломжгүй. Малчид байнга утсаар ярьж, гомдлоо хэлдэг. Маршрутын гээд гаргасан замаар явдаг уу гэвэл үгүй. Би өөрийн эрх хэмжээнд л  ажлаа хийж байна. Шат шатны байгууллага, мэргэжилтнүүд ирж энэ нөхцөл байдалтай танилцахгүй бол бид эндээ хэчнээн хэлж, яриад нөлөөлөл нь бага байна.

Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч: Тэд үнэхээр бяртай, аархуу байна

Сайжруулсан замаар нүүрс тээвэрлэнэ гэж худлаа. Зам тавигдахгүй бол явуулахгүй. Өнгөрсөн жил явуулахгүй гээд явчихсан л даа. Би бизнесийг эсэргүүцээгүй. Би ямар дүгнэлт хийж байгаа вэ гэхээр надад, энэ  нутгийн иргэдэд,  байгаль орчин энэ сүйрлийн эсрэг тэд үнэхээр бяртай, аархуу, аварга байна.

Анх А.Баттүшиг гэж захиралтай энэ компани тээврийн маршрут батлуулах тухай гээд Зам, тээврийн хөгжлийн тухайн үеийн сайд Я.Содбаатарт хандсан байдаг. Нүүрс тээвэрлэхийн тулд хуулиараа орон нутгийн чанартай биш улсын чанартай зам болох ёстой. Тэр хүсэлтэд нь “Манай компани Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын нутаг дэвсгэрт жилд 1.5 сая тонн нүүрс угаах баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Баяжуулах нүүрсийг Өмнөговь аймгийн Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэнэ. Говьсүмбэр аймгийг дамжин Замын-Үүдээр Эрээн хот дамжин экспорт хийгдэхээр төлөвлөж байна. Ийм учраас тээвэрлэлт хийх маршрутыг баталж өгнө үү” гэсэн байдаг. Замын зэрэглэлийг өөрчлөх эрх нь яаманд байгаа. Түүнийг шийдэхэд орон нутгийн санал авах ёстой юм. Тэр дагуу Я.Содбаатар сайд “Страто” компанийн хүсэлтийг судалж, саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг аймаг руу явуулсан байдаг. Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраас 2019 оны хоёрдугаар 13-наар огноолсон бичиг ирсэн. Би “Та бүгдийн хүсэлтэд дурдсан Цогтцэций сумын нутагт 80-90 км үргэлжлэх зам дагуу 40 гаруй малчин айлын өвөлжөө, худаг ус, малын бэлчээр өртөх бөгөөд өвс нь соргог, ургамлын төрөл зүйлийн бүтэц сайн, хавар, зун, намарт оторчдын олонх нь нутаглаж малаа тарга хүч авхуулдаг тус сумын гол бэлчээр нутаг болох тул дээрх саналыг хүлээж авах боломжгүй” гэдэг хариу өгсөн. Мөн аймгийн Засаг дарга тайлбар явуулсан байна лээ. Түүнд нь маш тодорхой байгаа. Аймгийн Засаг даргын бичигт “Цогтцэций сумын Өгөөмөр, Сийрст багийн нутаг дэвсгэр нь уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2008 оноос хойш тасралтгүй явагдсаны улмаас сумын нийт нутаг дэвсгэрт олон салаа зам бий болж, газар хөрсний эвдрэл, тоосжилт ихээр нэмэгдэж, малын бэлчээр сүйдэж, ан амьтан дайжиж, нэн ховор ургамлыг устгах зэрэг байгаль орчны унаган төрх байдал алдагдах сөрөг нөлөө үүссэн. Орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто зам болгох замыг Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөөр төлөвлөсөн байна. Тус баг нь сумын хэмжээнд уул уурхайд өртөөгүй үлдсэн газар юм. Нүүрс тээвэрт тусгай зам ашиглах үүрэгтэй бөгөөд Засгийн газрын 2018 оны 79 дүгээр тогтоолоор тээврийн зам хатуу хучилттай байхыг заасан байдаг” гэх мэтээр учирласан байсан. Гэхдээ “Страто” компани санасандаа хүрч уг замыг улсын чанартай болгуулж авсан.

 Авто замын тухай хуулийг зөрчиж байна. Зам тээврийн сайд тавдугаар сарын 3-нд тэднийхээр маршрут тогтоогоод улсын чанартай зам болгочихсон. Улсын чанартай болж байгаа юм бол энэ хуулиараа тусгай зориулалтын зам байх ёстой. Энэ замыг хатуу хучилттай болгох ёстой биз дээ. “Страто” гэдэг компани нүүрс угаах үйлдвэр байгуулаад нүүрс тээвэрлэх бизнес хийх надад хамаагүй. Харин би нутаг дэвсгэртээ хуулийн дагуу шаардлага тавих үүрэгтэй шүү дээ. Ашигт малтмал ашиглах, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хууль дүрмүүдийг ч энэ компани зөрчиж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ компанийнхан намайг удаа дараа элдвийн шалтагаар шүүхэд өгч, АТГ-т шалгуулж байсан. Энэ хүмүүсийн арга барил нь тэр. Би аймгийн Засаг даргад санал тавьж 10 сая төгрөг гаргуулж аваад тус компанийн явсан 20 км шороон зам дээр мэргэжлийн байгууллагаар экологийн хохирол тогтоолгосон. 750-иад сая төгрөгийн хохирол төлүүлэх дүгнэлт гаргуулж шүүхэд өгсөн. Зөвхөн 20 км зам дээр шүү дээ. Зөвхөн манай сумын нутгаар явж байгаа тэр 70, 80-аад км газрыг бүгдийг нь оруулбал энэ хэд дахин нэмэгдэнэ. Гол нь Цогтцэций сумын багахан бэлчээрийн талбайг малчид ашиглаж чадахгүйд хүрлээ. Би ямар дүгнэлт хийж байна гэхээр эд нар аймар бяртай хүмүүс юм. Надад, нутгийн ард түмэнд бол аварга л байна. Манай Цогтцэцийн ард түмэнд нэг сайхан юм бий. Хэзээ ч төр засгийн явуулсан ажлыг эсэргүүцдэггүй. Гэхдээ хууль дүрмийн дагуу явмаар байна. Нутгийн ард иргэдийг бодох ёстой биз дээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  ИТХ-ын дарга Г.Бацмаа: Мал,  малчин хоёроо авч үлдэх ёстой

2019 оны хавар Билгэх багийн чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж, бэлчээр, нутаг сүйтгэж байна гэсэн мэдээлэл иргэдээс их ирсний дагуу ИТХ-аас Ажлын хэсэг байгуулж,  хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдийг аваад газар дээр нь очиж үзсэн юм. 2019 оны тавдугаар  сарын 6-нд дөрвөн багийн хурал зарлаж,  сумын ИТХ-ыг нээлттэй хийсэн. Хуралд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, орон нутгийн удирдлагууд оролцсон. ИТХ-ын тэргүүлэгчид шороон замаар нүүрс тээвэрлэхтэй холбоотой асуудлаар  иргэдийн саналыг авсан. Оролцогчид бүгд саналаа хэлсэн. Хурлын тэмдэглэл, малчдын захидал, албан бичгийг Ерөнхий сайдад, УИХ-ын гишүүн Л.Энхболдолд тус тус  хүргүүлсэн.

Малчид уг асуудлаар 2019 оноос хойш санал бодлоо хэлээд, илэрхийлээд, гарын үсгээ зурлаа. Хурлаа хийлэээ. Сум орон нутгийн зүгээс хүсэл шаардлагыг хүргүүлсэн боловч байдал хэвээрээ байна. Манайх хамгийн цөөхөн мал, малчинтай сум. Уул уурхайг хөгжүүлж   байгаа ч мал,  малчин хоёроо авч үлдэх ёстой. Бид үүнийг зогсоохын төлөө л явж байгаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ